Дахиад л Боинг…
Хамгийн найдвартай, хамгийн сайн гэж тооцогддог “Боинг” компанийн үйлдвэрлэсэн онгоц дахиад л сүйрлээ. Арабын нэгдсэн Эмират улсын иргэний агаарын тээврийн “FlyDubai” компанийн “Боинг-737-800” онгоц Дубай-Доны Ростов чиглэлд нисч яваад буух үедээ осолджээ. Осол гарах үед Ростов хотод цаг агаарын байдал маш муу, үзэгдэх орчин хангалтгүй, салхины хурд 28 м/с хүрч байсан гэнэ.
Гэрчүүдийн өгүүлснээр, онгоц газардах гэж хоёр удаа оролджээ. Эхний оролдлого бүтэлгүйтсэн ч эргэн хөөрч чадсан бол хоёр дахь удаагийн оролдлого сүйрлээр төгссөн байна. Цаг агаар сайжрахыг хүлээн хотын дээгүүр хоёр цаг гаруй эргэлдсэн учир шатахуун дуусах дөхсөн байж. Улмаар буух талбайгаасаа 50-100 метрийн наана газардахдаа хошуугаараа газар хатган унасан аж. Онгоцонд 55 зорчигч сууж явжээ. 18-ны шөнө буюу онгоц сүйрсний дараа Татарстаны Онцгой байдлын яамны сайтад уг онгоцонд сууж явсан зорчигчдын нэрсийн жагсаалтыг нийтэлсэн бөгөөд хачирхалтай нь тэнд 54 хүний нэрс бичигдсэн байсан юм. Эрүүлийг хамгаалах яамны эх сурвалжийн хэлснээр, цогцоснуудыг одоогоор Шүүх эмнэлэгт хүлээлгэж өгөөгүй гэнэ.
Осол гарсны дараа нисэх буудлын үйл ажиллагааг зогсоосон бол “FlyDubai” бүх нислэгээ цуцалсан байна. Ослын газар Онцгой байдал, цагдаагийн албаны 130 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг аврах ажиллагаа явуулж байгаа юм байна. Амь үрэгдсэн 55 зорчигчийн 54-ийнх нь цогцсыг олж, нас барсан болохыг нь тогтоожээ. Амиа алдагсдын ар гэрийнхэн болох 600 гаруй хүн нисэх буудалд цугларч, сэтгэл хөдлөлөө янз бүрээр илэрхийлж байгаа учир сэтгэлзүйчдийн багийг томилон ажиллуулахад хүрчээ.
Ростов мужийн захирагч Василий Голубев өчигдрийг гашуудлын өдөр болгон зарлаж, амиа алдагсдын ар гэрийнхэнд сэтгэл санааны болон эд материалын туслалцаа үзүүлэхээ илэрхийлжээ.
“Боинг 737” хамгийн хүнд онгоц
Иргэний агаарын тээврийн салбарт “Боинг 737” онгоц осолдсон тохиолдол өмнө нь 73 удаа гарч байжээ. Хачирхалтай нь, сүүлийн хоёр тохиолдол нь ОХУ-д тохиолоо. 2013 онд Казань хотноо “Боинг 737” онгоц осолдож байсан билээ.
“Боинг 737” нь иргэний агаарын тээврийн зориулалтаар бүтээгдсэн онгоцуудаас хамгийн хүнд гэж тооцогддог аж. 1967 онд анх үйлдвэрлэж эхэлснээсээ хойш 2014 оны байдлаар 8000 гаруй ширхэгийг үйлдвэрлэсэн, цаашид дахин 4000 ширхэгийг үйлдвэрлэх захиалга аваад байгаа юм байна. Түүнчлэн иргэний агаарын тээвэрт хамгийн түгээмэл ашиглагддаг бөгөөд ямар ч үед дунджаар 1200 ийм загварын онгоц тэнгэрт нисч, таван секунд тутамд нэг онгоц газардаж байдаг аж.
Ослын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа ч хэвлэлүүд янз бүрээр таамаглан бичсээр байна. Тэдгээр мэдээллээс үзвэл онгоцны жолоодлогын системд гэмтэл гарсан байх гэсэн хардлага давамгайлж байгаа юм. “Боинг” онгоц дэлхийн хамгийн найдвартай агаарын тээврийн хэрэгсэлд тооцогддог ч бүтээгдсэн цагаасаа хойш энэ удаагийнхыг оруулаад 174 дэхээ сүйрээд байгаа юм байна. Эдгээр 174 удаагийн ослоос болж 3900 орчим хүн амь насаа алдсан гэсэн судалгаа гарчээ.
Х.Батсайхан
Эх сурвалж: Ардын эрх
URL: