Хил дамнасан эрчим хүчний түншлэл
Зүүн хойд Азийн бүсэд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон гэсэн зургаан улс багтдаг. Эдгээр орны эрчим хүчний эрэлт ирэх 20 жилд дэлхийн дунджаас хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Газрын тос, байгалийн хий, нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний баялаг нөөцтэй энэ бүс нутагт дэлхийд эрчим хүчний хэрэглээгээрээ тэргүүлэгч орнууд оршдог.
Зүүн хойд Азийн орнууд дэлхийн эдийн засгийн тавны нэгийг бүрдүүлж байна
Дэлхийн эдийн засгийн тавны нэгийг бүрдүүлж буй Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний салбар дахь нэгдэл улам хүчээ авах нь. Гэхдээ БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсад тулгамдаж буй асуудлын нэг нь эрчим хүчний хангамж юм.
Хөгжиж буй болон хөгжингүй эдийн засагтай эдгээр орны эрчим хүчний импортын хамаарлын хувь хэмжээ өндөр хэвээр байна. Энэхүү хэрэглээг хангах боломж газрын тос, байгалийн хийн томоохон үйлдвэрлэгч ОХУ болон нүүрс, сэргээгдэх эрчим хүчний ихээхэн нөөцтэй манай улсад байгаа юм.
Бүс нутгийн өсөн нэмэгдэж буй хэрэглээ нь эрчим хүч экспортлогчдын анхаарлыг ихээхэн татах болсон. Дэлхийн эрчим хүчний хэрэглээний гурван квт тутмын нэгийг Зүүн хойд Азийн орнууд дангаар хангаж байгаа гэсэн статистик бий. Эрчим хүчний хил дамнасан хамтын ажиллагааг хөгжүүлэхээр зорьж буй энэ бүс нутгийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалт Улаанбаатар хотноо пүрэв гарагт эхэллээ. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй “Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт хоёрдугаар уулзалтын хүрээнд 2040 он хүртэлх эрчим хүчний бүс нутгийн ирээдүйн зураглалыг гаргах юм.
Энэ удаагийн уулзалтыг Монгол Улсын Гадаад хэргийн яам, Эрчим хүчний яамны ивээл дор Стратегийн судалгааны хүрээлэн, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн хамтран зохион байгуулж байна. Уулзалтын нээлтэд Гадаадын хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар оролцсон юм.
Хил дамнасан эрчим хүчний түншлэлийг эхлүүлэх, түүний хэлхээ холбоог сайжруулна
Азийн эдийн засгийн 70 хувийг бүрдүүлж буй Зүүн хойд Азийн орнууд дэлхийн эдийн засгийн хөгжлийн гол тулгуур бүс нутгийн нэг болох боломжтойг зарим судалгаанд дурдсан байдаг. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт “Зүүн хойд Азийн орнуудад хил дамнасан эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлснээр бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний системийн тогтвортой байдал, түүний үр ашиг дээшлэх юм.
Ингэснээр оролцогч орнуудын эдийн засгийн хөгжлийн үндсэн тулгуур болох дотоодын эрчим хүчний аюулгүй байдал, найдвартай хангамж шинэ шатанд гарна” гэж тэмдэглэлээ.
Зүүн хойд Азийн орнуудын хүрээнд эрчим хүчний хамтын ажиллагаа төдийлөн өндөр бус, системийн уялдаа холбоо сул байгаа. Тиймээс уулзалтад оролцогчид тус бүс нутагт эрчим хүчний хэлхээ холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг ул суурьтай, нээлттэй хэлэлцэж байна. Үүсээд буй асуудалд хамтран ажиллах арга замыг эрэлхийлж байгаа нь энэ. Тэр тусмаа хил дамнасан эрчим хүчний түншлэлийг эхлүүлэх, түүний хэлхээ холбоог сайжруулах асуудлыг уулзалтын эхний өдөр хөндсөн юм.
- Дэлхийн нийт эрчим хүчний 23 хувийг БНХАУ дангаар хэрэглэдэг.
- Бүс нутгийн эрчим хүчний 2040 он хүртэлх хэтийн зураглалыг тодорхойлно.
- Азийн эдийн засгийн 70 хувийг Зүүн хойд Азийн орнууд бүрдүүлж байна.
Дэлхийн эрчим хүчний балансын дөрөвний нэг нь Зүүн хойд Азид төвлөрөхөөр байгаа. Тиймээс бүс нутгийн орнуудын эрчим хүчний үйлдвэрлэлийн харьцааг сайжруулах, үр ашгийг нь нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага үүсэж байна.
Үүнээс гадна эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний оролцоо чухал аж. Манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоогоо ашиглан бүс нутгийн эрчим хүчний хурдацтай өсөн нэмэгдэж буй хэрэглээний тодорхой хэсгийг хангах боломжтойг дээрх уулзалт тодотгов.
Бүс нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн төслүүдийг дэмжих, хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг Д.Дэлгэрцогт ярьсан юм. Тэрбээр “Бүсийн хэмжээнд эрчим хүчний хэлхээ холбоог хөгжүүлэхэд суурь судалгааны хамтарсан төслүүд ач холбогдолтой” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлын талаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг 2013 онд анх дэвшүүлсэн байдаг. Энэ санаачилгын хүрээнд манай улс эхний уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Дээрх санаачилга нь Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудтай олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, яриа хэлэлцээг идэвхжүүлэх зорилтоос эхтэй юм.
Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
URL: