Казак үндэсний “Зон олны алдарт өдөр” өнөөдөр тохиож байна
Энэ өдөр буюу өдөр шөнө тэнцсэн 3 дугаар сарын 22-ны тэгш сайн өдөр бол казак түмний өргөн дэлгэр баярын өдөр болох Наурызын баярын өдөр юм.
Хүмүүс эртлэн босч, мандах нартай мэндэлцэж, түүний байдлыг харж жилийн цаг агаарыг шинждэг. Эхлээд ахмад настантайгаа золгоно. Айл болгон хир буртагнаас салж, сүү, цагаан идээ, будаа, тос зэрэг долоон төрлийн амттанаар амталсан “Наурыз көже” буюу тусгай жорын шөлийг бэлтгэдэг байна. Мөн Наурызын баяраар өр ширээ дарж, өмнө нь муудалцсан хүнтэйгээ эвлэрэн сэтгэлээ ариусган, элдэв муу юм хийж, хараал зүхэл хэлэхийг цээрлэдэг.
Наурыз бол хаврын “төрсөн өдөр” гэсэн үг. Казакын ард түмэн Наурыз тохиож буй энэ өдрийг “Улыстын Улы Күны” гэж нэрлэдэг. Энэ нь нийтээрээ хүндэтгэх тэнгэрийн ивээлт өдөр буюу “Зон олны алдарт өдөр” гэсэн утгыг илэрхийлдэг.
Хот суурин газар амьдарч буй Казакууд Наурыз баярын гол санааг агуулсан зоог барих, мэндчилэх, хүндэтгэх ёсыг даган мөрдөж буй бөгөөд байгальтай харьцах зан үйлийг хийх боломж бололцоо хомс байдаг байна. Харин нүүдэлчин уламжлалаа алдаагүй малчин ард түмэн Наурыз баярын байгальтай холбоотой зан үйлийг түлхүү хийдэг.
О.Түвшинзаяа
URL: