Хару башё: Котошёогикүгийн Аварга мөрөөдөл замхарав уу?

Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн буюу Хару башёгийн наймдахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Өнөөдөр маэгаширагийн 11-ээс барилдаж буй Ичиножёо А.Ичинноров  шинэ бөхийн нэг Шодайтай анх удаа таарч барилдав. Ичиножёо энэ удаа өөрийн үндсэн барилдааныг үзүүлж ёрикири мэхээр ээлжит даваагаа авлаа. .

Маэгаширагийн 5-д эрэмбэлэгдэж буй Кёкүшюүхо өнөөдөр Садоноумид унан тав дахь унаагаа авсан бол Такайнова Дайшомаруг, Тамаваши Такеказег даван таван даваатай болцгоов.

Манай залуу озеки Тэрүнофүжи өнөөдөр Тоёоношиматай хүч үзсэн бөгөөд эвгүй барилдаантай хашир бөхийг бяраар илүүрхэв. Барилдааны эхнээс барьц алдсан тэрбээр бяраар илүүрхэн бярдаж гуядав. Маргааш тэрбээр Хакүхо аваргатай учраа таарсан ба одоогийн байдлаар зургаан даваатай байна.

Японы сүмо сонирхогчдын найдвар болоод байсан Котошёогикү-Кисеносато нарын барилдаан өнөөдрийн гол сэдэв болов. Дээд зиндаанд түрүүлж үзсэн Котошёогикү дахин түрүүлэхийн тулд зайлшгүй даваагаа нэмэх хэрэгтэй байсан бол ганц ч унаагүй яваа Кисеносато аваргуудтай таарахын өмнө өрсөлдөгч нартай унахгүйг хичээж байгаа нь тодорхой байв. Хоорондоо 60 удаа барилдсан хоёр бөхийн харьцаа нь 34-26 байсан ба дээд зиндаанд 59 удаа барилдаж байгаа амжилт нь сүмогийн түүхэнд бас нэгэн рекорд болж байна. Олны хүлээлт үүсгэсэн өнөөдрийн барилдаан онц сонирхолтой болсонгүй, Кисеносато доогуур боссон өрсөлдөгчөө зайлж татан тэргүүллээ хадгалсан. Маргааш тэрбээр Какүрюү аваргатай барилдахаар учраа таарсан ба түүнд хоёр аварга, хоёр арслантай барилдах хүнд даалгавар бий. Харин түрүүлэх даалгавар нь улам хүндэрч буй Котошёогикү озеки Гойёдотой барилдана. Энэ сард озеки цолоо хамгаалан барилдсан Гойёдо нэг л унаатай байгаа ба түүнд бас түрүүлэх хүсэл эрмэлзэл байгаа нь тодорхой.

Аваргуудын эхний барилдааныг Хакүхо аварга хийн Точиозаныг ганц түлхэлтээр л дэвжээнээс буулгав. Сүүлийн хоёр өдөр ширүүхэн барилдаж байгаа аварга маань өрсөлдөөн ширүүсч байгаа сүүлийн хэдэн өдөр энэ маягаараа барилдвал торолгүй түрүүлэх шинжтэй байна. Харин удаах барилдааныг хийсэн Харумафүжи аварга өрсөлдөгч бөх Осака нутгийн бөх Икиойд хоёр дахь ялагдалыг нь бэлэглэв. Тэрбээр маш сайн барилдаж байгаа Икиойд барьц өгсөнгүй цүппари хийн, түлхэж барилдан дэвжээний гадна гаргалаа. Маргааш Харумафүжи аваргын учраа нь Тоёоношима байх нь. Хамгийн сүүлийн барилдааныг Какүрюү аварга Осака нутагтаа хүч үзэж байгаа озеки Гойёдотой хийн, хоёрдахь ялагдалаа авав.

Маргааш Какүрюү Кисеносатотой, Хакүхо Тэрүнофүжитэй, Харумафүжи Тоёоношиматай  барилдахаар оноолт таарчээ. Өнөөдрөөс арслангууд хоорондоо болон аваргуудтай таарч эхэлж буй бөгөөд түрүүлэх өрсөлдөөн маш ширүүн болж байна.

Хару башёг Кисеносато озеки ганцаараа тэргүүлэн Хакүхо, Гойёдо нар удаалан, Котошёогикү, Харумафүжи, Какүрюү, Икиой, Ичиножёо, Миёгорюү, Дайешо нар хоёр унаатай нэхэж байна.

Ч.Амар


URL:

Сэтгэгдэл бичих