Нэг сая жуулчны үлгэр

3-21-3_700x700

Дэлхийн аялал жуулчлалын хамгийн гол төв цэг болж, жуулчлал хийгээд худалдааны хөгжлийн төлвийг тодорхойлдог “Ай Ти Би Берлин” экспо энэ сарын 9-13-нд Германд болж өнгөрлөө. Энэхүү үзэсгэлэнд оролцох нь тухайн улсын гадаад зах зээл дэх нэр хүндийг тодорхойлж, туурга тус­гаар үндэстнээ дэлхийн тавцанд сурталчлан мэдээ­лэх томоохон боломж олгодог билээ.

Жил бүр зохиогддог энэ үзэсгэлэнд улс орон бүр өндөр ач холбогдол өгч байна. 180-аад орны 10 мянга орчим компани тогтмол оролцож бараа бүтээгдэхүүн, үйл­чилгээгээ сурталчилдаг бол дунджаар 100 мянга орчим хүн үзэж сонирхдог гэсэн тооцоо бий.

Манай улсын хувьд энэ үзэсгэлэнд 1989 оноос эхлэн нэгдэж, 2000 оноос хойш жил бүр тасралтгүй оролцож иржээ. Өнгөрсөн жил бид Түнш орны онцгой статустайгаар оролцсон нь томоохон ололт байв. Өөрөөр хэлбэл, тухайн жилийн Түнш орон нь үзэсгэлэнгийн онцгой зочин болж онцгой эрхтэйгээр бүх нийтийн анхаарлын төвд байдаг. Түүнчлэн Түнш орноор оролцсоноор тухайн оронд ирэх жуулчдын урсгал 15-30 хувь нэмэгддэг гэсэн судалгаа ч байдаг юм байна.

Тухайлбал, 2010 онд мөн л Түнш орноор оролцсон Турк улс 2010 онд жуулчдын тоо 28,6 сая байсан бол 2011 онд 31,4 сая болж есөн хувиар, улмаар 2012 онд 39,7 сая болж 26 хувь, 2013 онд дахин 20 хувь өссөнөөр дэлхийд хамгийн их жуулчин хүлээн авдаг улсуудын  VI бичигдэж байжээ.

Өнгөрсөн жилийн хувьд Монгол Улс 178 мянган үзэгч бүхий албан ёсны үйл ажиллагааг  нээж, олон улсын 3600 VIP зочдод зориулсан хурал, гала концерт болон Монгол Улсын соёл, зан заншлыг харуулсан хүлээн авалт хийж, аялал жуулчлалын мэргэжлийн хурал чуулган, дугуй ширээний ярилцлага зэрэг есөн удаагийн илтгэл тавих зэргээр ихээхэн идэвхтэй оролцсон байна.

Тэгвэл энэ жил Монгол Улс энэхүү үзэсгэлэнд хэрхэн оролцсон бэ. Өнгөрсөн жилүүдэд хэвлэл мэдээллээр сүр дуулиантайгаар мэдээлдэг байсан “Ай Ти Би Берлин” үзэсгэлэнгийн талаар энэ удаад Монголд чимээ шуугиангүй байсаар болж өнгөрчээ. Ингэхдээ Улаанбаатар хот хоёр дахь удаагаа бие даан оролцож буй аж. “Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын Яам, Нийслэлийн Ая­лал жуулчлалын газар, Монголын аялал жуулч­лалын холбоо, МИАТ ХК болон зургаан тур оператор компани, үндэсний урлагийн хамтлаг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр зургаа хоногийн турш улс, хотын аяллын мэдээлэл өгч, сурталчилгаа явуулж ажиллалаа” гэснээс өөр олигтой мэдээлэл бидэнд байсангүй.

Харин олон нийт юу хүлээж байсан бэ. Түнш орноор оролцсон Монгол Улс энэ удаад ямар үр дүнгээр үзэсгэлэнд бэлэг барьж, жуулчдын урсгалыг өөртөө татах өвөрмөц содон зүйл сэдэх бол. Монгол хүн бүр энэ удаагийн үзэсгэлэнгээс ямар үр дүн хүртэх вэ гэсэн асуулт байлаа. Гэвч энэ бүхэн асуултын тэмдэг хэвээрээ үлдэж, аялал жуулчлалыг хэзээ орлогын том эх сурвалж болгох вэ гэсэн асуулт эдийн засгийн хямралтай зэрэгцээд ургасаар байна.

Энэ үзэсгэлэн бол дэлхийн аялал жуулч­лалын төв нь. Энд оролц­соноороо суусан газраасаа шороо атгасан Турк мэтийн улсууд олон. Гэтэл манай орон олон жил тасралтгүй оролцож байгаа хэр нь сүүлийн үед жуулчдын тоо дандаа буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн аялал жуулчлалын газрын цахим хуудаст мэдээлснээр манай улс 2014 онд 392 мянга, 2015 онд 386 мянган жуулчин хүлээн авчээ. Харин энэ оны эхний нэг сарын байдлаар өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 17231-16708 болж буурсан дүнтэй байна.

Өнгөрсөн жилийн “Ай Ти Би Берлин” үзэсгэлэнд оролцоход улсын төсвөөс чамгүй хөрөнгө гаргаж, наана нь хэвлэл мэдээллээр шуугиан намжилгүй байсаар нээлтийн өдөртэй золгож байлаа. Харин энэ жил нам гүм дунд хэдхэн албан мэдээнээс өөр зүйл бидэнд алга.

Засгийн газраас энэ онд гаднаас ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт тавьсан. Статистик сөхвөл, 2013 онд 417 мянга, 2014 онд 392 мянган жуулчин манай улсад хөл тавьжээ. Бид өнгөрсөн жил ч гэсэн жуулчдынхаа тоог нэг саяд хүргэнэ гэж мэдээлж байлаа. Гэвч үүнээс гурав дахин бага үр дүнд хүрснийг баримт харуулж байна. Тэгвэл энэ жил улиг болсон өнөөх нэг сая гэсэн тоонд хүрэхийн тулд энэ салбарт өрсөлдөхүйц хүч, хөрөнгө оруулалт, гадаад зах зээлийн менежмент хэрэгтэй байна. Үүний томоохон хэсэг нь уг нь “Ай Ти Би Берлин” үзэсгэлэн.

Бид Туркийн амжил­тын ядаж талд нь хүрэ­хийн тулд мэдээлэл сурталчилгааныхаа хүр­тээм­жийг нэмж, гад­ны хэвлэлүүд болоод жуулч­дын анхааралд өртөхүйц байдлаар энэхүү үзэсгэлэнд хөрөнгө хаяж оролцох цаг нэгэнт болоод байна.

Ялангуяа, эдийн засгийн хямралтай байгаа энэ он жилүүдэд ганц уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтад найдаж суулгүй аялал жуучлалыг бодитоор тэргүүлэх салбараа болгох шаардлага тулгарч байна.

Ж.Цогзолмаа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих