Увсыг газрын тосны лицензээр эзэлсэн “Гладвилл”-ийн түүх

ok

“Өмнөговийн Ханбогд, Цогтцэций сумынхантай өөрийнхнөө жишдэг юм. Оюутолгой, Тавантолгойг харахад сум орны хөгжилд тэр байтугай хөрөнгө оруулалт хийдэг. Харин манай нутагт ашигт малтмал гарлаа гээд энэ гэж хэлэх бүтээн байгуулалт алга”. Энэ бол Дорнод аймгийн Матад сумын Засаг дарга Ж.Баатарын яриа.

Өнгөрсөн намар Дорнодын Тамсагийн орд дахь газрын тосны мөрөөр сурвалжлага бэлтгэх үеэр Матад сумыг зорьж очин түүнтэй хийсэн ярилцлагын маань эхлэл энэ.

Одоогоос 20 гаруй жилийн өмнө газрын хэвлий доороос нь хар алт гарч, Матадын иргэдээс Ерөнхийлөгч хүртлээ баярлан хөөрч, Монгол Улсын хөгжлийн шинэ үүд нээгдлээ хэмээн дуу алдацгааж байв. Тэгвэл тэртээх он хэдэнтээ улирч, 20 гаруй жилийн дараах Матад сумын дүр төрхийг Засаг дарга Ж.Баатар ийнхүү гурван өгүүлбэрээр илэрхийлсэн хэрэг.

Газрын тосны төлөөх дайн дэлхийг хөмрөхөд ч бэлэн байгаа өнөө цагт Монголын газар нутаг доорх хар алт үнэд “хүрэхгүй” 25 жил өнгөрсөн, Тамсгийн ордоос Засгийн газарт оруулсан хөрөнгө оруулалттодорхойгүй, сум орны хөгжилд урагшлах ташуур өгөөгүй, байгаль орчин доройтон мөхсөн шалтгааны хариултыг олж ядах зуур Монгол орны нөгөө өнцөгт бас нэгэн Тамсаг “нээгдэв”. Тэр бол Увс-1 талбай.

Увс аймгийн 19 сумаас 14-ийнх нь газар нутгийг хамарсан “Увс-1 ” талбайд өнгөрсөн жил манай Засгийн газар БНХАУ-ын засаг захиргааны нэгж болох Хонгконгийн хөрөнгө оруулалттай “Монголиа Гладвилл Увс Петролиум” компанитай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан, хайгуулын үйл ажиллагаа эхэлсэн зэргээр жил хүрэхгүйн хугацаанд бүх ажиллагаа шуудрав.

Газрын тосны салбартаа сонгодог жишээ болсон Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэр дэх Тамсагийн ордын шидийг гаргаж чадаагүй байхад дахин том хэмжээний талбайг гадныханд өгөөд ямар үр дүн хүлээх вэ. Хэн гэгч эрх мэдэлтэн ямар хууль журмаар нэг аймгийн нийт сумын гуравны хоёрынх нь газар нутгийг гадны компанийн мэдэлд өгөв, тэр их талбай дээрх хайгуулын үйл ажиллагаа Увс аймгийн толь болсон Увс, Хяргас нуур, онгон дагшин байгальд хэрхэн нөлөөлөх вэ, газрын тосны хайгуул нутаг оронд хөгжил авчрах уу.

Энэ олон асуултын хариултыг нутгийн иргэд мэдэхийг хүсч буй ч удирдлагуудаасаа тэр дундаа Бүтээгдэхүүн хуваах горээ байгуулсан, мэдээлэлд ойр байдаг эрх мэдэл бүхий хүмүүсээс асууж зүрхлэхгүй сууна. Гэтэл хайгуулын зөвхөн эхлэл хэсэгт байгаль орчин сүйдэж тэнгэр баганадсан шороон шуурга босдог, газар нутаг, бэлчээрээ хамгаалсан залуусын эрхийг хязгаарладаг болсон зэрэголон ноцтой мэдээлэл бидэнд ирсэн юм. Түүгээр зогсохгүй аймгийн удирдлагууд компанийн хөрөнгөөр гадаадад зугаалж, хандив нэрээр их хэмжээний мөнгө авсан тухай ч мэдээлэв.

Онцгой энэ ашигт малтмалын шанг татаж амжаагүй байхад байгаль орчин, малчин иргэдийн асуудал хөндөгдөж, нөгөө талд гадны компани, нутгийн удирдлагууд хууль бус ажиллагаа хийж байж болзошгүй эдгээр мэдээллийн үнэнийг эрж “Увс аймаг дахь “Увс-1” талбайн хайгуулын мөрөөр сурвалжиллаа.

Увсад газрын тосны нөөц илрэхгүй, тэгвэл…

Монгол Улсын газрын тосны салбарын түүх 1922 оноос эхлэлтэй. Манай орны говийн бүс нутагт геологийн судалгаа явуулж мезозой ба гуравдагчийн хурдасны ангилал хийж, газрын тосны гарал үүсэлтэй холбоо бүхий шатдаг занарын илрэл олж тогтоосон Америкийн геологич Х.Беркли, Ч.Морис, 1931 онд Монгол оронд газрын тос байж болох таамаглал дэвшүүлсэн Д.Теннер, 1940 онд Дорноговийн сав газарт газрын тосны илрэл олсон Ж.Дүгэрсүрэн, Ю.С.Жедубовский нарын судалгаа, шинжилгээний ажлаар Монгол орны газрын тосны эрэл хайгуулын ажил эхэлжээ.

Харин 1947-1963 онд зөвлөлтийн геологичдын хийсэн газрын тосны судалгааг салбарын эрдэмтэд хамгийн томоохон. үнэнд ойр гэж үздэг. Зөвлөлтийн геологичдын ажлын үр дүнд хоёр жижиг орд, 80 гаруй газрын тосны хуримтлал байж болох гүний бүтцийг илрүүлж, нийт нөөцийг нь 6.2 сая тонн гэж тогтоож байжээ. Гэвч 1980-аад онд зөвлөлтийн хэсэг геологичдын хийсэн дүгнэлтээр монгол оронд газрын тосны том орд үүсэх геологийн нөхцөл хязгаарлагдмал байсан гэж үзээд газрын тосны эрэл хайгуулын ажил хийх нь эдийн засгийн хувьд ашиггүй гэсэн дүгнэлт хийжээ.

Харин дахин судалгаа явуулж манай орны тунамал хурдастай нутаг дэвсгэрт газрын тос илрүүлэх төлөв байдлын ангилал хийж 13 сав газрыг хамарсан 22 талбай ялгасны нэг нь “Увс-1” талбай юм. Геологийн салбарынхан Монгол орны хэмжээнд газрын тосны орд илрүүлэх боломжтой гэж үздэг ч дээрх ялгасан талбайнуудаас томоохон орд одоог хүртэл илрээгүй байна. Тэр тусмаа “Увс-1” талбайн хувьд бүрхэг гэдгийг олон эх сурвалж мэдээлсэн юм.

Энэ талаар Увс аймгийн захиргаанд олон жил ажилласан нэгэн эх сурвалж “Увс аймаг уул уурхайн баялаг арвинтай. Алт ч бий, төмөр ч бий. Харин газрын тос бол байхгүй. Үүнийг манай нутагт ирж ажилласан гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаач баталсан. Увс аймагт газрын тосны нөөц байх геологийн нөхцөлгүй гэсэн” гэв. Тэгвэл энэ мэдээллийг газрын тосны салбарын цөөхөн эрдэмтдийн нэг доктор, профессор Ц.Багмид гуай ч баталсан юм. Тэрээр 1947-1954 онд судалгаа хийсэн Оросын геологичид манай улсад газрын тосны ирээдүй байхгүй, том орд илрэхгүй гэсэн. Увсад бол маш бага магадлалтай гэж геологийн эрдэмтэд хэлж байсан. Том талбайд хайгуул хийхээр болсон нь өөр зорилготой болов уу” хэмээн тайлбарласан. Харин өөр эх сурвалж Увсаас цөмийн элемент гарч болзошгүй гэсэн мэдээллийг өгч байв.

“Монголиа Гладвилл Увс Петролиум” компани Увс аймагт найман жилийн хугацаагаар. газрын тосны хайгуул хийхээр гэрээ байгуулсан. Хэрэв мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаа энэ үндэслэл үнэн болж таарвал яах вэ. Бүтээгдэхүүн хуваах гэрээ ёсоор хайгуулын үйл ажиллагаанд их хэмжээний хөрөнгө оруулсан компани орхиод гарахгүй нь ойлгомжтой. Үүнийг манай мэргэжлийн байгууллага, салбарын хүмүүс хэрхэн тооцоолсон нь сурвалжлагын явцад бүрхэг байлаа.

Тамсагийн ордоос хоёр дахин том талбайтай “Увс-1”

Одоогоос жил орчмын өмнө буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны Засгийн газрын тогтоолоор 162 дугаар тогтоолоор Бүгээгдэхүүн хуваах гэрээ байгуулахыг албан ёсоор зөвшөөрчээ. Үүний дагуу тавдугаар сарын 4-нд Газрын тосны газар “Монголиа Гладвилл Увс Петролиум” компанитай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, хайгуулын үйл ажиллагааг эхлүүлсэн тухай мэдээллийг Газрын тосны газрынхан өгөв.

“Увс-1” талбайн хэмжээ 19720 км.кв. 69 585 км хавтгай дөрвөлжин талбайтай Увс аймгийн газар нутгийн гуравны нэг гэсэн үг. Газрын тосны хайгуулын талбай тус аймгийн 19 сумаас Баруунтуруун, Давст, Завхан, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Тариалан, Түргэн, Тэс, Хяргас, Улаангом гэсэн 14 сумын нутаг дэвсгэрийг хамарчээ. Уул уурхайн яамны цахим мэдээлэлд дурдсанаар Монгол улсын газар нутаг дээрх газрын тосны хайгуулын 22 талбайн хамгийн их хэмжээтэй, хамгийн олон сумын газар нутгийг хамарсан нь “Увс-1” болж таарав.

Энэ нь “Петрочайна дачин тамсаг” компани Дорнодын Тамсагийн ордод хайгуул хийсэн талбайтай харьцуулбал хоёр дахин том талбай. Хайгуулын талбай зөвхөн 14 сумын нутгийг хамраад зогсохгүй Увс, Хяргас нуурыг бүсэлсэн нь байгаль орчны хувьд асуудал үүсч болзошгүй байгаа юм.

Энэ тухай Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга М.Анхбаяр “Газрын тосны хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий “Увс-1” талбайн хамгийн ойр цэг нь Увс нуураас 1.1 км-т, солбицол нь 93,05,18: 50,11,32 оршиж байна. Энэ солбилцол манай хязгаарлалтын бүс орчны бүсийн зааг дээр байна” гэсэн нь анхаарал татахаар байгаа юм.

Үргэлжлэл бий.

Б.Энхзаяа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: zolo Огноо: 22 March 2016

nyamdorjoso asuuhgui yasiin? bugdig medii shu geedeg bizdee

Сэтгэгдэл бичих