Хариуцлагатай уул уурхайд ойлголцол чухал

181487-22032016-1458636153-553713995Уул уурхайн бизнес иргэдийн дэмжлэгт тулгуурлан хөгждөг. Эс бөгөөс гацдагийг судлаачид хэлж байна. Тиймээс иргэдтэй нэгдсэн ойлголтод хүрч, түншлэх нь чухал аж. Гэвч компани болон нутгийн иргэд хооронд ойлголтын зөрүү нийтлэг байдгийг судалгаагаар тогтоожээ. Мөн ойлголтын зөрүүгээс үүдэн дараах үр дагавар гардаг байна.

Нөөц ашигласны төлбөр нь хөдөөгийн хэтийн хөгжлийг тэтгэх учиртай

Тухайлбал, манай уул уурхайн холбогдох хуульд ажиллах хүчний тодорхой хувийг нутгийн иргэдээс бүрдүүлэхээр заасан байдаг. Тэгвэл “орон нутаг” хэмээх үгийг хувийн компани болон иргэд янз бүрээр ойлгодог. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд энэ үгийг аймаг, суурин мэтээр ойлгодог бол энгийн иргэд орд орчмын газар нутгаар төсөөлдөг байна.

Ингээд компаниуд ажиллах хүчнээ квот бүрдүүлэхдээ аймаг, нийслэлийн иргэдийг багтаадаг. Энэ нь нутгийн иргэдийн бухимдлыг төрүүлж, эсэргүүцэхэд хүргэдгийг судлаачид өгүүлэв.

“Орон нутаг”-тай холбоотой дахин нэг жишээ дурдъя. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг орон нутагт хуваарилахаар хуульд тусгасан. Тэгвэл энэ төлбөр мөн л сумаас гадна аймгаар дамждаг. Ингээд орд орчмын иргэд нутгийн баялгийг нь ашигласны төлбөрийг хүртдэггүй байх жишээтэй. Энэ мэт ойлголт зөрснөөс үүдэн олон зөрчил бий болдог аж.

Австралийн Күинслэндийн их сургуулийн Тогтвортой уул уурхайн хүрээлэнгийн судлаач Д.Бямбажав Монгол Улс хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг эрх зүйн орчиндоо тусгасан. Гэхдээ үүнийг хөрсөнд буулгах арга зүйг орхисон гэдгийг тодотгов.

Хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг хуульд тусгасан ч хөрсөнд буулгах аргазүйг орхисон

Үүнээс үүдэн компаниудын нийгмийн хариуцлага болон түүнд тавих хяналт сулардаг байна. Нөгөө талаас нөөц ашигласны төлбөрийн зарцуулалтыг хөндөж байлаа. Энэ төлбөр нь хөдөөгийн хэтийн хөгжлийг тэтгэх учиртай. Уул уурхайгаас бий болсон мөнгө бусад салбарыг босгох ёстой. Гэвч үүнийг дунд сургуулийн дээвэр засах, наадам зохиох төдийхнөөр үр ашиггүй зарцуулдаг тохиолдол олон гарчээ. Тиймээс орон нутгийн урт хугацааны мастер төлөвлөгөөнд тусгасан ажилд зарцуулах нь чухал байгаа аж.

Хөдөөд уул уурхай дагасан жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрчимтэй хөгжиж буй. Тухайлбал, Төв аймгийн Заамар суманд хүнс болон зоогийн газар зэрэг үйлчилгээний салбар хөгжжээ. Гэхдээ энэ нь мөчлөг дагасан түр зуурын сэргэлт байхыг ч судлаачид үгүйсгэхгүй байна.

Мөн хувийн компаниудын худалдан авалт орон нутгийн хөгжилд чамгүй дэмжлэг болдог байна. “Гэхдээ компаниуд худалдан авах бараа, үйлчилгээний талаар мэдээллээ үйл ажиллагаа эхлэхээс урьтаж иргэдэд өгөх, үйлдвэрлэл эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх ёстой” гэж МУБИС-ийн багш, “Иргэний шийдэл” хүрээлэнгийн захирал Э.Гэрэлт-Од хэлж байна.

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр эрдэмтэн, судлаачид, олон улсын байгууллагууд чууллаа. Энэ үеэр зөрүүтэй ойлголтыг нэгтгэхийн тулд Хариуцлагатай уул уурхайн сургалтын хөтөлбөр боловсруулснаа танилцуулав. Энэ хөтөлбөрийг НҮБ болон Их Британийн Засгийн газар хамтран боловсруулжээ.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих