Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбарын дампуурал буюу удирдлагуудын тансаглал
Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарал тавих цаг болжээ. 2015 оны эхний 10 сарын байдлаар нялхасын эндэгдэл 60-д хүрч, өмнөх оныхоос 16 тохиолдлоор өсчээ. Он гараад гурван сар өнгөрч байхад долоон хүүхэд энджээ. Мөн төрөлтийн явцад эндэх эхчүүдийн тоо ч өссөөр байгаа нь айдас төрүүлж байна.
Тиймээс Хөвсгөл аймгийн иргэд, олон нийтийн зүгээс эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж муу байгаа талаар гомдол мэдүүлэх болж. Гэвч аймгийн удирдлагуудын зүгээс ч, Аймгийн Эрүүл мэндийн газраас дорвитой арга хэмжээ авсангүй. Асуудал бахь байдгаараа. Эх, нялхасын эндэгдэл нэмэгдсэн хэвээрээ байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг л гэхэд сэхээний эмч байхгүй 5 жил болж байгаа аж. Мөн амьсгалын аппаратгүй. Түүнчлэн хүүхдүүдийн эмчлүүлж буй өрөө тасалгаанд ачааллаас шалтгаалан нэг хүнд ногдох стандартаас олон хүн хэвтэж буйгаас хүчилтөрөгчийн дутагдал ихтэй, бүгчим. Цонхны хөшиг байхгүйгээс орны бүтээлгээр халхалсан байдалтай байдаг аж. Тус тасгийн эмч нар Дэлхийн Зөн Олон улсын байгууллагад хүсэлт тавин төсөл бичсний хүчинд л хүүхдүүдэд стандартын шаардлага хангах ортой болжээ.
Хүүхдийн тасаг нь амьсгалын аппаратгүй, сэхээний эмчгүй 5 жил болж байхад Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж, Эрүүл мэндийн газрын дарга Л.Дамдинсүрэн, Хөвсгөл аймгийн засаг дарга А.Эрдэнэбаатар та бүхэн ямарч арга хэмжээ авахгүй, төсөв хөрөнгө байхгүй, энэ чиглэлээр мэргэших хүн алга аа гээд ам таглаад сууж байхаасаа ичих хэрэгтэй. Биеийн байдал нь хүндэрсэн хүүхэд сэхээний тасагт орж ирэхэд мэргэшсэн эмчгүй, амьсгалын аппаратгүй угтана гэдэг үхэлрүү түлхэж байгаагаас ялгаагүй. Хэдийгээр нөхцөл байдалтай нь ирж танилцдаг ч арга хэмжээ авдаггүй удирдлагуудыгаа хүлээгээд хүнд өвчтэй хүүхэд орж ирэхэд ямар эмчгүй гээд суултай биш. Тиймээс хүүхдийн тасгийн эмч нараас сэхээний тасагт ээлжлэн давхар ачаалал үүрэн ажилладаг байна. Тангараг өргөсөн эмч хүнийхээ хувьд “үгүй” гэж хэлэхээс сэтгэл нь өвддөг биз ээ. Тиймээс илүү цагаар ч хамаагүй, эрүүл мэндийн манаанд зүтгэж явна.
Ийм байдалтай нэг жилийг биш таван хаврыг үднэ гэдэг Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбар ямаршуухан дүр төрхтэй байгааг харуулаад зогсохгүй дарга нарынх нь зүтгэлийг илтгэнэ. Аймгийн ИТХ-д үүсээд байгаа нөхцөл байдлыг танилцуулж шийдвэрлүүлэх, эсвэл төсвөөсөө тодорхой хэмжээний хөрөнгийг гаргаж, хүүхдийн залуу эмч нарыг мэргэшүүлэн сургаж, цалин хөлсийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж, ажиллах орчныг бүрдүүлж, боловсон хүчнээр хангах бололцоо бий.
Энэ бүхэн Нэгдсэн эмнэлгийн бодлого, менежмэнтээс ч хамааралтай. Бас аймгийн Эрүүл мэндийн газрын хариуцлагагүйнх. Ийм чухал асуудлыг таван жилийн турш шийдэхгүй өнөөг хүргэж, балчир үрсийн эндэгдэл эрс нэмэгдэж байхад “сүх далайтал үхэр амар” гэгчээр байсаар байх уу. Хэрвээ ийм зохицуулалт хийж чадахгүй бол мэддэг, чаддаг, боловсролтой, менежмэнт сайтай хүнд ажлаа өгөх хэрэгтэй шүү дээ.
Үнэхээр аймгийн эмнэлэг, Эрүүл мэндийн газар хөрөнгөний хувьд шийдэж чадахгүй бол Засаг даргадаа, ИТХ-д хуралдаа асуудлыг оруулж яагаад болохгүй гэж. Өнгөрсөн онд л гэхэд аймгаас Хотгойдын Шадар ван Чингүнжавыг овоог засварлах нэрээр 40 –өөд сая төгрөг төсөвлөж, цементлээд нутгийн иргэдийн дургүйцэл, эсэргүүцэлтэй тулж, буцааж нураасан юм. Хэдэн зуун жил нар, салхинд илбүүлж, улам өнгөжин гялтагнах чулуун овоог цементэлж байхаар аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сэхээний тасагт амьсгалын аппарат аваад өгчихсөн бол буянтай үйлс байх байлаа. Хий дэмий л баахан хөрөнгө цацаад өнгөрлөө.
Бас нэгэн жишээ байна.
Энэ оны гуравдугаар сарын 14-нд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд Эрүүл мэндийн газрын дарга Л.Дамдинсүрэн эрх шилжүүлэх тухай асуудлыг оруулж хэлэлцүүлээд дэмжүүлжээ.
Тодруулж хэлбэл, Мөрөн сумын 8 дугаар багт байршилтай аймгийн Эрүүл Мэндийн газарт албан конторын зориулалтаар эзэмшүүлсэн 6959 м2 газар эзэмших эрхээс 40 айлын орон сууц барьж гүйцэтгэсэн “Хөвсгөл Геологи” хувьцаат компанид 1272м2 газар эзэмших эрхийг таслан шилжүүлэх асуудлыг оруулж шийдвэрлэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 14 -ний өдрийн дугаар тогтоолоор үнэ төлбөргүй шилжүүлж, хандивласан байна.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт орших аймгийн Эрүүл мэндийн газрын эзэмшил газар дээр “Хөвсгөл Геологи” хувьцаат компани болон холбогдох албан тушаалтнууд газрын асуудлыг шийдвэрлүүлэхгүйгээр 2015 оны 06 дугаар сараас 40 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлснээс хойш газрыг шийдвэрлүүлэхээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд 2 удаа хэлэлцэгдэн хойшилж байсан байна. Гэвч гуравдахь удаагаа зүтгүүлжээ.
Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10-д “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хандив, тусламж өгөхийг хориглоно” гэж заасан байдаг. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “хандив” гэж тодорхой зориулалтаар, үнэ төлбөргүй, эсхүл нийтэд санал болгож байгаа хөнгөлөлтөөс илүү хөнгөлөлттэй үнээр санхүүгийн эх үүсвэр, эд хөрөнгө шилжүүлэх болон үйлчилгээ үзүүлэхийг; заасны дагуу төрийн байгууллагын хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлж, хандивлахыг хориглосон.
Хэрэв хувь хүн, аж ахуйн нэгжид шилжүүлэх бол төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар дуудлага худалдаагаар худалдах, эсвэл төсөл сонгон шалгаруулалт явуулахыг тусгажээ.
Энэ тухай тус хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно гэж заасан байна.
Хэрвээ үнэ төлбөргүй шилжүүлж хандивласан бол дээрх хуулиудыг ноцтой зөрчсөн асуудал болно.
Барилга барьчихаад дараа нь газрыг хөөцөлддөг жишиг хөдөө орон нутагт ч тогтох нь. Барьсан юм чинь нурааж чадахгүй, газрын зөвшөөрлийг авч ч таараа гэж хандаад байна уу, баараггүйгээ хийчихээд бардам байна уу гэдгийг хуулийн байгууллага нь шалгах биз ээ.
Хүүхдийн сэхээний тасагт Амьсгалын аппарат авах мөнгө олдохгүй хэдэн хаврыг үдэж байгаа атал Эрүүл мэндийн газар конторынхоо газраас хувийн компанид “бэлэглээд” 40 айлын орон сууц бариулсан байх юм. Энэ 40 айлын хэдэд нь Эрүүл мэндийн газрын ажилтнууд орсон бэ гэдгийг ч тодруулмаар. Эргэлзээтэй, гайхмаар зүйлийг нутгийн хүмүүс ч ярьцгааж байна.
Холбогдох хуулиудыг зөрчөөд, 40 айлын орон сууц “бариулаад”, газрынх нь асуудлыг барьсных нь дараа шийдүүлээд явж байгаагаас харахад Эрүүл мэндийн газар мөнгөгүй биш бололтой. Шийдье гэсэн асуудлынхаа хойноос уйгагүй хөөцөлддөг юм байна. Гэтэл олон зуун мянган хүний эрүүл мэндтэй холбоотой чухал асуудлыг болохоор хойш тавиад таван хаврыг үдэж байна. Ийм албан тушаалтнуудтай хариуцлага тооцож, уналтанд орж байгаа салбарыг өөд татаж, эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө дорвитой шийдвэр гаргах цаг болжээ, Ерөнхий сайд аа.
Эх сурвалж: Times.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Эрүүл мэндийн салбарын удирдлага болох дамдинсүрэн ард түмний төлөө юу ч хийхгүй зөвхөн амин хувиа хичээн өчнөөн жил энэ местэнд суух юм бэ? тэтгэврийн өвгөнөөс өөр хүн эн салбарыг аваад явчих хүнгүй гэж үү? Арай хэтэрсэн үйлдэл шүү дээ,засаг ноёноор бас сууж л байсан даргаас өөр ажил хийж чадахгүй болтлоо зөнөгтсөн хүн үү? уужуу ухаанаар өөрөө суудлаа тавьж өгөх хэрэгтэй байсан даа,одоо хуулийн байгууллагаар шалгуулж насныхаа эцэст дарга биш харин арай өөр газарт очоод суух вий дээ