Д.Тэрбишдагва: МАН, МАХН хамтарч ажиллах ёстой гэж АН-ынхан ч үзэж байна
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өчигдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж улс орны өнөөгийн байдлын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд өөрийн сонгогдсон тойрог болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, сонгогчидтойгоо уулзаж байгаа гэнэ.
-Иргэд Их Хурлын гишүүдэд ямар санал бодол хэлж байна вэ?
-Юуны өмнө улс орны бодит байдлыг Төрийн ордноос бус ард түмний дундаас хардаг юм. Би гурван удаа парламентад сонгогдон ажиллахдаа чуулганы завсарлагаанаар тойрогтоо байнга ажилладаг. Манай Сонгинохайрхан дүүрэгт нийгмийн бүх давхаргынхан амьдардаг учраас улс орны амьдралыг тэндээс дүгнэх боломжтой. Иргэдтэй уулзахад тэдний амьдрал өөдлөхгүй байгаа ч түүнээс илүүтэй эх орны байдал хүнд байгааг нулимс дуслуулан хэлж байна. Иймд хэд хэдэн зүйлийг уриалмаар байна. Иргэд эв нэгдлийн тухай их ярьж байна. Намууд нь бутарч салдаг байдлаа больж нэгдэж нийлээч ээ, фракц бүлэглэл болж бутарч салахаа болимоор байна, шашнаар талцаж задрахаа болиоч ээ гэж байна. Аль нэг нам, эвслийн төлөө биш улс орныхоо төлөө нийлж, нэгдэж ажиллаач гэдгийг уулзалт бүр дээр хэлж байна. МАХН, МАН-ын хамтын аижллагааны тухай ч хөндөж байна. Ардчилсан намын фракц, бүлэглэлүүдийн тухай ч хэлж, нэгдэж хүчтэй болмоор байна гэсэн саналуудыг хэллээ. Нэг хөгшин “Уургандаа цадаагүй хурга төлгөндөө байнга майлдаг шиг энэ улс чинь яасан цадаж ханадаггүй юм бэ” гэж хэллээ. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг гэж ярьдаг хүмүүс олон болсон учраас ард түмэндээ очиж ажилламаар байна гэж хэлмээр байна. Ялангуяа төрийн гурван өндөрлөгт. Түүнээс гадна ард түмэн хүсээгүй 48:28 гэсэн сонгуулийн тогтолцоог хуульчилж баталсныг шүүмжилж байна. Нэг хэсэг нь ард түмнээс сонгогдож, нөгөө хэсэг нь албан тушаалаар сонгогддог байдлыг цэгцлэх хэрэгтэй гэж байна. Үүний дагуу нэгдүгээрт эв нэгдэлтэй байцгаая, хоёрдугаарт ард түмнийхээ дунд орж ажиллаач гэсэн хоёр уриалгыг дэвшүүлж байна.
-МАН, МАХН ирэх сонгуульд хамтрах тухай хэлэлцээ ямар шатанд явна вэ?
-Задрал бутрал биш одоо эвлэрэх, нийлэх цаг болсон юм биш үү гэдгийг ард түмэн хэлж байна. Энэ бол зөвхөн МАН, МАХН ч биш бусад намын задралын тухай юм. Хоёр нам хамтарч ажиллах ёстой гэсэн байр сууриа би жилийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байсан. Тэр бол миний байр суурь гэхээс илүү хоёр намын гишүүд дэмжигчид, түүнээс гадна Ардчилсан намынхан ч тэгж үзэж байна. МАН, МАХН ч гэсэн АН-ыг илүү хүчтэй байгаасай гэж үздэг.
-Хаврын чуулган эхэлмэгц МАХН-ын гурван сайдыг Засгийн газраас гаргах тогтоолыг Ерөнхий сайд өргөн барих гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ талаар та дуулсан уу?
-Намын ажил, УИХ-ын гишүүн, сайдын ажлыг өрөө тасалгаанаас хийдэггүй гэж ойлгодог. Миний хувьд 20 гаруй хоногт иргэдтэйгээ өдөржин уулзаж яваа учраас энэ тухай хэвлэлээс харсан. Сүүлийн үеийн мэдээллийг албан ёсоор намын төвшинд болон надтай ярилцсан хүн байхгүй.
-Эрүүл мэнд, спортын сайдын асуудлыг танай намын бүлгээс санал болгох уу?
-Энэ тухай миний байр суурь тодорхой. Салбарын сайдыг Шадар сайд орлож байгаа ч гэсэн энэ жил зуд турхан, байгалийн гамшгийн асуудал их бий. Энэ их ажлын хажуугаар Эрүүл мэнд, спортын сайдын ажлыг давхар удирдахыг би зөв гэж үздэггүй.
М.Ган
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: