Н.Ариунболд: Тариалалтын талбай нэмэгдэх ч үрийн буудай 20 орчим мянган тонноор дутахаар байна

 Хаврын тариалалтын талаар ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдтой ярилцлаа.

http://undesten.mn/uploads/posts/2016-03/1457588947_12825306_1152673058085656_240262458_n.jpg-Хаврын тариалалт хэзээ эхлэх вэ. Улсын нөөцөд үрийн буудай хэр байгаа вэ?

-Өнгөрсөн жилийн хаврын тариалалтын өмнө Тариалан эрхлэлтийг дэмжих сан 2000 гаруй тонн үрийн буудайтай байсан. Тэр үед хадгалсан энэ үр хүрэлцэхгүй байсан учир зээлээр үрийн улаанбуудай авч, арай чүү болгосон. Өнөө жилийн хувьд өнгөрсөн намар ургац алдсантай холбоотой улаанбуудайн үр дутах тооцоо гарсан. Тариалан эрхлэлтийг дэмжих сан 6500 тонн үрийн улаанбуудайг иргэд аж ахуйн нэгжээс зээлээр болон өрөндөө худалдаж авсан. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын харьяа улсын нөөцөд 5000 орчим тонн үрийн улаанбуудай байна гэсэн мэдээг ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, улсын мэдэлд 12 мянган тонн үрийн улаанбуудай байна. Түүнийг шаардлагатай байгаа өргүй аж ахуйн нэгжүүдэд тодорхой нөхцөл, хөнгөлөлттэй үнээр болон зээлээр худалдах боломжийг судалж байна. Үүнд хамрагдах аж ахуйн нэгжүүддээ Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас санал хүргүүлж, захиалга авсан.

-Энэ жилийн тариалалтад хэчнээн тонн үрийн улаанбуудай шаардлагатай вэ. Хэрэв үр дутвал яаж нөхөх вэ?

-Дээр хэлсэнчлэн улсын нөөцөд болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд байгаа 12 мянган тонн үрийн улаанбуудай нь тариалалтад шаардлагатай нийт улаанбуудайны 20-25 хувийг л хангаж байгаа юм. Ингээд тооцохоор улсын хэмжээнд 20 орчим мянган тонн үрийн улаанбуудай дутна. Дутуугаа зайлшгүй гадаадаас оруулж, нөхөх шаардлагатай гэж үзэж, өнгөрсөн намар ХХААЯ-наас Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн. Хуралдаанаас 20 мянган тонн үрийн улаанбуудайг импортлохоор болсон. Улсын төсөвт үрийн улаанбуудай худалдан авах мөнгө суугаагүй учир тариаланчид, аж ахуйн нэгжүүд санхүүгийнхээ нөөц бололцоонд тулгаарлаж импортлох бүрэн боломжтой. Үүнтэй холбогдуулан тариалан эрхлэгчдэдээ дэмжлэг үзүүлэх үүднээс үрийн улаанбуудайг импортын НӨАТ-ын болон гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл санаачилж, Засгийн газарт оруулж УИХ-аар шийдвэрлүүллээ. Өөрөөр хэлбэл, 20 мянган тонн үрийн улаанбуудайг тариаланчид гаалийн татваргүйгээр импорт-лох боломж бүрдсэн. Өнөөдрийн байдлаар 30 гаруй аж ахуйн нэгж 14 мянган тонн үрийн улаанбуудай импортлохоор зөвшөөрлөө аваад ОХУ болон бусад улс оронтой гэрээ хэлцлээ хийхээр явсан байна. Богино хугацаанд шаардлагатай зөвшөөрөл, квотыг олгоно.

-Өнгөрсөн жилийн урамшууллаас үлдсэн өр байгаа шүү дээ. Түүнийг өгч дуссан уу. Энэ жилийн хувьд хэдэн төгрөгийн урамшуулал олгох вэ?

-Улсын төсөвт суулгасан 25 тэрбум төгрөгийг тонн тутамд нь 70 мянган төгрөгөөр тооцож өнгөрсөн жилийн хоёрдугаар сард олгосон. Үүний дүнд өнгөрсөн жилийн урамшууллаас ямар ч өр үлдээгүй. 2016 оны улсын төсөвт суулгасан тодорхой хэмжээний урамшууллын хөрөнгийг энэ жил Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурилын үйлдвэрүүдэд тушаасан буудайнд тооцож олгоно. Гэхдээ урамшууллыг тариаланчдад олгохдоо авч байгаа дэмжлэгтэй нь холбож, яг хэрэгцээ шаардлагатай тариаланчдад олгох талд анхаарна. Яг хэдэн төгрөг, ямар хэмжээтэй байх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ сарын 10-ны дотор нийт тариаланчид Тариалан эрхлэлтийг дэмжих санд мэдээгээ өгсөн. Урьдчилсан байдлаар 100 гаруй тонн буудай тушаасан гэсэн мэдээ байна.

-Энэ жил тариаланчдад үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Яамнаас шатахуун, үр, бордоо, ургамал хамгааллын бодисоор дэмжлэг үзүүлж ажилладаг. Энэ жил хаврын тариалалт уринш бэлдэх, намрын ургац хураалтад зориулж 20 мянган тонн дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Тариалалтын үеэр хэрэглэх шатахууны онцгой албан татварыг чөлөөлөөд өгвөл тариаланчид шатахуунаа зах зээлийн үнээс 30 орчим хувийн хямдралтай үнээр худалдаж авах боломжтой болно. Энэ нь эргээд тухайн бүтээгдэхүүний нэгж үнийг бууруулах, цаашлаад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа. Мөн энэ жил ХХААЯ, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд бордооны зохистой хэрэглээг хангах төслийг хэрэгжүүлж түүнийг Засгийн газраас дэмжсэн. Өөрөөр хэлбэл, 7000 орчим тонн бордоог тариалалтад зориулж тариаланчдад 60 хувийн хөнгөлөлттэйгөөр ирэх сарын эхээр худалдана.

-Техникийн талд ямар тусламж үзүүлэх вэ?

-БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа төслийн үр гэлж-лэл болж өнгөрсөн жил дунд оврын техник хэрэгслийг худалдан авч компаниудад зээлээр олгосон. Энэ жил ч үргэлжилнэ. Бас Тариалан эрхлэлтийг дэмжих санд үлдсэн 40 орчим машин, механизм, чиргүүлийг энэ жил олгоно. Түүнчлэн бусад эх үүсвэрээс техник туслалцааны асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

-Энэ хавар хэр хэмжээний талбайд улаанбуудай тариалах вэ?

-Өмнө нь гаргасан төлөвлөгөөгөөр 350 орчим мянган га-д тариалалт хийнэ гэж тооцоолсон байсан. Үүнээс 301 мянган га-д улаанбуудай тариалахаар төлөвлөсөн юм. Өнгөрсөн жилийн гангаас болж энэ тооцоо өөрчлөгдсөн. Өнгөрсөн намар зарим аж ахуйн нэгж ургацын болц гүйцэхийг хүлээж байсан ч гүйцээгүй. Үүнтэй холбоотойгоор тариаланчид намар талбайгаа уриншилсан. Өөрөөр хэлбэл, тариагаа хураах боломжгүй болонгуут өнөө талбайгаа уриншилсан хэрэг. Ийм шалтгаанаар улаанбуудай тариалах талбай нэмэгдсэн. Тодруулбал, энэ жил 406 мянган га-д улаанбуудай тариална гэсэн төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн оны яамны төлөвлөгөөнөөс 100 орчим мянган га-гаар тариалалт нэмэгдэхээр байгаа. Үрийн буудай дутагдах болсон шалтгааны нэг нь энэ.

М.Энхцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих