НӨАТ-ын тохирол үнэн зөв явагдаж байгаа эсэхийг хуулийн байгууллагаас шалгах ёстой гэв
Өнгөрсөн нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын шинэ хууль иргэдийн амьдралд хэрхэн дарамт учруулж байгаа талаар өнөөдөр Нийтийн эрхийг хамгаалах холбооны өмгөөлөгчид болон Жижиг дунд бизнес эрхлэгчдэд мэдээлэл хийлээ.
Тухайлбал, энэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэдийн худалдан авах чадвар муу, амжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэд ширхэгийн төмс, граммын тосоор өдрийн хоолоо залгуулж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дахин нэмэгдэх нөхцлийн бүрдүүлж байна.
Түүнчлэн татварын буцаан олголт, сугалаагаар азтан болгоно гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлж, хууран мэхлэх замаар илүү татвар хурааж, ард түмний нуруун дээр хүнд ачаа үүрүүлж байгаа хэрэг. Түүнчлэн эл хууль жижиг бизнес эрхлэгчдэд бүр илүү дарамт учруулж байгаа талаар худалдаачид зовлонгоо тооцсон юм.
НӨАТ-ын 18.1.8-д заасан хувь хүн, иргэн гэсэн заалтыг өөрчлөх ёстой
Өмгөөлөгч Г.Батбаяр “Татварын ерөнхий хуулийн 18.1.8-д заасан заалтыг хар. Энэ хууль нь жижиг, худалдаа наймаа, бизнес эрхлэгчдэд үнэхээр хүнд тусч байна. Энэ хууль гарснаар зөвхөн жижиг бизнес эрхлэгчдэд биш, НӨАТ-тай бараа худалдан авч байгаа учраас барааны үнэ өсч, ард түмнийг бүхэлд нь хохироож байна.
Хуулинд хувь иргэн гэсэн заалт оруулж ирсэн нь тэр чигээрээ дарамт. Хуулийн зүйл заалт ямар хортой вэ гэхээр 5000 үс заслаа гэхэд 500 төгрөгийн татвар төлдөг. Энэ мөнгийг үсчин үйлчлүүлэгчээс гаргахаас өөр хаанаас гаргах уу, тэгээд л үнэ ханш нэмэгдээд явах жишээний үр дагавартай. Сөрөг үр дагавартай хуулийн заалтыг хүчингүй болгохын тулд яах ёстой вэ гэхэрэ УИХ-аас баталсан тогтоолыг ҮХЦ-д гаргаж өгөх ёстой. Гэхдээ УИХ, төр засгийн төлөөлөл, энэ хуулиа эргэн нэг харж, ядарсан ард түмэндээ нийцэхүйц эерэг хууль гаргаж, НӨАТ-ын 18.1.8-д заасан хувь хүн, иргэн гэсэн заалтыг өөрчилж өгөхийг хүсч, ард түмнээс уриалга гаргаж байна” гэв.
Ард түмнээ бүхэлд нь хохироож болохгүй
БЗД-ийн иргэн Г.Ганцэцэг “Би хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үнэндээ НӨАТ-ын шинэ хууль бидэнд дарамт учруулаад байна. Өдрийн хоолоо яая гэж байгаа жижиг дунд бизнес эрхэлдэг иргэдэд кассын машиныг худалдан худалдан авах чадал тэр бүр байхгүй, авсан ч энэ машиныг хэрэглэж эхэлснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дахин нэмэгдэж иргэдийн нуруун дээр дахин дарамт учруулаад байна. Бид НӨАТ-ыг зайлшгүй нэмэх шаардлагатай өнөөдөр 1100 төгрөгийн талх 1500 төгрөгөөр зарагдаж байна. Ядуу иргэд талхаа таллаж авч байгаа нь үнэн. Өр ширний зээлийн дэвтэр гэж зузаарч гүйцлээ. Тиймээс бид НӨАТ-ын тухай хуулийн зарим заалтад нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардан иргэд төр засагт дуу хоолойгоо хүргэж, цаашид тэмцлийн ямар нэгэн хэлбэрийг сонгох болно гэдгээ мэдэгдэж байна” гэв.
Татварын нөхөн олголт, сугалаа нэрээр бидний тархийг угааж байна
БЗД-ийн 8 дугаар хорооны иргэн Д.Дэлгэрэх “Би төрөлжсөн барааны дэлгүүр ажиллуулдаг. Кассын машин ав, авахгүй бол дэлгүүрийн үйл ажиллагааг зогсооно гэж цагдаа нар нь дарамталдаг. Би тэр машиныг нь авахгүй, угаасаа шахааны бизнес. Үнэндээ татварын нөхөн олголт, сугалаа нэрээр иргэдийг тархийг угааж байгаа хэлбэр. Татварын мөнгөөр төрийн албан хаагчдын цалин, хүүхдийн мөнгө гэх мэт зэргийг өгөх ёстой байтал сугалаа хэлбэрээр иргэдийг шулж болохгүй. Шинэ хууль санаачилсан нөхдүүд цаашлаад Засгийн газрын буруу бодлого яваад байгаад харамсч байна. Өөрөөр хэлбэл, татварын мөнгө шоуны мөнгө болчихоод байна.
Тиймээс ард түмний мөнгөөр тоглож тархи угааж байгаа Засгийн газрыг шүүхэд өгмөөр байгаа юм” гэв.
Худалдаа эрхлэгч, худалдан авагч хоёрын хооронд үл ойлголцол үүсээд байна
Хуульч, өмгөөлөгч Т.Атармаа “Жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хураан авч, дэлгүүрийг нь хаана гэж дарамталж ажил хийх боломжгүй болгох гээд байна. Энэ хүмүүс манайд бидний эрх ашиг буюу Монголын ард түмний эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байгаа тул хамгаалаач ээ гэж хандсан. Эдний гол бэрхшээл нь худалдан авалт хийж байгаа иргэдийн дунд үүсээд байгаа зөрчлийн асуудал, эд өөрсдөө дур мэдээд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмчихсэн мэт ойлголт сэтгэгдэл худалдан авалт хийж байгаа иргэдэд төрүүлээд байна.
Үнэндээ эдийн засаг хямарсан энэ цаг үед зээлээс зээлийн хооронд өрөндөө баригдан амьдарч байгаа жирийн ард түмэнд НӨАТ-ын шинэ хуулийн хэрэгжилт дарамт болоод байгааг ойлгохгүй байна. Түүнээс гадна энэ хуулиар 20 сая, 50 сая, 200, 400 саяын азтан тодорлоо гээд шуугиад байх юм. Үнэхээр энэ тохирол үнэн зөв явагдаж байна уу гэдэг дээр хуулийн байгууллага ШӨХТГ-аас хяналт тавьж ажиллах ёстой” гэлээ.
Дашрамд дуулгахад, зургаан дүүргийн 8000 гаруй худалдаа үйлчилгээ эрхлэгчид энэ хуулийг эсэргүүцэж, зарим зүйл заалтад нь нэмэлт өөрчлөлт оруулахыг, мөн эрх ашгийг нь хамгаалж өгөхийг хүсч Нийтийн эрхийг хамгаалах холбоонд хандсан байгаа ажээ.
О.Сайхан
URL: