Хууль бус Засаг даргыг хаацайлж байгаа нь хуульд нийцэх үү Ерөнхий сайд аа

Шийдлийн гэх чамин тодотголтой ч шийдсэн асуудал цөөнтэй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг орон нутгийн удирдлагын томилгооны асуудлыг ч шийдэж чадахгүй өдийг хүрлээ. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн ИТХ энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр хуралдаж, аймгийн Засаг дарга Л.Одсэрийг огцруулах шийдвэр гаргаж, холбогдох албан бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт илгээжээ.

Уг нь хуулийнхаа дагуу бол Гүйцэтгэх засаглалын тэргүүн тав хоногийн дотор хариугаа өгөх учиртай байтал 40 хоногийн дараа “Огцруулах саналыг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу өгчээ. Арга ч үгүй биз. Орон нутгийн томилгоонд анхаарах нь байтугай нам, фракцийн хайчин гал дунд Засгийн газрын хувь заяа дэнжигнэж байна шүү.

Өнөөдрийг хүртэл Монголын хамгийн чухал салбар болох Эрүүл мэндийн яам толгойлох сайдгүй дампуурч байна. Ийм байхад Ч.Сайханбилэгээс шийдэл хүлээх хэрэггүй мэт. Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэрийг яагаад огцруулах болов гэдгийг олон хүн сонирхож байгаа. Нэгдүгээрт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан “.Аймаг, …хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж тов тодорхой заасан байдаг.

Гэтэл Л.Одсэрийг аймгийн Засаг даргаар томилохдоо Бя.Анхбаяр, Ү.Батзаяа, Д.Алдармаа нарын бүрэн эрх нь маргаантай төлөөлөгчдийг оролцуулан хүчээр ирц бүрдүүлсэн байгаа юм. Улсын дээд шүүхийн 2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрээр иргэдийн төлөөлөгчдийн хурлын дөрвөн хэсэгт нөхөн сонгууль явуулсан нь Л. Одсэрийг хууль бус шийдвэрээр засаг ноёны суудалд заларснийг гэрчилж байна.

Хоёрдугаарт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга хууль тогтоомж зөрчсөн бол тухайн шатны хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэж заасан байдаг.

Л.Одсэр нь Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх хугацаандаа Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр хальж, сольсныг нь Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны гуравдугаар сарын 02-ны өдрийн 41 дүгээр тогтоол болон Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1549 дугаар албан тоотоор нотлож байна.

Гуравдугаарт, холбогдох хуульд ИТХ-ын гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж, Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол 15 хоногийн дотор уг саналыг хэлэлцэж, олонхийн саналаар шийднэ гэсэн байдаг. Үүний дагуу нэр бүхий найман төлөөлөгч Л.Одсэрийг огцруулах саналыг Хурлын даргад өргөн мэдүүлж, ИТХ-аас Л.Одсэрийг огцруулах шийдвэр гаргасан нь энэ юм.

Хар ухаанаар бодсон ч Л.Одсэрийг аймгийн Засаг даргаар баталсан хурлын шийдвэрийг хүчингүйд тооцсон, шат шатны шүүхээр түүнийг хууль зөрчснийг нь баталчихаад байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хаацайлсаар байна. Хууль бус Засаг даргыг өмгөөлж, хамгаалах нь хуульд нийцэх үү Ерөнхий сайд аа. Таньд асуудал шийдвэрлэх чадвар алга уу.

С.Цогт-Эрдэнэ


URL:

Нэр: E said ni Огноо: 22 March 2016

Ard irged mini manai nam baigaa tsagt huuli bus zuiliig huulid niitsuulj bolnoo bolno. Tiim yum bainaa baina. Gehdee tsuuhun l duu.

Сэтгэгдэл бичих