Б.Катуу: Tууль хайлах язгуур уламжлалаа хадгалж үлдсэн ганцхан үндэстэн нь Монголчууд
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн аман зохиол судлалын секторын эрхлэгч, шинжлэх ухааны доктор Б.Катуутай хөөрөлдлөө. Тэрбээр монгол туулийг дагнан судалдаг цөөхөн эрдэмтний нэг бөгөөд “Монгол хуримын ба домогт дуу”, “Монгол туульсын бэлгэдэл”, “Монгол тууль судлалын зарим асуудал”, “Монгол туулийн дүрийн тогтолцоо”, “Монгол туулийн дүрийн бүтэц, хэв шинжийн судалгаа” зэрэг олон арван судалгааны бүтээл хэвлүүлжээ.
- Та туулийг хэзээнээс сонирхож, судалж эхэлсэн бэ?
-Би 1977 онд тухайн үеийн Улсын багшийн их сургуулийг төгсөөд Шинжлэх ухааны хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар орж, аман зохиол, монгол тууль судлалд шимтсэн хүн. Хүн төрөлхтний оюуны соёлын гайхамшигтай бүтээл бол тууль юм. Эртний Грек, Ромын“Илиада”, “Одиссей”, Францын“Орланд баатрын дуулал”, Энэтхэгийн “Рамаяана”, “Махабарата”, Оросын “Игорийн хорооны тууж”, Киргизийн “Манас”, Германы “Нибулингийн дууль”, Хасагийн“Алтамиш” зэрэг тууль байдаг. Эдгээр бүтээлээс дутахгүй туулийг бидний монголчууд тэднээс өмнө бүтээгээд оюун ухааныхаа цангааг тайлж байсан билээ. Жишээ нь, “Жангар”, “Гэсэр”, “Хан Харанхуй”, “Эргэл түргэл”, “Бум Эрдэнэ”, “Дань хүрэл”, “Хүдэр мөнгөн тэвнэ”, “Хүрэл алтан дөш” гээд олон сайхан бүтээл байдаг. Бид энэ гайхалтай оюуны бүтээлүүдээ дэлхийд таниулж чадаагүй байна. Манай Монголд нэг хоёроор биш, зуу зуугаар тоологдох тууль байдаг. Дэлхий дээр туульгүй үндэстэн олон байдаг юм шүү дээ.
-Та“Монгол туулийн бэлгэдэл” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Энэ судалгааныхаа талаар ярьж өгнө үү?
-1983 онд дэд эрдэмтний зэрэг хамгаалж байлаа. Монгол тууль дахь тоо, зүг чиг, өнгө, дүрсийн бэлгэдлийг судалсан юм. Тооны бэлгэдэл дээр жишээлбэл нэгийн тоо бол ертөнц дээрх цорын ганц зүйлийг бэлгэддэг. Хүн төрөлхтөн эрт цагт нарт ертөнцөд байгаа нар, сар гэх мэт ганцхан байдаг зүйл агуу, дахин давтагдашгүй юм байна гэж ухаараад нэгийн тоог бэлгэдэх бэлгэдлийг бий болгосон. Ингээд туульд нэгийн тоогоор юунд ч дийлдэшгүй хүчирхэг ганц баатрыг бэлгэдэн дүрслэх болсон. “Бум Эрдэнэ” туульд Бум Эрдэнэ, “Жангар”-т ч ялгаагүй ганц баатрын амьдрал л гарч байгаа юм. Энэхүү бэлгэдлийн зүйлсээ монголчууд ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн байдаг. Жишээлбэл хүүхдийн сэвлэг үргээх үйл байна. Эрэгтэй хүүхдийг гурав эсвэл таван настайд, эмэгтэй хүүхдийг хоёр юм уу дөрвөн настайд нь сэвлэгийг нь үргээдэг. Үүнээс арга билгийн нэгдэл гарч ирж байгаа биз. Монгол туульсад хүүхдийн даахийг нь үргээгээгүй үед Хараа, Бороо, Шараа, Улаанаа гэж ерөнхийлөн нэрлэсэн байдаг. Тийм учраас “Толгойд нь тонгоргоны үзүүр хүргээгүй байна, тунхаг сайхан биед нь тэрний энэ гэсэн нэр өгөөгүй байна” гэж гардаг. Гурван нас хүрэхээр нь толгойд нь тонгоргоны үзүүр хүргээд тунхаг сайхан биед тэрний энэ гэсэн нэр өгч хувцас хунарыг нь өмсгөөд, зэр зэвсгийг зүүлгэж, хүлэг морийг нь авчран хазаарлан эмээллэж унуулж, заяаны дагиныг нь зааж өгөөд аян замд мордуулдаг. Туульд гардаг тоо, зүг чиг, өнгө зүс бүхэн цаанаа бэлгэдэлтэй байдаг. Эмэгтэй хүнийг дүрслэхдээ “Цаашаа харахад цаад тивийн амьтан үүр цайлаа гэж андуурч үхэр малдаа гармаар”, “Цаснаас цагаан царайтай, цуснаас улаан хацартай” хэмээн дүрсэлсэн байдаг. Залуу сайхан бүсгүйг харагдах байдлаар нь ийн дүрсэлдэг. Оюун ухааныг нь болохоор“Уул нэвт чулуу тоолно, усан нэвт загас тоолно”, “Өнгөрсөн ерэн есөн жилийн юмыг тоолж хэлнэ, ирэх ерэн есөн жилийн юмыг тааж хэлнэ”гэж хэлдэг. Энэ бол зүгээр нэг газар ширтэж, тэнгэр харж байгаад хэлсэн үг биш.
-Шинжлэх ухааны докторын зэргээ“Монгол туулийн дүрийн бүтэц, хэв шинжийн судалгаа” гэсэн сэдвээр хамгаалсан. Монгол туульд хэдэн дүр гардаг вэ?
-Монгол туульд дөрвөн дүр л гардаг. Баатар, морь, хатан, мангасын дүр гардаг юм. Энэ дөрвөн дүрийн тухай судалж2005 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Жишээ нь, туулийн баатар харагдах байдлаасаа ч гайхалтай, хүдэр чийрэг биетэй, хүрэл эрдэнээс хатуу, “Хар чулуунаас хар аяндаа хага тусаад гарсан”, “Тэнгэртэй тэрслээд төрсөн, газартай гацалдаад төрсөн” гэх мэтээр дүрслэгдсэн байдаг. Мангас бол арван тав, хорин тав, гучин тав, дөчин тав, жаран тав, ерэн таван толгойтой гэх мэтээр дүрслэгдсэн байдаг. Мангасын толгой бол түүний хүчийг илтгэж байдаг. Энэ мангастай л баатар тэмцэлдэнэ дээ.
-Хатуу ёс дэгтэй хайлдаг “Хан харанхуй” зэрэг тууль байдаг. Хатуу зөөлөн гэж туулийг ялгаж байгаа нь ямар учиртай юм бол?
-“Хан харанхуй” туулийг хайлахдаа хаалга үүдийг ерөөсөө онгойлгож болдоггүй юм. Хүн амьтан тууль хайлж байхад орж гарч болохгүй, өрхөө битүүлээд харанхуйд хайлдаг. Яагаад вэ гэхээр, Хан харанхуй баатар тэнгэрийн хүчтэнүүдтэй тулалдаад бут цохисон, газрын хүчтэнүүдтэй үзэлцээд тэднийг дараад толгойг нь өөд гаргаагүй, бас лусын амьтадтай тулалдаад дарсан. Тэгээд“Хан харанхуй” туулийг хайлж байгаа чимээгээр тэнгэр, газар, лусын хүчтэнүүд Хан харанхуй энд байна гээд орон гэр, орд өргөөтэй нь бут ниргэчихэж магадгүй гэж айдаг юм.
-Баруун монголчууд хатуу тууль гэртээ хайлахад жилийнхээ заслыг хийлгэж байгаа гэж ойлгодог гэсэн. Тийм үү?
-Туулийг зөвхөн хүн сонсдог юм биш. Хүний нүдэнд үл харагдах, гарт үл баригдах нөгөө тэнгэр, газар, лусын амьтад цөм үзэж харж, сонсч сэтгэлээ цэнгээдэг юм. Ер нь ертөнцийн бүх амьтад сонсдог. Тийм учраас зуд турхан, ган гачиг, өвчин зовлон, тахал, салхи шуурга гэх мэт байгалийн аюултай үзэгдлийг хүн ардаасаа зайлуулах, түүнийг үүсгэж байгаа эздийг тайвшруулж, аргадахаар“Хан харанхуй”, “Талын хар бодон” зэрэг хатуу туулийг хайлдаг. Үр хүүхэдгүй, хүүхдийн хүслэн болсон айлд“Аргил цагаан өвгөн”, “Баян цагаан өвгөн”, “Хүдэр мөнгөн тэвнэ”, “Хүрэл алтан дөш” зэрэг зөөлөн туулийг хайлахад үр хүүхдийн хутаг хайрладаг.
-Тууль хайлах уламжлалын тухай тодруулж ярьж өгнө үү?
-Монголчууд эртнээс өвөл намрын урт шөнө өвгөд хөгшдийнхөө үлгэр, туульс сургаалийг сонсч ирсэн. Элгэн садан, айлын хотлоороо зөвлөлдөөд нэгнийдээ цуглан туульчаа урьж, нэгэн бэлгэтэй сайн өдөр товшуур хөгжмийг нь залж ирээд бурхныхаа хажууд хоймроо дээдлэн тавьдаг. Дараа нь туульчийг хөтөлгөө морьтой очиж авчирдаг. Орой нь малаа хотлуулчхаад харанхуй болохоор туулиа хайлдаг байсан уламжлалтай. Туулийг хайлж байгаа туульч, хайлуулж байгаа нь ч дутуу хайлуулж болдоггүй. Товчлон дутуу хайлах юм бол тэдний амь насанд цөвтэй гэж үздэг. Тэгээд доод тал нь долоон шөнө, сар, бүр хоёр сарын хугацаанд хайлдаг байсан юм билээ.
-Манай улсад хэдэн тууль бий бол?
-Одоохондоо яг нарийвчлан тоолж чадаагүй байна. Бидний судалгаанд хамрагдсан 250 орчим тууль байна. Монгол тууль дунджаар гурван мянган мөр шүлэгтэй. Би нэрт туульч Чойсүрэнгийн хайлсан 11 туулиар ном гаргасан. Түүний хайлсан туулиас хамгийн бага нь гурван мянган мөртэй байсан. 11 тууль дөчин мянган мөр шүлэг болж байгаа биз. Одоо дөчин мянган мөр шүлэг хэлдэг хэн байгаа юм. Хэн ч байхгүй шүү дээ. Тэгэхэд манай зохиолчид толгойгоо гашилган тав арван мөр шүлэг хэлчихээд шагнал аваад өнгөтэй төмөр цээжиндээ зүүчхээд, цээжээ дэлдэхээсээ ичээсэй билээ.
-Уламжлалаа хадгалж үлдсэн туульч хүн хэр олон бий вэ?
-ХХI зуунд тууль хайлах язгуур уламжлалаа хадгалж үлдсэн ганцхан үндэстэн нь монголчууд. Товшуур бариад тууль хайлж байгаа үндэстэн дэлхий дээр өөр хаана ч байхгүй. Хүн төрөлхтний нийгэм, эдийн засгийн хөгжлийг дагаад тууль, туульч цөөрч байна. Энэ даяарчлалын эрин үед тууль байтугай жижиг улс үндэстэн оршин тогтноход хэцүү болж. Даяарчлалын салхи шуурганд манайх шиг жижиг улс үндэстний хэл, соёл нь байх уу, үгүй юу мэдэхгүй. Бид л хэл соёлоо хайрлаж хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах билээ. Үүнд төрийн бодлого хэрэгтэй. ЮНЕСКО монгол туулийг2009 онд дэлхийн яаралтай хамгаалах өвөөр бүртгэж авсан. Одоо сар гаруй хугацаанд тууль хайлах туульч, түүнийг сонсох хүн ч алга болж. Ар гэрээ тэжээхийн оронд хэдэн хоног тууль хайлаад явах хүн гэж ер байхгүй шүү дээ. Нийгмийн хөгжлийг дагаад эдийн болон оюуны соёлын олон өв устаж үгүй болж байна.
-Сүүлд хийж байгаа ажлынхаа талаар ярина уу?
-“Монгол туульсын цоморлог” арван боть ном хэвлүүлэхээр ажиллаж байна. Саяхан “Монгол улсад хэвлэгдсэн “Жангар” туулийн товчоон” гэдэг ном хэвлүүлсэн. Монгол “Жангар” 90 бүлэг 76000 орчим мөр шүлгээс бүтэж байна. Гэтэл өнөө алдарт “Илиада” 15000, “Одиссей” 13000 орчим мөр шүлгээс бүтсэн байдгийг бодвол агуу байгаа биз. Бид ийм л сайхан уламжлалтай улс.
Б.Мөнх-Эрдэнэ
URL: