Амиа алдсан шинжээчийн хэрэг хуулийнхны хооронд замхарч байна
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны даргаар ажиллаж байсан залуу жилийн өмнө учир битүүлгээр нас барж, өдий болтол хэрэг нь шийдэгдэхгүй байгаа аж. Тухайн үед юу болсон талаар талийгаачийн аав Ч.Энхээтэй ярилцлаа.
-Юуны өмнө та өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Чулууны Энхээ гэдэг. Би Увс аймгийн Түргэн сумын уугуул. Манайх гурван хүүхэдтэй байсан. Гэтэл нэг сайхан хүүг маань хорвоо булаачихлаа. Би Байгаль орчны чиглэлээр 31 жил ажилласан, одоо Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд ажиллаж байна. Эхнэр маань бас байгаль орчны мэргэжилтэй. 25-хан настай төрийн ажлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан сайхан хүүгээ бусдын гарт алуулсандаа харамсан, гашуудаж үнэн зөвийг нь тогтоолгохын төлөө хаана ямар байгууллага, хүн байна хандаж гомдол, өргөдөл бичиж сууна даа. Нааштай хариу өгч байгаа газар алга. Монгол Улсын хууль хяналтын байгууллага хуулийг гууль болгож дадсан, жирийн иргэдийг хохироож сурсан тийм л байгууллагууд байдаг юм байна гэсэн ойлголттой болчихоод байна.
-Хүү чинь хаана, ямар ажил алба эрхэлж байсан. Тухайн үед юу болсон юм бэ?
-Миний хүүг Баяраа гэдэг. 2012 онд Цагдаагийн академийг Криминалистикийн шинжээч-эрх зүйч мэргэжлээр төгсөж аймгийнхаа Шүүхийн шинжилгээний албанд томилогдож ирээд шинжээч, ахлах шинжээч, 2014 оноос тус албаны даргаар ажиллаж байсан юм. Тэгээд тэр жилийнхээ арваннэгдүгээр сарын 25-нд ажлаасаа ирээд амарч байтал утас нь дуугарч 2-3 удаа ярьсан. Ярих үедээ өмнө уурлаж байгаагүйгээр уурлаж ажлын газрынхаа түлхүүр, үнэмлэхээ аваад гарсан.
Шөнө дунд утас руу нь залгасан чинь утсаа авсан мөртлөө цаанаа эрэгтэй хүмүүстэй “Та нар намайг дарамтлаад байна шүү дээ” гэж хоёр удаа хэлээд утас нь тасраад холбогдох боломжгүй болчихсон. Маргааш орой нь Хөвсгөл аймгийн Дэлгэрдалай гэгч над руу залгаад хүүгийн нэрийг хэлж нас барчихсан гэсэн. Гэртээ хүрээд ирэхэд хүүгийн маань цогцсыг өрөөнд оруулаад шалан дээр эгц дээш харуулаад тавьчихсан цагдаагийн хоёр ажилтан, бас нэг улаан хүрэмтэй залуу, нөгөө Дэлгэрдалай нар байсан. Юу болсныг асуухад “мэдэхгүй, энэ залуу машинд тасарчихсан байна” гэсэн. Ингэж миний хүүгийн цогцсыг Тахарын албаны даргын хувийн машинаар гэрт авч ирсэн байна лээ. Удалгүй Цагдаагийн газрын дарга тэргүүтэй хүмүүс, үзлэгийн багийн бүрэлдэхүүн ирсэн. Ажлын газрын хүн нь хүүг маань өнгөрсөн шөнө эрүүлжүүлэхэд хоносон. Өглөө нь гарахад цагдаагийн гаднаас Тахарын албаны дарга хүмүүстэй авч яваад айлын хашаанд архи ууцгаасан байна гэхэд бид учрыг нь ойлгосон юм.
Хүүг маань гэрээсээ гардаг орой баарнаас цагдаа нар эрүүлжүүлэх байранд аваачиж хүч хэрэглэсэн, зодсон гэдгийг хүмүүс хэлээд байхад цагдаагийн газрын дарга, удирдлага, мөрдөн байцаагчид, хяналтын прокурорууд огт авч хэлэлцэхгүй өдий хүрлээ.
-Та тэгэхээр хууль хяналтын байгууллагынхныг хардаж байгаа юм уу?
-Бид олон газар, албан тушаалтанд хандлаа. Увс аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, газрын дарга, Аймгийн Прокурорын газрын дарга, ЦЕГ, Улсын Ерөнхий прокурын газар, Хан-Уул дүүргийн Прокурорын газар, Улсын мөрдөн байцаах газрын дарга, Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаах хэлтэс, Хууль зүйн сайд, Ерөнхийлөгчид хандаж хэргийн үнэн зөвийг тогтоолгох, шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Бид хэн нэгэнд өс хонзон санаж шийтгүүлэх гэсэндээ биш зөвхөн үнэн мөнийг л олох гэж бодож хүсч эрмэлзсээр өдий хүрлээ. Наад зах нь энэ хэрэгт холбогдолтой хүмүүсийг, арваннэгдүгээр сарын 26-ны орой эрүүлжүүлэх байранд хүргээд нэг байранд оруулж хонуулсан нь тэднийг үгээ нэгтгэх, хэргээ нуун дарагдуулахад хүргэсэн том алдааг цагдаа, прокурорынхон гаргасан байдаг. Мөн маргаашнаас нь эхлэн бүгдийг гадуур чөлөөтэй явуулж хэрэгт холбогдогчдыг нэр төдий гэрч байдлаар байцааж, нотлох ёстой зүйл заалтуудыг оромдсон байдлаар явуулж Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг зөрчсөн гэх мэтээр хэргийн үнэн зөвийг олох, тогтоох талаар хангалтгүй ажилласан. Зарим гэрчтэй нүүрэлдүүлэн шалгуулахгүйгээр эгэл жирийн иргэн биднээр элэг тохуу хийх маягаар энэ хэргийг эзгүйдүүлж, хүчгүйдүүлж байгаад туйлын их гомдолтой байна.
-Танд хэргийг нотлох баримт байгаа юм уу?
-Ганц жишээ хэлэхэд Аймгийн Цагдаагийн мөрдөн байцаагчид зарим хүмүүстэй нүүрэлдүүлэн байцаалт явуулж өгөхийг хүссэн хүсэлт бичгээр гаргасан боловч нүүрэлдүүлэхээс татгалзсан тухай хариу өгсөн. Мөн эрүүлжүүлэхээс гаргахдаа үзлэг хийж гаргасан гэж эрүүлжүүлэхийн эмч тэмдэглэл хөтлөхдөө 08:00 цаг гэхэд гарчихсан байсан хүнийг 10:00 цагт үзлэг хийж гаргасан мэтээр хуурамч баримт бүрдүүлж хавтаст хэрэгт хавсаргасан байсан. Дээрээсээ даалгавар авчихаад ийм ёс төдий зүйл хийгээд байна гэж бодож байгаа. Анх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ажлын хэсэг ирж хүүгийн цогцост задлан шинжилгээ хийгээд дээж авч яваад 29 хоногийн дараа хариуг нь ирүүлсэн байсан. Хариу ирснийг хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч бидэнд хэлээгүй байхад гадны хүн хэлж, байцаагч руу ярьж асууж байж очиж танилцсан юм. Цагдаагийн албан хаагч мөрдөн байцаагч ажилдаа ингэж хандаж, энэ хэргийг эзгүйдүүлэх шинж анхнаасаас гаргаж байсан.
Задлан шинжилгээний хариуг хохирогч бид огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл талийгаач хүүгийн маань хувцас нь бүтэн мөртлөө цаана нь биед маш олон тооны зулгаралт, шарах соривтой, өмдөндөө өтгөн шингэнээ гаргачихсан, бусдын нөлөөнд автсан шинж байдал байсаар байхад архины хордлогоор нас барсан гэж байгааг бид хэзээ ч зөвшөөрөхгүй.
-Цаашид яах бодолтой байна. Үнэн зөв нь олдох найдлага байна уу?
-Бидэнд албан бичгээр 33 хариу ирсэн. Хариулт бүхэн нь нааш цаашаа дамжуулсан, шилжүүлсэн, хэрэгсэхгүй болгосон гэх мэт нэг загварын ёс төдий бичиг байдаг. Ерөнхийлөгч, Хууль зүйн сайд бидэнд өгсөн хариуны мөрөөр ямар арга хэмжээ авахыг хүлээж байна. Ер нь манай хууль хяналтын байгууллагын хүмүүс энэ хэргийг нэг нэгэн рүүгээ түлхсэн, эзэнгүйдүүлэх, саармагжуулах, хүчгүйдүүлэх гэсэн арга саам эрсэн тийм л ажиллагаа явуулдаг нь илэрхий байна. Бас нэгэндээ нөлөөлсөн байдал харагдаж байгаа. Жишээ нь Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч хэргийг хагас өдөр хүрэхгүй шахам шалгахдаа зарим гэрчийг чиний хэлсэн үг ярианаас болоод энэ хэрэг буцаад байна гэж хэлсэн байсан. Бас нэг ноцтой асуудал бол эрүүлжүүлэхийн камерийн бичлэгийг устгасан. Эрүүлжүүлэхэд ороод маргааш нь хүн амь насаа алдчихсан байхад камерийн бичлэгийг нь хуулж авч хэрэгт хавсаргах талаар үүрэг чиглэл өгөөгүй нь манай цагдаагийн газрын даргын хариуцлагагүй буруутай үйлдэл гэж үзэхээс өөр юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Үнэн зөвийг олтлоо тэмцэнэ.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: