“Антибиотикийн хор хөнөөл өдөр тутамд нөлөөлж байна”
Ц.Оюунбаатар: Антибиотикийн хор хөнөөл өдөр тутамд нөлөөлж байна
-Хэрэглэгчийн өдрөөр үнэ төлбөргүй зөвлөгөө өгөв-
Жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэдэг. Хэрэглэгчийн өдрийг манай улс ч бас Их эзэн Чингисийн талбайд тэмдэглэн өнгөрүүллээ.
Шадар сайд Ц.Оюунбаатар “Хэрэглэгчийн жил”-ийг санаачилсан. Тиймдээ ч Хэрэглэгчийн жилийн өдөрлөгт Шадар сайдын ажлын албаныхан болон харьяа зургаан агентлаг, ЭМСЯ нэгджээ. Мөн холбогдох бусад байгууллагууд ч оролцсоноороо цар хүрээг нь улам тэлсэн байна. Тухайлбал, ХХААЯ, ХАХНХЯ, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Харилцаа холбооны зохицуулах хороо”, нийслэлийн Сүхбаатар дүүрэг зэрэг арав гаруй байгууллага оролцож, иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулан мэдээлэл өгч, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүллээ. Мөн иргэд, хэрэглэгчдэд хууль эрх зүйн зөвлөгөө, зөвлөмж өгөхөөс гадна алт, мөнгөн эдлэлд нь сорьц дарж өгөх, баталгаажаагүй тоолуурыг баталгаажуулж өгөх, А3 сертификатын сургалтыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр бүртгэх, аж ахуйн нэгжүүдэд нууцлалын код өгөх, үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдаалах гэх мэтээр иргэд хэрэглэгчдэд үйл ажиллагаагаа сурталчиллаа.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад нэгдсэн тэдгээр байгууллага НҮБ-аас уриалсан “Антибиотикийг цэснээсээ хасъя” гэсэн уриан дор нэгдэн хэрэглэгчиддээ үйлчилсэн юм. Энэ жилийн өдөрлөгийн ач холбогдлыг “Антибиотикийн хор хөнөөл, бидний өдөр тутмын хоол хүнсэнд нөлөөлж байна. Үүнийг олон нийтэд таниулснаараа ач холбогдолтой өдөрлөг болж байна” гэж Монгол Улсын Шадар сайд, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны Ерөнхийлөгч Ц.Оюунбаатар дүгнэж байв.
Хүний эрүүл мэндэд хэрэглэх зориулалт бүхий антибиотикийг хөдөө аж ахуй, тэр дундаа фермийн мал амьтны өсөлтийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг аж. Энэ нь хоол хүнсээр дамжин бидний биед орж, антибиотикийн хэт их хэрэглээ үүсгэх хүчин зүйл болжээ. Дэлхийн эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа том аюулын нэг нь антибиотикийн дасал гэнэ. Дэлхий нийтэд үйлдвэрлэж буй антибиотикийн 50 орчим хувийг фермерийн аж ахуйд ашиглаж байна гэсэн судалгаа бий.
Мөн дэлхийн томоохон сүлжээ ресторануудад хандан хүний эрүүл мэндэд хэрэглэх зориулалттай антибиотикоор тэжээсэн мал, амьтны гаралтай махыг хоолонд ашиглахыг зогсоох уриалгыг гаргажээ. Уриалгаа Subway, McDonalds, KFC зэрэг олон улс дамжсан сүлжээ ресторануудад хүргүүлсэн байна.
Харин энд бизнесийн байгууллагын төлөөлөл тун цөөхөн харагдсан. Тус үйл ажиллагаанд оролцохоор мэдэгдээд байсан үүрэн холбооны оператор компаниуд, сүлжээ супермаркетуудын төлөөлөл ч ирсэнгүй. Уг нь алдаа оноогоо сонсох, үйл ажиллагаандаа дүгнэлт хийх учиртай сан. Жилд ганц л тохиох хэрэглэгчийн өдөр шүү дээ. Үнэндээ үүрэн холбооны компаниуд, үндэсний сүлжээ дэлгүүрүүдийн бараа, үйлчилгээний талаар шүүмжлэл нийгэмд тасардаггүй билээ.
ЖИЛ БҮР ТОДОРХОЙ УРИАН ДОР ТЭМДЭГЛЭДЭГ
1985 оноос эхлэн НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг баталж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр хэмээн зарласнаас хойш хэрэглэгчийн өдрийг дэлхий нийтээрээ 31 дахь жилдээ тэмдэглэж байна.
2012 оноос эхлэн “Бидний мөнгө бидний эрх”, “Санхүүгийн үйлчилгээн дэх бодит сонголтын төлөө”, “Үүрэн телефон хэрэглэгчдийн эрхийг хамгаалья”, “Зөв зохистой хооллолтын төлөө” уриатайгаар тэмдэглэж байсан бол энэ жил “Антибиотикийг цэснээсээ хасья” уриан дор нэгдэж байна.
ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛ ЦЭНГҮҮНИЙ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Олон улсын хэрэглэгчийн өдөртэй зэрэгцэн Монгол улсад Хэрэглэгчийн хөдөлгөөн үүссэний 25 жилийн ой давхцаж байгаатай холбогдуулан Монгол улсын шадар сайд Ц.Оюунбаатарын санаачилгаар ойн баярын хурал мөн өдөр болж өнгөрлөө.
Монгол улсын хувьд зах зээлийн харилцаанд шилжин орсон 1990-ээд оны үед “Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” ТББ-ыг байгуулсан нь өнөөгийн Хэрэглэгчийн хөдөлгөөний эхлэл байв. Уг хөдөлгөөнийг төр засгаас дэмжин 1991 онд Хэрэглэгчийн эрхийн тухай хуулийг баталж 1992 онд Монголын хэрэглэгчдийн эрхийн үндэсний тунхаг баримт бичгийг гаргасан байдаг.
Мөн Засгийн газрын зүгээс 2016 оныг ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрсдэлгүй хэрэглээ, тайван амьдралын баталгааг хангах, НҮБ-ийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан “Хэрэглэгчийн жил-2016” болгон томоохон зорилтыг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан нь ардчилал зах зээлийн харилцаанд шилжин орсон 25 жилийн түүхэн дэх оновчтой шийдвэр боллоо хэмээсэн нь олон хүний талархлыг хүлээсэн юм.
МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЛЭГЧИЙН ХӨДӨЛГӨӨН ҮҮССЭНИЙ 25 ЖИЛИЙН ОЙГ АНХ УДАА ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
1992 онд Монгол улсын Засгийн газар Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий ассамблейгаас сайшаан дэмжиж, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Улмаар 2003 онд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулж, 2008 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бодлого, эрх зүйн үндэс суурь тавигдсан юм. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг өмнө нь Засгийн газрын тухай Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн Үндэсний холбоо болон орон нутгийн нийгэмлэгүүд хариуцан ажиллаж ирсэн байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: