Шинэ цолтнуудын мэнгэ голлосон тэмцээн

3-22-7_700x700

Японы мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн буюу Харү башё эхлээд найман өдөр нь өнгөрлөө.  Энэ үеийн тоймыг хүргэе.

Энэ удаагийн тэмцээн нэг сонирхолтой ч юм шиг л эхэлсэн дээ. Аваргууд эхний өдрүүдэд унаад л… Сүрхий цоорхой санагдахаар сүмоч нэг л харагдахгүй л тэмцээн тэхий дундаа оров доо. Хэн түрүүлэхийг хэлэхэд хэцүү. Бүр төсөөлөөд ч дийлэмгүй байгаа. Найман өдрийн дараа озеки Кисеносато л нударга зааж уналгүй башёг ганцаараа тэргүүлж байна. Сайн бөх сайнаараа л байдаг аж. Тэр тун ч хийгүй хашир барилдаж байна. Гэхдээ түүнийг босоо чигээрээ тэмцээн өндөрлүүлж японуудын олон жил хатсан элгийг дэвтээх нь гэж хэлэх гэсэнгүй. Азгүй л хүндээ. Түрүүлж чадахгүй ч аварга цол өгье гэхэд л өнхрөөд өгсөн нөхөр шүү дээ. Өмнөх тэмцээнд Котоошогикү түрүүлсэн. Тэгвэл энэ удаа дахиад япон бөх түрүүлдэг юм бол сүмогийн эх орныхон багтаж ядталаа баярлах биз. Кисеносатогийн ард их аварга Хакүхо, ёкозүна Какирюү, озеки Котоошогикү, Гоэйдо, маэгишира Икиой нарын таван бөх долоон даваатай нэхэж явна. Түрүүлэх магадлалтай бөхийн тоонд орж явдаг ёкозүна Харүмафүжи хоёр, озеки Тэрүнофүжи гурван унаатай болчихлоо. Хэн хэнд нь бэртэл саадтай байгаа юм билээ. Харин энэ башёгийн нэг онцлог нь шинэхэн цолтнуудад халгаатай байх шигээ. Арай гайгүй барилдчих болов уу гэж хардаг хэд нь цолд хүрсэн. Гэтэл тэд нь цолоо хадгалах найдвар алга. Секиваке Ёшиказе, Тоёоношима, комүсүби Точиазан, Такарафүжи нар дээд тал нь ердөө хоёр даваатай байна. Тэд үлдсэн долоон өдөр бүгдэд давахгүй л бол цолтны эгнээнээс хусагдах нь бололтой. Мэнгэ голлосон юм болов уу даа тэдний.

Итгэлгүй Ичиножёо гэж нэг хүн бий. Тун гайгүй барилдаж байгаа мэт харагдавч бас л бишээ. Одоо зургаа давж, хоёр унаад байгаа. Уг нь түүнээс үзэгчид илүү амжилт нэхдэг юм шүү дээ. Монгол сүмочдоос Тамаваши Баасандорж дөрөв, Кёкүшүхо Эрдэнэбаатар нар 4-5 давлаа. Яахав тавин хувиа хийх боломжтой байх. Тэгэхээр дээд зиндаанд барилдаж байгаа манай сүмочдоос сугарч үлдэх хүн гарахгүй гэж хэлж болмоор байгаа юм. Японы сүмочдоос Кисеносатогоос, Котоошогикүгээс өөр магтахаар хүн бараг алга. Одоо зургаан даваатай байгаа Миёогирюү, тав давсан Шёодай нар л байна уу даа. Цолд ойрхон гэгддэг Такаясу, Шохозан, Окиноүми болон гадаадын бөхөөс Точиношин нарыг одоо ганц даваатай байна гэхэд үнэмшимгүй л юм шиг. Өчигдөр, өнөөдрөөс аварга, арслангууд хоорондоо барилдаж эхэлнэ. Гал гарсан гайгүй барилдаан олон байх болтугай даа.

Д.Надмид

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих