Дорноговь улаанбурханд дарлуулж байна

aaeb072e79a63abdb563ef6fcc21d39fМонгол Улсын Засгийн газар халдварт Улаан бурхан өвчин дэлгэрч байгаатай холбогдуулан 940 гаруй сая төгрөг нөөц сангаасаа гарган тэмцэж байгаа билээ. Засгийн газар нь хөрөнгө, хүч хаян Улаан бурхан өвчинтэй тэмцэхээр “зодоглож” байхад Дорноговь аймгийн удирдлагууд  тайван амгалан байна. Хэн тайван амгалан байна гэхээр Засаг дарга П.Ганхуяг УИХ-ын сонгуульдаа бэлдэн багш, эмч нарт гэнэт хайр зарлан Эрээн хотоор зугаалуулан хятад хоолоор дайлж яваад иржээ.

Харин энгийн иргэд тайван амгалан бус, үр хүүхдээ үхэлд булаалгахгүйн тулд эмнэлгийн коридорт хэвтүүлэн бурхандаа залбирч байна. Яагаад гэвэл Улаанбаатар хотоос хэтрээгүй гэж үзэж байсан Улаан бурхан өвчин Дорноговь аймагт хүрэлцэн очжээ. Хүрэлцэн очоод зогсохгүй 426 бага насны  (25 хувь 01 насны хүүхэд )  хүнд  халварлаж амь насыг нь дэнжигнүүлж байна.  Үүнээс гадна бага насны хоёр хүүхэд  сэхээнд байгаа аж. Сайншандаас  гэлтгүй орон нутгаас  үр хүүхдээ тэвэрсэн, сандарч тэвдсэн, мотоцикльтэй, морьтой, портертэй  эцэг эхчүүд цуглаж аймгийн эмнэлэг ачааллаа даах нь битгий хэл хүн орох зайгүй болжээ.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн ачаалал  2-3 дахин нэмэгдэж, өвчтөнгүүдээ хонуулаад гаргаж байна. Цөөхөн хэдэн эмч, сувилагч нар эм тариа, хэрэгсэлгүй улмаас цөхөрч Аймгийн Засаг даргынхаа эрэлд гарахад хүрч байгаа аж. Эм тариа, хэрэгсэлийн нэмэлт санхүүжилтыг  Аймгийн Засаг дарга П.Ганхуягийн гарын үсэгтэй олгодог байна. Гэтэл Засаг дарга П.Ганхуяг нь Улаанбаатар хотын Туул голын эрэг дээрх “Ривер Гарден” хэмээх тансаг байрандаа тарвалзаад очдоггүй сурагтай.  Энэ дарга Эрээний саунд  эсвэл Улаанбаатар хот тансаг байрандаа очоод хэвтчихдэг гэж нутгийнхан нь халаглах дээрээ тулжээ.

Улаанбаатар хотын бизнесменүүдтэй  баар рестаронаар хэсүүчлэн  бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө амжиж Дорноговь аймгийн  газар зарж мөнгө олох гэж улайрч яваа гэсэн хардалтанд нутгийн иргэд нь автчихаад байна.  Аргаа барсан иргэд “Та хэзээ ирэх бэ” асуулгахад Засаг дарга  П.Ганхуяг “Семинарт сууна” хэмээн хариулжээ. “Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй” гэгчээр нутгийн иргэд “Семинарт суух нь худлаа. Газрынхаа наймааг л хийх гэж байгаа биз”  хэмээн өгүүлэх болсон гэнэ.

Эм тарианаас эхлээд эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа нь хэний буруу вэ. Зургаан жилийн өмнө төсвийн хөрөнгөөр 50 ортой эмнэлэг барихаар сүр дуулиантай, хадаг яндар, лам хувраг болцгоон шав тавигдсан аж. Тус ажлыг “Мон инжбар” компанид өгсөн хэдий хазгай муруй суурь  босгоод сураг алдарчээ. Мөнгө төгрөг нь дутуу биш улсын төсвөөс мөнгөө бүтэн аваад алга болсон байх юм. Засаг дарга П.Ганхуяг 50 ортой эмнэлэг барина гээд алга болсон “Мон инжбар” компанийг эмнэлгийн барилгаа барьж дуусгахыг шахах ёстой ч энэ ажлаа умартжээ.

Хувь хүн зургаан сарын дотор эмнэлэг бариулаад хүлгээлгэн өгч байхад өөрийгөө хувилгаан дарга гэж зурагтаар өргөмжлөх  П.Ганхуяг зургаан жил хазгай муруй барилгын суурь үзүүлэхээс ичээсэй билээ.  “Мон инжбар” компанийг П.Ганхуяг одоо хүртэл хаацайлан хамгаалж буй нь мөнгөө хуваасан уу гэх хардлага төрүүлэх болсон гэж нутгийн иргэд нь ам уралдан ярьж яваа гэнэ. Эм тариагүй, хэвтэх оргүй гэдгээ мэдэрч аргаа барсан эцэг эхчүүд “Засаг дарга П.Ганхуяг ирээд эмч нарынхаа савангийн мөнгийг өгчихөөсэй”  гэж залбирах нь халаг сууж байх юм. Нэгдсэн эмнэлгийн   эмч нар хувийн эмнэлгийнхэнг  хүртэл гуйж  халдварт Улаан бурхантай нийтээрээ үзэлцэж байна.

Ийм хүнд нөхцөлд галын цэгээ орхин зугтаасан П.Ганхуяг. Түүний  ярих дуртай Япон Улсад хилийн дээсээрээ  Улаан бурхан өвчин алхуулсан, яаралтай арга хэмжээ аваагүй   албан тушаалтан нь  уучлалт гуйгаад   эрх мэдлээсээ татгалзах байв. Дорноговь аймгийн хувьд таван сум зудад малаа алдаж, иргэд нь халдварт Улаан бурхан өвчин үр хүүхдээ булаалгуулах дээрээ тулаад  байна. Ийм хүнд байхад Энх-Амгалан гэдэг шаазан бурханы дүртэй Засаг дарга П.Ганхуяг сонгуульд бэлдэн   телевизэд өндөр төлбөр төлөн  “Би аймгаа ингэж  хөгжүүлнэ. тэгж хөгжүүлнэ” гэж байнга төлөвлөгөө ярьж суух юм. Найман жил болоход яасан ярьж дуусдаггүй төлөвлөгөө бэ дээ. Гэтэл хөрш зэргэлдээ Сүхбаатар аймгийн удирдлагууд  ярьж төлөвлөх биш хийж бүтээснээ харуулж байна.

Монгол Улсын газар нутгаас  тасдан “Аялал жуулчлал” нэрээр  рекламдан   хятадуудад  зарж хөрөнгөжсөн П.Ганхуягийн үед  Улаан бурхан өвчин  дийлдэхээ байлаа. Хэрвээ зургаан жилийн өмнө эхлүүлсэн эх хүүхдийн 50 ортой эмнэлэг ашиглалтанд орчихсон байсан  бол урилгагүй орж ирсэн Улаан бурхан өвчинг үүдэн дээрээсээ хөөж болох байсан. Улаан бурхан өвчин ирэхэд үнэтэй “хувь нэмэр” оруулсан П.Ганхуяг гэгээн дүр төрхөө телевизээр биш нэгдсэн эмнэлэг дээрээ харуулж, хөрөнгө мөнгийг нь шийдээч өгөөч. Ямар газар зарсан мөнгөнөөсөө өг гэж байгаа биш, улсын төсөвлөсөн мөнгийг ядахдаа хурдан олгооч ээ.

Үрээ алдахгүй гэсэн эцэг эхийн шаналан, шалан дээр хөглөрөх өвчтөнгүүд, эм тариа хүрэлцэхгүйн гачлан, эмнэлгийн гадаа бөөгнөрөх олон түмэн Дорноговь аймгийн  Засаг дарга П.Ганхуягт огт хамаагүй болжээ. “Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй” гэдэг шиг Дорноговиос явах бэлтгэлээ базааж буй П.Ганхуягт малчдын мал зудад үхэх, Улаан бурхан өвчинд үрээ алдах дээрээ тулаад байгаа  эцэг эхийн зовлон хамааралгүй сэдэв болсон нь илэрхий байна.

Б.Ган

time.mn


URL:

Сэтгэгдэл бичих