Ди Каприо “мөнгөн Оскар” бэлэглэсэнд якутуудад талархав
Америкийн жүжигчин Леонардо ди Каприо түүнд гараар бүтээсэн “Оскарын мөнгөн баримал” бэлэглэсэнд Якутын бүх оршин суугчид талархаж буйгаа илэрхийлжээ.
“Гайхалтай бэлэг өгсөнд Якутын оршин суугчдад, ялангуяа, баримлыг бүтээхэд орсон материалыг цуглуулж, хандивласан эмэгтэйчүүдэд баярлалаа” гэж тэрбээр “Инстаграмм”-д бичээд, “мөнгөн Оскар”-ын зургийг тавьжээ.
“Якут бол зөвхөн Оросын төдийгүй дэлхийн хамгийн хүйтэн бүс нутгуудын нэг билээ. Дэлхийн дулаарал бүс нутгийн оршин суугчдад ноцтой аюул учруулж байна гэж тэд захидалдаа бичсэн байсан” гэж жүжигчин бичсэн байна.
Хоёрдугаар сарын 29-нд болсон “Оскар” шагнал гардуулах ёслолын үеэр ди Каприо шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн билээ. Үүнээс өмнө тэрбээр таван удаа уг шагналд нэр дэвшсэн боловч хүртэж чадаагүй юм.
Ди Каприод Эллей гэдэг нэртэй “мөнгөн Оскар” гардуулах ажлыг Якутын идэвхтэн Татьяна Егорова зохион байгуулжээ. Баримлыг ди Каприог шүтэн бишрэгчид “Оскар” шагнал гардуулахын өмнөхөн бүтээсэн байна. Эллейг бүтээхэд Америкийн жүжигчнийг шүтэн бишрэгчдийн өгсөн 1.38 кг мөнгө оржээ.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: