“Туслах дүр”ийн тулаан

Парламентаас гадна байгаа хүчнүүд нэгдэж, Монголын улс төрд ханхайгаад байгаа гуравдагч хүчний орон зайг эзлэхээр улайрч байна.

Хэн зөв сэтгэж, түрүүлж хөдөлсөн нь сонгуулийн үеэр МАНАН-г гэтлэх луужин болж харагдах учир гологдсон, гомдсон, хөөгдсөн, туугдсан лидерүүд намуудынхаа хуучин нэрийг сэргээж өмчлөхөөс эхлээд хэнд улс төр хийх ямар л гарц байна. Түүнийг “материал голохгүй” ашиглахын төлөө ухаанаа уралдуулсаар.

Нам, хөдөлгөөн, хүчпүүд нийлж, нэгдэж, салж, дахин шинээр төрж байдаг нь улс төрд өрнөдөг л үйл явц. Гэхдээ хэн нэгэн яг одоо гуравдагч хучнээр тодорч, хүч түрэн орж ирэхэд хамгийн таатай, бас эрэлттэй үе тохиож байна.

Учир нь өнөөдрийн улс төрийн үйл явцыг инээдмийн ч юм уу, эмгэнэлт жүжигтэй зүйрлүүлбэл тайзан дээр дандаа л манай талын баатрууд гүйлдээд байгаа юм. Тэдний зарим нь урьд нь “дайсны тал” байсан ч эерэг дүрийн идеалист баатартайгаа эвсчихсэн.

Хүчирхэгжиж, хэнээс ч айхгүй бол тэд эсрэг байтугай туслах дүргүй болсон тул хяналт, хариуцлага, шүүмжлэл, сөрөг хүчин гэх мэт жүжигт өрнөдөг бусад үйл явдал уйтгартай хиймэл болж, үзэгчид цоо шинэ үзэгдэл мөрөөсөх болсон юм. Аз болоход урт, уйтгартай энэ жүжиг өндөрлөх хугацаа дөхчихөөд байгаа учир “туслах дүр”-ийг эзэгнээд, улмаар эсрэг дүр болж дэвшихийн улмаар эсрэг дүр болж дэвшихийн төлөө тайзны ойр орчмоор эргэлдэгчид сэрцгээж байна.

Тэд олон жил тайзнаа ноёрхсон эерэг сорог баатруудын хуйвалдааныг илчилж, буруу бусармагийг нь дэлгэн номхруулах эв арга олж чадах аваас жүжиг маань арай л сонирхолтой, бас ирээдүйтэй болох юм. Гол нь хэн энэ орон зайг эзлэх, эзлэхийн тулд юу хийх, ер нь манай улс төрд гуравдагч хүчин ямар байр суурьтай явж ирэв гэдэг асуултууд гарч ирж байна.

Нэг намын удирдлагаар явж ирсэн манай улсад 1996 оноос л гуравдагч хүчин гэх ойлголт бэхжиж эхэлсэн гэж улс төрч судлаачид үздэг. Жижигчүүд цул болж МАХН-ыг ялснаараа үргэлж манлайлж ирсэн тус намыг хоёрдугаар эгнээнд шилжүүлж чадсан ч өөрсдөө туршлагагүй, эв нэгдэлгүй байсан учир өрсөлдөгчиддөө сөрөг хүчний дүрд чадамгай тоглох бололцоо олгосон байдаг.

Тухайн үеийн Үндсэн хуулийн заалтын дагуу УИХ-аар аливаа хууль тогтоомжийг батлахад дор хаяж 51 хүн санал өгөх ёстой бөгөөд УИХ-д 25 суудалтай МАХН дээр МУНН-ын дарга О.Дашбалбар нэмэгдэн бойкот хийгээд л эрх баригчдыг юу ч хийж чадахгүй болгож байжээ. Нэг хүн гуравдагч хүчнийг цор ганцаараа төлөөлж байсан ч улс төрийг бүхэлд нь гацаах хэмжээнд нөлөөлөх ийм тохиолдол одоогоор манай түүхэнд дахин давтагдаагүй байгаа юм.

Нэгэнт эвсэлийнхний нэр унасан учир 2000 оны сонгуулиар МАХН 74 суудлаар үнэмлэхүй ялсан. Ж.Наранцацралтаас өөр АН-аас хүн сонгогдоогүй болохоор энэ парламентад хоёрдогч хүчин буюу эсрэг дүр гэхээр юм байгаагүй. Бие даан нэг дэвшсэн Л.Гүндалайгийн үйлдэл улс төр дэх сөрөг хүчний дуу хоолойг төлөөлж, мань хүн ч үүнийг овсгоотой ашиглан багагүй алдаршаад амжсан.

Харин АН түүнийг урвуулж, намдаа элсүүлэх нь парламентад сөрөг хүчний төлөөллөө жаахан ч атугай нэмэгдүүлэх сонирхлынх байсан билээ.

2004 оны УИХ-ын сонгуульд голлох улс төрийн нам, эвслүүд тэнцүү суудал авсан нь гуравдагч хүчин том тоглолт хийх бололцоо бүрдсэн. Энэ үед БНН-ын дарга Б.Жаргалсайхан, “Эхорон-Ардчилал” болж сонгуульд орсон ч явцын дунд задарсан МАШСН нам зэрэг, мөн АН-аас өрх тусгаарласан YШH, сайд болохын төлөө Л.Гүндалайгийн байгуулсан “Ард түмний нам” зэрэг нь парламентад гуравдагч хүчний орон зайг эзэлж байв.

Гэвч тэд олон түмэнд хандсан тоглолт хийхээсээ илүү албан тушаалын бялуу хуваалцахын төлөө алалцаад бялуу хуваалцахын төлөө алалцаад таарсан юм. Үүнийг улс төрд хүч түрэн орж ирсэн бизнесийнхэнтэй холбож тайлбарлах нь ч бий.
Гэхдээ энэ нь ч бас залуухан ардчиллын туулах ёстой зам бөгөөд гуравдагч хүчин өөрийгөө товойлгох аргаа олж эхэлсэний илрэл аж. Энэ үеэр парламентаас гадуур дуу хоолойгоо илэрхийлэгчид гарч ирж, ард түмнээс багагүй дэмжлэг авч байсан нь “туслах дүр”-ийн зарчим үйлчилж байсны нэг жишээ.

2008 он… Ойролцоо суудал авсан хоёр гол нам дахиад л хамтрах болов. Энэ удаад тэднийг “7-р сарын 1″ хэмээх аймшигт үйл явдал, нийгмийн нэхэл хатуу хариуцлагыг дангаар үүрэхээс эмээсэн хэрэг гээд хэлчихэд буруутахгүй. Бас хоёр том нам нэгнээсээ өрсөж ахиу санал авах гэсэн амлалт, ашигт малтмалын том ордууд тойрсон ашиг сонирхол ч нөлөөлсөн байх.

Одоо “стандарт бус” нэр зүүж, “МАНАН” гэх хоч авсан нь нэг талаас улс төрийн тоглолт хийх сэдэв, нөгөө талаас сөрөг хүчний дуу хоолой дутагдсаны хам шинж болж байгаа аж. Чухам ийм л нөхцөл байддын улмаас гуравдагч хүчний орон зай тэлсээр байгаа юм.

Тэгвэл төрөлх намынхаа хуучин нэрийг сэргээж, дээр нь бат сууж авсан Н.Энхбаяр, М.Энхсайхан нар энэ орон зайг эзэлж чадах уу. Юуны өмнө тэднийг “хувьсгалт” ч юм уу “үндэсний” гэдэг тодотголд хайртайдаа биш, хоёр гол тоглогчдын дунд нэр нөлөөгөө буцааж, олж авахын төлөө булсан чулууг ухаж авсан гэдгийг санах хэрэгтэй.

Өсч өндийсөн намаа хувааж ганхуулах гэж оролдох нь МАН, АН-тай өрсөлдөхүйц шинэ хүчин болъё гэхээсээ тэдний байр суурийг эзлэх л гэсэн оролдлого болж харагдаж байна. Тиймээс тэднээс өөр зарчим, өөр үзэл баримтлал, өөр зорилго хүлээх нь бүтэшгүй.

Улс төрийн гуравдагч хүчин буюу “туслах дүр”-д амжилтын төлөө бус зарчмын төлөө явах нөхдүүд илүү тохирдог гэдэг.

Удаах нь ИЗ-НН буюу С.Оюун, Д.Энхбат нарын намыг арай магадлалтайд тооцож болох юм. Гэвч дотроо суудлаа олохгүй байгаа буюу нэгдээд зургаан cap болсон ч Иргэний Зориг-Ногоон Нам гэсэн нэршлээ авч чадахгүй байгаа тэд “туслах дүр”-д хүч түрэн орж ирэхэд саад ихтэй.

Дээд шүүх тус намыг бүртгэхгүй байгаа нь нөгөө л нэр тойрсон төвөгтэй гацааны нэг хэлбэр. Аль нэг нь татан буугдаж байж нөгөөдөө нэгдэх учир үүсч болох төвөгтэй нөхцөл байдлаас болгоомжлоод байгаагаа НН-ын дарга Н.Энхбат ярьж байсан. Нөгөөн талд нь Ногоон намын үүсгэн байгуулагч гэгддэг О.Бум-Ялагч, Басандорж нарын хүмүүс ногоон “арьс”-аа булаалдаж байгаа.

Тэд цэвэр экологийн сонирхол бүхий нам өөр үзэл баримтлалтай, ондоо төлөвшилтэй Иргэний зоригтой нэгдэх нь утгагүй гэлцэж байгаа юм. Ямар боловч ИЗ-НН одоохондоо өөрсдийгөө яая гэж байгаа билээ.

Ц.Шинэбаяр тэргүүтний шинэ тутам байгуулсан Хамуг Монголын хөдөлмөрийн намыг томоохон лидергүй гэдэг бөгөөд өөр бусад иргэний хөдөлгөөнийхөн, “гудамжны” улс төрийнхөн ч гуравдагч хүчин болох гэхээсээ том намуудын тактикийн тоглоом болоод өнгөрөх, ганд нэг нь сонгогдлоо ч сөрөг хүчний хавсарга байх төлөв ажиглагдаж байна.

Хэдийгээр сүлэлдсэн хоёр баатрын нэр хүнд сүрхий унаж байгааг судалгаанууд харуулаад байгаа ч орлох хэмжээний “туслах дүр” одоохондоо ховор, тулалдаан ялагчгүй байсаар байх төлөв байна. Уг нь парламентад суудалгүй намууд нэгдэж, үндэсний хэмжээний бодлого явуулж чадвал гуравдагч хүчин буюу эрх барих тоглоомд овоо байр суурьтай оролцох боломж байдаг.

Хараад байхад Монголын улс төрийн гуравдагч хүчний орон зайг нэр бүхий ганц хоёр улстөрч л төлөөлсөөр ирсэн бөгөөд бүхэл бүтэн нам, улс төрийн хүчин энэ орон зайд хараахан нэвтэрч чадахгүй байгаа нь хэрэгцээ, орон зай нь байгаад цаг үеийн ч юм уу, нөхцөл байдлын тохироо бүрдээгүй, эсвэл хоёр том намын дархлаа сайн байгаагийнх гэж үзэж болох.

Гэвч улс төр урьдчилж таах аргагүй зүйлээр үргэлж баян байдаг билээ. Хамгийн гол нь гуравдагч хүчин гэдгийг яаж ойлгохоос олон зүйл хамаараад байх шиг. Үүнийг гуравдугаар биш, хөндлөнгийн, дараах, шинэлэг, бүр “цахиур хагалах” гэдэг утгаар нь хэвшүүлж байж цааш явах ёстой юм болов уу.

Э.Адъяасүрэн
Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих