Н.Гантулга: “Жаран хар”-ыг дахин төрүүлмээр байна
Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дарга Н.Гантулгатай ярилцлаа.
-Танд цэрэг хувцас сайхан зохижээ. Өмнө нь тайзан дээр л өмсөж байв уу?
-Тийм ээ. Тайзан дээр би генерал, маршал, байлдагчийн хувцас ч өмсөж байсан. Мөн Д.Сүхбаатар жанжны дээлийг өмсөж, тугийг нь бариад дуулж явсан удаатай. Харин энд Н.Гантулга гэдэг дуучин хошууч цол зүүгээд зэвсэгт хүчний нэгээхэн хэсгийг удирдаад сууж байна.
Эр хүн болсных цэргийн албанд зүтгээд сайхан байна. Энэ хувцас өөрөө ямар ч хүнийг сүр оруулж, эмх цэгцтэй болгодог. Албан ажил, хүлээсэн үүргээ цалгардуулсан юм уу гэвэл ямар ч тийм юм байхгүй бололтой. Тайзан дээр цэргийн хувцас өмсөхөөс тэс өөр юм шүү дээ. Их л олон зүйлийг мэдэрч, ухаарч байна.
-Та энэ ажлыг аваад бараг нэг жилийн хугацаа өнгөрлөө. Уран бүтээлч байсан хүн гэнэт дарга болсон. Ажилдаа хэр дасч байна вэ?
-Дасахгүй гээд яах билээ. Энэ ажилд өөрийн хүсэлтээр биш томилогдоод ирсэн. Аливаа асуудлыг аль болох болж бүтэх талаас нь харж, ажил албаа сайн гүйцэтгэхээр зүтгэж явна. Ялангуяа уран бүтээлчдийнхээ нийгмийн асуудалд ихээхэн анхаарч байгаа.
Энэ чуулга маань цэргийн бүтэц зохион байгуулалттай боловч урлагийн байгууллага. Монгол улсад гурав дөрөвхөн чуулга байна. Үйл ажиллагаанаас эхлээд бодлогын хувьд эрдмийн чуулгынхаа шаардлагыг хангаж дандаа мэргэжлийн уран бүтээлчдээр багаа бүрдүүлсэн.
-Нэг жилийн өмнө таныг энэ суудалд ирэхэд хүмүүс янз бүрээр л ярьж байсан болов уу. Та ажлаа юунаас эхэлж байв?
-Тийм ээ. Зарим нэг хүн шүүмжлэлтэй хандаж байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ би урлагийн хүн учраас энэ салбартаа хайртай. Тэр сэтгэлээр л хандаж ирсэн. Яг намайг ажил авахтай зэрэгцэн аугаа их ялалтын 70 жилийн ой болж байлаа. Энэ баярын тоглолтыг амжилттай зохион байгуулсан.
-Өнөөдөр Монгол цэргийн өдөр тохиож байна. Танай чуулгын хувьд их л завгүй үед ирж таарлаа. Одоо ямар ажил өрнөж байна вэ?
-Хоёрдугаар сараас эхлээд цэргийн баярын тоглолтдоо бэлдсэн. Баяр ойртоод бид өдөр бүр бэлтгэлтэй байна. Монгол цэргийн өдөр буюу Зэвсэгт хүчний 95 жилийн ой энэ жил тохиолоо. Бодлогоор хүн хүчээ нэмж, нэлээд том хэмжээний тоглолт зохион байгуулна. Манай чуулгаас гадна үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, БХИС-ийн хөгжмийн сургууль, Онцгой байдлын Ерөнхий газрын харъяа Үлээвэр хөгжмийн хамт олон, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга гээд их өргөн бүрэлдэхүүнтэй тоглолт зохион байгуулахаар боллоо.
-Та хаанаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн бэ. Ер нь таны уран бүтээл, амьдрал цэрэг армитай салшгүй холбоотой явж ирэх шиг боллоо?
- Тийм ээ. Би урлагт 20 гаруй жил зүтгэлээ. Энэ он цагийн нэлээдгүй хэсэг нь цэргийн амьдрал, уран бүтээл дунд өнгөрсөн. 1993 оноос эхлэн таван жил төмөр замын чуулгад ардын дуу дууллаа. Түүний дараа нийтийн дуу, дуурийн дуу дуулсан. Амьд хөгжмийн хамтлаг байгуулж, поп дуу ч дууллаа. 2005 оноос цэргийн дуу дуулсан. Арав гаруй жил цэрэг эх орноо магтан дуулсан юм байна. Миний хоолойг цэрэг эх орны сэдэвтэй дуунд илүү тохирдог гэх хүмүүс ч бий. Гэхдээ уран бүтээлчид маань нэг зүйлээр дагнаад байхгүй бүх л төрөлд хүч үзэх ёстой юм билээ.
-Даргын ажлын хажуугаар уран бүтээлээ хийж байна уу. Хаана ч явсан тайзаа үгүйлдэг зан уран бүтээлчдэд бий шиг санагддаг?
-Санаж байна. Гэхдээ үнэнээ л хэлье. Надад өөрөө дуулаад явах цаг зав гарахгүй юм. Эсвэл би хувийн зохион байгуулалт муутай хүн юм болов уу. Даргын ажил ачаалал ихтэй байна. Манай чуулгыг хөндлөнгөөс харахад ажил гайгүй юм шиг санагдаж байж магадгүй. Яг дунд нь ороод ирэхээр огт өөр. Ямар нэгэн ой баяр ёслолын үеэр тоглолтоо хийнэ. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин сайхан хөгжиж байна. Гадаад дотоодын хамтын ажиллагаа өргөжих боллоо. Хээрийн сургууль уулзалтууд олон болж байна. Тэр бүхэнд бид оролцдог. Дэлхийн цэрэг болж, эх орон элгэн саднаасаа хол явж энхийг сахиулаад ирж байгаа дайчин нөхдийнхөө сэтгэлийг сэргээх үүрэг ч бидэнд бий. Бүх анги нэгтгэлүүдээр явж тоглоно гээд бидний ажил мундахгүй. Тиймээс одоохондоо би хувь уран бүтээлдээ түр цэг тавьсан.
-Гэхдээ 20 жил урлагт зүтгэсэн танд үнэнч фэн олон бий. Тэд уран бүтээлийг тань хүлээж л суугаа байх даа?
-Тэдэндээ зориулж уран бүтээлээ хүргэх цаг ирнэ. Би өрөөндөө төгөлдөр хуураа авчирсан. Өглөөд хааяа гамм уншина. Хааяа хөгжим тоглож, ая бичиж байна. Сайхан шүлэг энд тэндээс хайна гээд л их ажлын хажуугаар зарим зүйлээ амжуулна. Түүнээс биш тоглолт, клип гээд томоохон зүйл хийж амжихгүй байна. Би энэ ажлаасаа маш их урам зориг авдаг. Манай залуучууд үнэхээр сайхан дуулаад сайхан уран бүтээл хийсэн байхад би өөрөө тайзан дээр дуулсан бүжиглэсэн юм шиг л онгирдог. Энэ бас сайхан мэдрэмж юм шүү.
-Хөгжмийн аяз зохиож эхлэж байгаа юм уу?
-Үгүй дээ. Тэр хөгжмийн ая зохионо гэдэг чин тусгай хүмүүсийн хийдэг ажил. Хүнээс төрмөл авьяас шаардана. Би зүгээр дуучин хүний хувьд хааяа сайхан ая тогломоор сайхан шүлэг харж ая зохиож дуулмаар бодогддог. Түүнээс би хөгжим бичнэ гэж юу байх вэ.
-Одоо чуулгадаа ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ. Зэвсэгт хүчин хөгжихийн хэрээр та бүхэнд бас их үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа болов уу?
-Олон улсад академик театр ямар байх ёстой вэ яг л тийм жишгээр чуулгаа хөгжүүлмээр байна. Эрдэм шинжилгээний ажил явуулдаг, лабораторитай байх ёстой. Мөн уран бүтээлчид дундаасаа “Жаран хар” шиг, үе үеийн мундаг уран бүтээлчид шиг олон хүн төрүүлмээр байна. Манай байгууллага энэ жил 84 жилийн ойтойгоо золгож байна. Тиймээс чанартай чадварлаг түүхэн уран бүтээлч төрүүлэхийг зорьж байна.
-Танай чуулгад ирээдүйтэй уран бүтээлч олон бий юу?
-Тийм ээ. ОХУ-ын М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын тэмцээний хоёрдугаар байр, Елена Образцовагийн нэрэмжит тэмцээнд мөн дэд байрт шалгарсан Ч.Бадрал гээд дуучин бий. А болон Б зэрэглэлийн уралдаанд амжилттай оролцсон энэ уран бүтээлч маань одоогоор гавьяат жүжигчний болзол хангасан. Мөн энэ салбартаа үнэнчээр олон жил уран бүтээлээ хийж байгаа Б.Батбаатар гэж сайхан уран бүтээлч бий. Энэ уран бүтээлчдээ болон чуулгынхаа нүүр царай болох залуу үеийг дэмжин ажиллах болно. Мөн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, гадаадад үүрэг гүйцэтгэж байгаа дайчин нөхөддөө Монгол цэргийн өдрийн мэндийг хүргэе.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
DAVGAAGIIN HADAM AAV
Зах газар бум галзуурна гэж