Хүндийг өргөлтөөр цахиур хагалж буй хүчирхэг бүсгүй

Хүндийг өргөлтийн төрөлд эх орондоо төдийгүй тивдээ нэрээ гаргаж яваа залуу тамирчин олон улсын хэмжээний мастер, өнгөрсөн онд дэлхийн чансааг тэргүүлсэн Мөнхжаргалын Анхцэцэгийг энэ удаа онцолж байна. М.Анхцэцэг “Нанжинь-2014” өсвөр үеийнхний олимпийн наадмын дөрөвдүгээр байрын шагналт, Тайландын Эзэн хааны цомын тэмцээний алт, мөнгө, Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл, өсвөр үеийнхний азийн аваргын хошой мөнгөн медальт, Монгол Улсын өсвөр үе, залуучуудын тус бүр гурав, насанд хүрэгчдийн дөрвөн удаагийн аварга. Тэрээр өөрийгөө гурван багштай гэдгээ онцлох дуртай.

Нийслэлийн 114 дүгээр сургуульд сурч байх үед нь Ё.Цэрэнням багш хүндийг өргөлтийн дугуйлан хичээллүүлэхэд орж, энэ багшаараа болон дасгалжуулагч Т.Чулуунпүрэв нараар хүндийг өргөлтийн “А”-г заалгажээ. Харин дараа нь одоогийн багш ОУХМ Ц.Хосбаярын шавь болсон аж. М.Анхцэцэг спортын энэ төрлийг ихэд сонирхож бүр дурласан болохоор 2008 онд ердөө аравхан настайдаа секцэнд орсон гэдэг. Эцэг эх нь цэргийн хүмүүс, хот хөдөөг сэлгэн аль шаардлагатай газар ажиллаж хөдөлмөрлөж явдаг, өөрөөр хэлбэл амьдралын хатуу хүтүүг ажирдаггүй хүмүүс болоод ч тэр үү, жаахан охин нь эрчүүдийн гэхээр спортод татагдаад байхад нь огтхон ч дургүйцээгүй гэсэн. Тэрээр нагац ахдаа хөтлүүлж очоод л энэ спортын талбарт хөл тавьжээ. Тэр цагаас хойш өнөөг хүртэл хүндийг өргөлтөөр тууштай хичээллэж, олон ч тэмцээний ард гараад байна. Тэрээр өдгөө “Алдар” спорт хороо”, “Үнэн анд” компанийн тамирчин. М.Анхцэцэг хүндийг өргөлтийн нэртэй тамирчин Н.Баярмааг Бээжингийн олимпод хүчтэй өрсөлдөхийг телевизээр хараад угаасаа энэ спортыг сонирхож байсан сэтгэл нь улам дэвэрч энэ спортын замд эргэлт буцалтгүй орсон юм билээ. Тэрээр хүндийг өргөлтөөр 2008 оноос хичээллэж эхэлсэн ч дараа жил нь шууд л насанд хүрэгчдийн тэмцээнд оролцсон.

Тамирчны зам, замнал амаргүй. Шантрах, зүрх зориг алдах үе олон. Хамгийн хэцүү нь бэртэл. Тэрээр бэртээд хэсэг хугацаанд гэртээ байхад нь “Одоо болно, дахиж битгий туйван өргө” гэж хэлээгүй аав, ээждээ, хүнд хэцүү үед нь урам өгч байнга эргэж тойрч байсан найз нөхөддөө маш их баярладаг ажээ. Одоо түүнд бодогдож, хөтлөгдөж, хөглөгдөж байгаа зүйл нь “Рио-2016” зуны олимпийн наадам. Монголын хүндийг өргөлтийн нөхцлийг улсаас төдийлөн анхаардаггүй, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй ч Хүндийг өргөлтийн холбоо бүх талаар зохицуулж, тамирчдаа тэмцээн уралдаанд явахад нь дэмжиж тусалдаг байна. Тийм болохоор амжилтаа ахиулах, олимпийн медаль хүртэхийн төлөө уйгагүй зүтгэж, хувийн бэлтгэлээ сайтар базааж зорилгодоо хүрэхийн төлөө өөрийгөө дайчилж явна. Оргил өөд тэмүүлж яваа түүнд зогсоол гэж бүү байг. Амжилт хүсье.

Д.Жавхлан

Эх сурвалж: Ардын эрх


URL:

Сэтгэгдэл бичих