Х.Махбал: Засаг дарга С.Хавал алуурчдын онгоцны зардлыг даах ямар шаардлага байсан юм бэ

Амиа алдсан ноолуурын ченж нар энэ машинд шатжээ

Энэ онд Баян-Өлгий аймагт  ноолуурын хоёр ченжийн амь насыг бүрэлгэсэн онц ноцтой гэмт хэрэг гарсан билээ. Уг хэргийг үйлдсэн гэх сэжигтнүүд хамтдаа явж ноолуур авдаг байсан ах, дүү хоёрын амь насанд хүрээд зогсохгүй тэднийг шатаасан юм. Баян-Өлгий аймагт очиж, талийгаачдын ар гэрийнхэнтэй уулзлаа. Өлгий сумын наймдугаар багийн иргэн Х.Махбалтай ярилцав. Тэрбээр амь насаа алдсан хоёр ченжийн нэг, талийгаач Х-гийн гэргий юм.

-Танд болоод танай гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Уучлаарай хүн амины онц ноцтой энэ хэрэг тухайн үед олон хүнийг цочроосон. Чухам юу болсон талаар танаас асуумаар байна?

-Хань маань өнгөрдөг дөрөвдүгээр сарын 14-нд ноолуур авахаар Баян-Өлгий аймгийн Баяннуур сум руу явсан юм. Тэнд очоод утас нь холбогдохгүй тав хонохоор нь сураглаж эхэлсэн. Яагаад ч юм муу совин татаад болдоггүй. Ингээд тав хоногийн дараа машинтай нь шатсаныг олсон доо. (уйлав)

Энэ хэргийг хуулийн байгууллагынхан цаг алдалгүй шалгаж, сэжигтэнг илрүүлсэн. Тухайн үед Улаанбаатар хотоос шинжээчид, шүүх эмнэлгийнхэн гээд нэлээд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг ирж хэргийн газар ажилласан. Би саяхан Улаанбаатар хот руу яваад ирлээ

-Тийм үү. Ямар ажлаар очсон бэ?

-Хэргийн материал Улсын онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх газарт очоод хоёр сар болж байна. Намайг Улаанбаатар хотод ирж хавтаст хэрэгтэй танилц гэсэн. Тэгээд л очоод хавтаст хэрэгтэй танилцаад ирлээ.

Хэргийг одоо Баян-Өлгий аймгийн харьяанд шилжүүлсэн байгаа. 15 хоногийн дараа шүүх хурал нь болох байх.

-Одоо хэргийн сэжигтнээр шалгагдаад байгаа хүмүүс тэгэхэд нэг их удахгүй баригдсан байх аа?

-Тийм ээ. Арав хоногийн дараа баригдсан л даа. 19-23 насны гурван залуу энэ хэргийг үйлдсэн гэсэн. Тэднийг би одоо болтол хараагүй.

-Сэжигтнүүдийн ар гэр, танайхантай танил байсан юм биш биз дээ?

-Үгүй. Бид тэдэнтэй ямар ч холбоогүй. Бүр таних ч үгүй. Гэмт хэрэг үйлдсэн залуус манай нөхрийг үргэлж ганцаараа явдаг байсныг мэддэг, тэгээд дээрэмдэх гэж л дуудсан гэж хавтаст хэрэгт мэдүүлсэн байна лээ. Бас халаасанд нь нэг сая төгрөг байсныг авсан гэсэн.

-Таны нөхөртэй хамт явж байсан залуу таны дүү гэсэн үү?

-Миний эгч Төлбас Баяннуур суманд амьдардаг юм. Нөхөр нь эрт нас барж, өрх толгойлох болсон хүн байдаг. Бид аминдаа эгчийн амьдрал ахуйд бага ч гэсэн тус нэмэр болох гэж л хичээдэг байсан. Тэгээд л ноолуур авахдаа нэг хүүг нь дагуулаад явсан юм. Эгчийн тэр хүү нь 28 настай. Гэр бүл, хоёр хүүхэдтэй. Хань ижил, дүүгээ бусдын гарт хэрцгийгээр алдсанд эгч нь маш их харамсч, гашуудаж сууна даа.

-Сэжигтнүүд яагаад ийм хэрэг үйлдсэн талаар хавтаст хэрэгт тусгагдсан байх л даа. Та танилцсан гэлээ. Юу гэсэн байна?

-Хэргийг үйлдсэн хүмүүс манай нөхөр, дүү хоёрыг эхлээд чулуугаар цохиж унагаад, гар, хөлийг нь хүлж машин руу нь оруулаад шатаасан байна лээ. Манай нөхөр УАЗ-469 маркийн машин унадаг байсан. Ноолууранд явахаас нь арав хоногийн  өмнө нөхөр бид хоёр аймгийн “Хаан” банкнаас 30 сая төгрөгийн зээл авсан юм л даа. Тэр мөнгө машин дотор нь байсан юм билээ. Сэжигтнүүд машинд тийм хэмжээний мөнгө байгааг мэдээгүй гэсэн. Тэр мөнгө ч талийгаачидтай хамт шатаж үнс болсныг шинжээчид тогтоосон. Түүнээс гадна ноолуур авсан байсан  нь бас л хамт шатсан гэсэн.

Хавтаст хэрэгт байгаагаар бол сэжигтнүүд манай нөхрийг 200 кг ноолуур байна ирж ав гэж утсаар дуудсан байна лээ. Дуудсан газар нь Баяннуур сумаас холгүй байдаг. Тэнд очоод машинаасаа бууж байхад нь сэжигтнүүд нөхрийн маань хүзүүн тус газарт чулуугаар цохиж аминд нь хүрсэн бололтой. Шинжээчид сэжигтнүүдийн  цохилтоос болж нөхрийн маань гавлын ясанд цус харвасан гэж тогтоосон.

Ингэж манай хүнийг цохиж унагаах үед дүү маань машинаас буугаад зугтсан байна лээ. Хэргийг үйлдсэн гэх гурван залуу түүнийг ч гэсэн барьж, толгойн тус газар нь чулуугаар цохиж амь насыг нь бүрэлгэжээ. Ноолуур ачна гээд машиныхаа арын суудлыг авчихсан байсан л даа. Сэжигтнүүд талийгаачдыг машины арын суудалгүй газарт хүлж орхиод, сумаас 14 км-ийн зайтай хүн бараг очдоггүй газарт аваачиж шатаасан байгаа юм. Энэ хэргийг үзсэн, харсан хүн байгаагүй.

Хэрэгтэй танилцахад, талийгаачдын цогцос танигдахын аргагүй, чанасан мах шиг болсон байна гэж бичжээ. Хүн амьд явахдаа янз бүрийн л юм үздэг юм байна. Бид чинь хоёрын хоёр хүнээ алдаж гашуудаж сууна. Ингээд л хэдэн хүүхэдтэйгээ үлдлээ дээ. (уйлав)

-Уучлаарай. Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-Дөрвөн хүүхэдтэй. Хоёр том нь оюутан. Улаанбаатар хотод сурдаг юм. Бага хоёр нь сурагч. Би ажилгүй. “Хаан” банкнаас 30 сая төгрөг зээлэхдээ барьцаанд нь хашаа, байшин, машинаа тавьсан байсан. Манай гэр бүлд ийм уй гашуу тохиосон болохоор тухайн үед банкныхан зээлийн хүүг зогсоож тусалсан. Гэвч одоо тэр зээлсэн 30 сая төгрөгөө төл, өрөө барагдуул гэсэн, амьдрал хэцүү л байна. Барьцаанд тавьсан машин ч шатсан болохоор яахаа мэдэхгүй зовж байна даа. Тэр машины сэг одоо аймгийн Цагдаагийн газрын хашаан дотор байгаа.

-Танд эрхэлдэг ажил байхгүй гэлээ. Оюутан хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг яаж зохицуулсан бэ?

-Би нөхөртэйгөө хамт ноолуур авдаг авсан. Энэ ажлыг бид хамтдаа 20 гаруй жил хийж, амьдрал ахуйгаа залгуулдаг байсан. Уг нь би багш мэргэжилтэй хүн. Надад, манай гэр бүлд тохиосон уй гашууг Монгол даяар мэдэж байгаа байх. Аргаа барахдаа аймгийн Засаг дарга, Засгийн газарт ч хандаж  ажилд оруулж өгөхийг хүссэн. “Ажилд оруулж өгье” гэсэн, одоо хүртэл ажилд ороогүй л байна. Хоёр оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөөгүй л байгаа. Тэд маань байр түрээсэлж амьдардаг. Таньдаг хүн, найз нөхдөөсөө хүүхдүүдийнхээ байрны түрээсийн мөнгийг зээлж өгсөн.

-Хавтаст хэрэгтэй танилцаад Улаанбаатар хот руу яваад ирсэн зардлаа яаж зохицуулсан бэ?

-Ар гэр нь заавал танилцах ёстой гэсээр очсон. Хоёрын хоёр хүнээ алдсан юм, очихоос өөр яах вэ. Би ганцаараа ч очоогүй. Нөхөртэй маань хамт амиа алдсан залуугийн ээжтэй хамт Улаанбаатар ороод ирлээ. Хотод очиж, буцахдаа онгоцоор зорчсон. Бидний замын зардал нийлээд нэг сая төгрөг болсон. Энэ мөнгийг бидэнтэй хамт ноолуур авдаг ченж найз нөхөд маань өгч тусалсан.  Гэтэл аймгийн Засаг дарга С.Хавал хэргийг үйлдсэн гэх сэжигтнүүдийг Улаанбаатарт “Ганц худаг” руу хүргэх онгоцны зардлыг даасан. Засаг дарга С.Хавал ингэж алуурчдыг онгоцоор Улаанбаатарт хүргүүлэх зардлыг даах ямар шаардлага байсан юм бэ. Үүнийг ойлгохгүй юм. Гэтэл ийм уй гашуу тохиолдож байхад манай гэр бүл болоод хамт явж байгаад амиа алдсан залуугийн ар гэрийнхэнд нэг ч  төгрөгийн туслалцаа үзүүлээгүй. Өрх гэрийнхээ эзэн, хань ижлээ алдаад хэцүү л байна. Хоёр нялх хүүхэдтэй бэлэвсэн үлдсэн бэргэн дүүд маань ч хэцүү байгаа. Мөн л ажилгүй юм. Бид одоо Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгөөр л амь зогоож, амьдралаа залгуулж байна.

-Сэжигтнүүд  Баян-Өлгий аймагт байгаа юу?

-Үгүй ээ. Улаанбаатарт “Ганц худаг”-т хоригдож байгаа, удахгүй энд авчирна гэсэн. Замын зардлыг нь мөн л аймгаас дааж, онгоцоор авчрах юм сонсогдсон.

-Хэрэг үйлдсэн гэх залуусын ар гэрийнхэн тантай уулзав уу?

-Бидэнд ийм уй гашуу тохиож, эмгэнэж байхад тэдгээр хэрэг үйлдсэн залуусын ар гэрийнхнээс нэг ч хүн одоо болтол ирээгүй байна.

Би эх хүн. Юу ч болсон үр хүүхдүүдээ өсгөж, хүн болгох л болно. Хамгийн хэцүү нь 30 сая төгрөгийн зээлийг яаж барагдуулах вэ гэдэг л байна. Хоёр хүний амь насыг бүрэлгэсэн этгээдүүд нь баригдсан, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, талийгаачид биедээ авч явсан мөнгө төгрөгтэйгөө хамт автомашинд үнс болтлоо шатсаныг хуулийнхан шинжилгээгээр тогтоогоод байгаа. Гэтэл зовлон дээр зовлон болгож өр барагдуул гээд банкнаас шалгаагаад байгаа нь дарамттай санагддаг. Сэжигтэн болоод, сэжигтнүүдийн ар гэрийнхэн өр барагдуулах, үгүй эсэхийг шүүх л тогтооно гэсэн. Шадар сайд М.Алтанхуяг манай аймагт ирэх үеэр би уулзаж, учир байдлаа хэлж, тусламж хүссэн. Очоод хариу өгнө гэсэн ч сураггүй болсон. Ерөнхийлөгчид ч хандаж өргөдөл гаргасан.

Одоо шүүх хурлын хариуг л хүлээж байна. Хэргийг үйлдсэн эзэн хохирогч нь тодорхой байхад, дээр нь хоёр хүнээ алдсан, уй гашууд автсан ар гэрийнхнээс нь юм л бол мөнгө нэхэж, гаргуулах үнэнд нийцэхгүй биз дээ.

-Танаас өөр ямар мөнгө нэхэмжилсэн бэ?

-Хэргийн газарт ажилласан шинжээчдийг Улаанбаатараас ирүүлж ажиллуулсан. Тэдний Баян-Өлгий аймагт ирж, буцсан онгоцны замын зардлын нэг сая 80 мянган төгрөгийг надаар төлүүлсэн. Хэрэв энэ хэрэг үнэн, зөвөөрөө шийдэгдэхгүй бол эцсээ хүртэл явах болно.

-Нөхрийн тань ах дүү, хамаатан садан байдаг уу?

-Уг нь ах дүү олуулаа. Гэхдээ бүгд Казахстанд амьдардаг. Баян-Өлгий аймагт хоёр охин дүү нь бий.

Энэ үеэр Х.Махбалын эгч талийгаач Б-гийн ээж А.Төлбастай утсаар холбогдлоо. Тэрээр Баяннуур суманд аж төрдөг юм байна. Талийгаачийн ээж Х.Төлбас “Сэжигтнүүд урьд нь удаа дараа малын хулгайд нэр холбогдож шалгагдаж байсан. Гэтэл Баяннуур сумын хэсгийн төлөөлөгч Еркебулан гэмт этгээдүүдийн үйлдсэн хэргийг нуун дарагдуулдаг, малын хулгайн хэрэгт холбоотой” хэмээн хэллээ. Түүнчлэн “Сумын хэсгийн төлөөлөгч Еркебулан тухайн үед өөгшүүлж байгаагүйсэн бол ийм аймшигтай хэрэг тэд үйлдэх байсан юм уу, үгүй ч үү. Хоёр сайхан хүүгээ алдлаа. Хэрэг үйлдсэн хүмүүс мал хулгайлж, алахад яагаа ч үгүй. Хүн алсан ч яадаг юм бэ гэж бодсон биз” гэв.

Ч.АННА

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих