М.Энхсайхан: Канадын томоохон бизнесментэй уулзахад Оюутолгойд танай эзэмших хувь 5.4 юм байна лээ гэж хэлсэн
ҮШН-ын дарга асан М.Энхсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын баталсан ирэх оны төсвийг та хэрхэн харж байна. Төсөвт хүмүүс их шүүмжлэлтэй хандаж байгаа?
-Хуучин парламентад төсөв хэлэлцэж байх үед нэг нь нөгөөгөө хянадаг байсан. Харин одоо хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар цөөн хэдэн хүнээс бусад нь нэг дээвэр дор нэг намтай болж хувирсан байна. Ирэх оны төсөв зарлага нь дэндсэн, ямар ч үйлдвэржилтгүй төсөв болсон. Энэ ялзрал дээд цэгтээ хүрч байж зогсох байх. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсад нэг ч үйлдвэр баригдаагүй. Засгийн газар нь хөдөөний эрх ашгийг хэт хамгаалсан бодлоготой. Ийм тохиолдолд хаана ч үйлдвэр барих асуудал яригдахгүй шүү дээ. Үүнд төрийн тогтолцоо буруу байгаа нь нөлөөлж байгаа юм.
-Тэгвэл танай нам хөгжлийн бодлогыг тодорхойлох уу?
-Өндөр хөгжсөн орнууд өөр өөрийн гэсэн арга барилтай байдаг. Тэр болгоныг нь хуулаад авчих боломж байдаггүй. Учир нь, тэдгээр улс орнууд өөрийн гэсэн үндэсний үзэлтэй байдаг учраас тэр. Тэр үндэсний үзэл нь хөгжлийн бодлого нь байдаг. Тиймээс бид үндэсний үзлээ хамгаалж үлдэх хэрэгтэй.
-Сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд эрх барьж буй хоёр нам ирэх онд иргэдэд 805 тэрбум төгрөг тараах нь. Энэ мөнгөний эх үүсвэр нь уул уурхайгаас орж ирэх барьцаа хөрөнгө гэж тусгасан. Энэ байж болох зүйл үү?
-Улс төрийн намууд амласан амлалтаа биелүүлэх ёстой. Хэрвээ амлалтаа биелүүлэхгүй бол худал хэлж байж төрийн эрхийг авсан нь нотлогдоно биз дээ. Харин амлалтаа биелүүлэх гэж байна гээд улс орноо 20, 30 жилийн өрөнд унагах гэж байвал энэ байж болохгүй асуудал. Тэгэхээр энэ хоёрынхоо сонголтыг л зөв хийх хэрэгтэй.
-Сүүлийн үед том, жижиг гэлтгүй улстөрийн намууд хөдөлгөөнд орж байна. Ардчилсан намынхан даргаа огцруулна. МАН-ын зарим гишүүн хуучин нэрээ сэргээнэ гээд л. Та үүнийг ямар өнцгөөс харж байна вэ?
-Би эдгээр намын дотоод асуудлыг ерөөсөө сонирхохгүй байгаа. Яагаад гэхээр, энэ бол зарим талаараа орчин үеийн монголчуудын араншинг харуулж байна. Тэдний хэн нь дээрээ, хэн нь доороо байх нь ерөөсөө асуудал биш. Ер нь бол хүний үзлээр 20 жил явж, алдсан алдаагаа түргэн ухамсарлах хэрэгтэй. Хүний үзлээр явбал бид хол явахгүй. Ардчилсан нам нь ч МАН нь ч ялгаагүй. Одоо ч гэсэн хүний үзэл ярьсан хэвээрээ байгаа нь харамсалтай. Үүнийгээ өөрчилж чадахгүй бол бид босч чадахгүй. Тэгвэл хүний тоглоом болж, бусдын эрхшээлд амархан орно. Тархийг чинь угаагаад байна шүү дээ. Тэр утгаараа ялгааг нь би ингэж хэлээд байгаа юм. Монгол хүний үндэсний үзэл нь зүрхэндээ байдаг юм. Харин гадаад үзэл тархинд нь байдаг. Архи уусан үедээ гэнэтхэн зүрхнийхээ үзлийг ярьдаг. Тийм биш байгаасай. Гадаад үзлээ доош нь хийгээд зүрхний үзлээ өдөр тутмын амьдрал болгон хувиргавал монголчууд урагшаа явна. Үүнийг түргэн урагшаа явуулахын тулд улс төрийн намууд үүрэг рольтой байх хэрэгтэй. Гэхдээ юун түрүүнд үүнийгээ түргэн ойлгооч ээ гэж хэлэх гээд байгаа юм. Үүнийг өдөөж өгөхийн тулд манай нам ажиллаж байна. Бид тэднээс юу ч булаахгүй. Авах шаардлага ч байхгүй. Асуудлын гол нь Монголын нийгмийг хурдан өөрчилж, хөгжлийн замд оруулах хэрэгтэй.
-Сая ардчилсан хувсгалын 20 жилийн ой болж өнгөрлөө. Мөн Ардчиллын төлөөх таван нам нэгдсэний 10 жилийн ой болсон. Өнгөрсөн хугацаанд энэ намууд нийлснээр ардчиллын төлөөх зорилгоо биелүүлж чадсан уу. Та бас удирдах албан тушаалд байсан хүний хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Зөвхөн ардчилал гэдэг нарийхан өнцгөөр харвал монголчуудад ардчилал хангалттай ирсэн. Үүнийг үгүйсгэж болохгүй. Бид бараг дэврүүн ч гэх юм уу, давруун ч гэх юм уу тийм хандлага руугаа явчихсан улс. Ардчилал бол ач буянаа өгсөн. Үүнийг ерөөсөө үгүйсгэж болохгүй. Гэхдээ аливаа нийгэм хөгжихөд зоосны хоёр тал гэдэг шиг нэг тал нь ардчилал нөгөө тал нь үндэсний үзэл байдаг. Ардчилал гэдэг бол хувь хүний эрх ашиг, үнэ цэнийг өргөж өгдөг. Гэхдээ хувь хувиараа яваад бид өнөөдөр глобальчлагдаж байгаа нийгэмд нийтээрээ ялж чадахгүй. Бүгдийг нийтээрээ зүтгэж байж ялж чаддаг гэдгийг ойлгуулахад үндэсний үзэл хэрэгтэй байгаа байхгүй юу.
-Та “Бид 20 жил хүний үгээр явлаа” гэж хэлсэн. Ардчилсан намыг удирдаж байх хугацаандаа та үндэсний үзлийг хэр гаргаж байсан бэ?
-Би ч гэсэн ардчилсан хөдөлгөөний эхэнд явж, Ардчилсан намыг хэд хэдэн удаа удирдаж байсан хүний хувьд өнгөрсөн хугацаанд хийсэн оноо гэхээсээ илүү алдаа нь надтай холбоотой. Гэхдээ хамгийн гол нь хэдийгээр ололт амжилт байгаа ч гэсэн буруу явж байжээ. Үүнийгээ хурдан засах хэрэгтэй гэсэн сэтгэлд түрүүлж хүрч байгаад асуудал байгаа болохоос биш би үгүйсгээгүй. Бусдыг хурдан хүрээч ээ, алдаагаа засаач ээ. Ахиад 20 жил ардчилал ярьвал Монгол Улс хол явахгүй гэдгийг хэлээд байна. Бид өнөөдөр үндэстэн улс гэдэг зүйл рүүгээ хандаж байж л цааш явна. Тэгвэл хүний тоглоом болохүй.
-Та түрүүн ялзарч байна гэж хэлсэн…?
-Аливаа өвчин эцсээ тултал бугшиж байж эдээ бээр нь гардаг биз дээ. Тэр бугшилт нь л хурдан дуусаасай.
-ҮШН “Амлалт нэхэх ард түмний холбоо”-той хамтран үйл ажиллагаа явуулах болсон. Үүний цаана Н.Энхбаяр, М.Энхсайхан нар байгаа гэх хардлага нийгмэнд байдаг нь нууц биш. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Энэ бол зүгээр л нэг уран сайхны зохиомж. ҮШН анх байгуулагдахдаа бусдаас өөр байя гэж зорьсон юм. Бусдаас өөр гэж юу хэлээд байгаа юм гэхээр урд нь туг бариад хөөе миний араас гэж гүйдэг биш ард түмэн төрийн эрхийг барихад нь гүүр болдог нам байя гэж зорьсон. Тэр ч утгаараа бид эдгээр иргэний хөдөлгөөнүүдэд өөрсдийнхөө орон зайг тавьж өгч байгаа юм. Тэд манай намаар дамжуулж шинэ төлөв байдлаар ажиллах боломжийг нээн өгч байгаагаараа бид гүүр нь болж байна. Түүнээс биш бид тэднийг даргалаад байгаа юм биш. Бид эрх баригч намууд шиг даргалдаг нам болмооргүй байна.
-МАХН-аас Н.Энхбаяр, Ардчилсан намаас таны нэр нийгэмд үүсч буй буруу үйлдэл бүхний ард гардаг?
-Харин тэднийг дагаад битгий шуур л даа. Худлаа л байхгүй юу. Шуураад байгаа чинь л буруу.
-Улс төрийн гуравдагч хүчнүүд нийлэх тухай асуудал яригдаж байна. Таны бодлоор энэ зөв үү. Хэр боломжтой вэ?
-Бид дотроо ярьдаг. Энэ хоёр намыг нэг, хоёр бусдыг нь гуравдагч гэж хараад байна гээд. Яг үнэндээ үндэсний эрх ашгаа барисан нь л нэгдэгч болдог байхгүй юу. Гадаад үзлээ барсан нь хоёр, гурав, дөрөв гэж явах ёстой. Тэр утгаараа би нэгдэгч байхын төлөө л үзнэ.
-Нэгдэх асуудыг улс төрийн бусад намтай ярьж үзэв үү?
-Яриагүй. Аливаа улс төрийн байгууллагууд хоорондоо нэгдэн нийлэхийн өмнө эхлээд ярилцах хэрэгтэй. Одоохондоо тэр процесс л явагдаж байна. Түүнээс биш бодит шийдэлд хүрсэн асуудал байхгүй.
-Магадгүй экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр тантай үзэл санаа нийлж байна. Хоёулаа хамтаръя гэвэл та зөвшөөрөх үү?
-Өнөөгийн нөхцөл байдал юу хэлээд байна гэхээр нэгэн дээвэр дор орсон эрх барьж байгаа намуудын олигархижсан байдлыг эвдэхийн тулд үлдэж байгаа хэд нь нэгдэх хэрэгтэй.
-Танай намын хувьд сөрөг хүчин болж чадах уу?
-Сөрөг хүчин гэдэг зүйлийг битгий яриасай гэж би дандаа хэлдэг. Сөргөлдөхөөр дандаа зөв болдог гэж ойлгож болохгүй.
-Хамтарсан Засгийн газрын “буянд” парламентад суудалтай намууд бие биедээ хяналт тавих, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх асуудал үндсэндээ алга болсон гэж хоёр намын гишүүд ярьдаг. Энэ утгаар хатуу, чанга хяналт тавих л гэж асуугаад байна л даа?
-Эсрэг зүйл ярьж байгаа хүнийг хянаад байх бас хэрэггүй. Хамгийн гол нь зөв талаас нь ярих ёстой. Та нар анзаардаг бол бид сөрөг гэдэг зүйлээс байнга зайлсхийдэг. Угаасаа сэтгэлгээний хувьд энэ нь буруу. Монгол ухаанд хөтөлгөө морь шиг явъя гэж ярьдаг шүү дээ. Жинхэнэ уналга болон явж байгаа нам нь хөтөлгөө мориныхоо үгийг сонсдог байх ёстой. Нэг л зүйлийн төлөө явж байгаа учраас тэр. Хамгийн гол нь энэ хэд чинь олигархижаад хүний үзэлд автчихаад, хүний хэлсэн ярьснаар толгойгоо угаалгаад, тэдний тоглоом болоод байгаа нь хамгийн хэцүү зүйл болчихоод байна.
-Хүний үгээр гэж та гадны нөлөөгөөр явж байна гэж хэлэх гээд байна уу?
-Үзэл баримтлалыг нь л харчих. Тэнд монгол үг байна уу, үгүй юу гэдгийг. Социализм гэдэг юм уу, либерализм ч гэдэг юм уу. Энэ үг монгол үг мөн үү. Үүнийг хэн ойлгох юм. Ер нь орчин үеийн нийгэм тэгж явахаа болчихсон шүү дээ.
-Араасаа байнга шүүмжлэл дагуулж байдаг Оюутолгойн гэрээнд засвар хийхээр болсон. Зарим тохиолдолд манай эзэмших хувь 6-7 гэж ч яриад байгаа. Харин Засгийн газрын тэргүүн, гэрээг үзэглэсэн сайд нар нь 34 хувь хэвээрээ гэж удаа дараа мэдэгдсэн. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Би энэ асуултад өөрийн биш гаднын хүний үгээр хариулъя. Сая гадаадад уулзалтад оролцох үеэрээ Канадын томоохон бизнесментэй уулзсан. Тэр хүн надад яг үнэндээ танай эзэмших хувь 5.4 хувь юм байна лээ. Яаж ингэж болдог юм бэ. Улс үндэстэнээр нь ингэж хуурч болохгүй биз дээ. Би үүнд үнэхээр харамсч байна гэж хэлсэн.
-Засгийн газраас манай эзэмших хувь ямар ч тохиолдолд 34 хувь байна гэж Ерөнхий сайд өөрөө мэдээлэл хийсэн шүү дээ?
-Хэдийгээр Засгийн газар ам хэлээрээ зөвшөөрөөгүй ч гэсэн үйл хөдлөлөөрөө хүлээн зөвшөөрчихлөө шүү дээ. Гэрээг засна гэсэн биз дээ. Ингэхдээ тэд манай монголчууд сайн ойлгохгүй болохоор ойлгогдохоор засна энэ тэр гэж ярьж байна. Үнэн хэрэг дээрээ алдаа хийснээ хүлээн зөвшөөрч л байгаа байхгүй юу, тэд. Бид анхнаасаа алдана шүү, болохгүй шүү гэж олон удаа хэлж анхааруулж байсан. Тэр ч байтугай би арай жаахан хэтрүүлсэн байж магадгүй, гэрээ хийж байгаа сайдууд нь залуудаад байна гэж хэлж л байсан. Залуу хүн зоригтой байдаг ч алдаа гаргах тохиолдол их. Гэхдээ алдаж болно, гол нь нэн даруй засах л хэрэгтэй.
-Оюутолгойн гэрээг засах асуудалд та дуу хоолойгоо хүргэх маягаар ямар нэгэн байдлаар оролцох уу. Аль эсвэл гаргасан алдаагаа өөрсдөө засаг гэж бодож байна уу?
-Өөрсдөө засах хэрэгтэй, гэрээ байгуулсан хүмүүс нь. Миний хувьд Засгийн газар өөрсдөө засах хөдөлгөөн гаргаад эхэллээ гэж харж байна.
-Гэрээний засварын асуудлыг оноос өмнө шийднэ гэж байсан. Мөн Тавантолгойн асуудлыг оноос өмнө шийднэ. Манайхан баяр ёслолын үеэр нийгмийн анхаарал өөр зүйлд чиглэж байх үед үндэсний хэмжээний томоохон асуудлыг шийддэг жишигтэй. Анх Оюутолгойн гэрээг батлахдаа наадмыг дарайруулж байсан. Энэ бас хардах нэг шалтгаан мөн байх?
-Ер нь үндэстэн дамнасан гаднын компаниуд ганц Монголтой биш өөр улс орнуудтай гэрээ байгуулахдаа маш олон хуудас материал ирүүлдэг. Жишээ нь Хятад том гүрэн. Хэр баргийн хүнд тийм ч амар хууртагдчихаар улс биш. Гэхдээ л 600 хуудас гэрээн дотор ганцхан хуудас материал өөрсдийг нь эргүүлээд алах хэмжээний алдааг нь хийчихсэн байдаг. Тэгсэн манайд 30 хуудас материал ирүүлэхэд 5-6 хуудсанд нь алдаа байж л байдаг. Тэгэхээр бид өндөр төвшинд хүрэх хэрэгтэй. Дараа дараагийн гэрээнүүдэд алдахгүй биш алдах л байх. Гэхдээ хамгийн гол нь алдаагаа хурдан засч байх хэрэгтэй.
-Гэрээний засварт хяналт тавих асуудалд…?
-Зөв чиглэл рүү нь залж чиглүүлэх хэрэгтэй. Энэ талаар бид бишгүй л хэлж байгаа.
Ц.Пүрэвжав
URL: