Өсвөр үеийнхнээ үхэл рүү бүү түлхээч…
Өнгөрсөн долоо хоногт нэгэн охин есөн давхар барилгын дээврээс үсэрч амиа хорлохыг завдсан нь үр хүүхэдтэй хүн бүрийг айдаст автуулсан. Охин сургуульд нь тарсан цуурхлаас болж амиа хорлохоор шийдсэн гэх. Азаар охиныг аварч чадсан ч хэн нэгнээс тусламж авалгүй хорвоог орхисон хүүхдүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь харамсалтай.
Хойд аавынхаа зодуур дарамтаас болж 10-хан настай хүү амиа хорлосон байдаг. Гэвч амиа хорлосон хүүхдүүд талийгаач хүү шиг бяцхан биедээ ахдам зовлон шаналлыг даахгүйдээ хорвоогоос явсангүй. 12 настай хүү ядуу амьдралаасаа ичсэндээ аав ээжийгээ амьдын хагацалд унагажээ, харамсалтай. Харин дунд сургуулийн төгсөх ангийн дөрвөн охин нийлж архи уугаад, нэг нь ээжээсээ айсандаа есөн давхраас үсэрсэн тохиолдол ч бий. Мөн “Дурлал мандтугай” гэж хэлээд 17 настай охин өндрөөс үсэрсэн бол, 14-15 настай хоёр охин бүтэлгүй дурлалаасаа болж “Уучлаарай” гэсэн бичиг үлдээгээд хамтдаа хоолойгоо боомилсон байв. Энэ мэт бидний мэдэх, мэдэхгүй олон шалтгаанаар балчир үрс маань амьдралаас буцах боллоо.
Хүн болж төрнө гэдэг ширхэг зүүн дээр арвай будаа тогтохтой ижил ховор хувь тохиол гэдэг. Гэтэл аав ээжийнхээ өврөөс гараагүй, амьдралд хөл тавьж амжаагүй хүүхдүүд яагаад амьдралаас уйдаж, амиа бүрэлгэнэ вэ.
Үүний шалтгааныг сэтгэлзүйчид өсвөр насныхны “хямрал” гэж тайлбарладаг. 10-аадхан настай хүүхдүүдээ хайр дурлалаас болж зовж шаналаад явааг нь эцэг эхчүүд тэр бүр мэддэггүй. Гэтэл “Энэ насанд бэлгийн бойжилт явагддагтай холбогдон эсрэг хүйстэндээ татагдаж эхэлснээр хайр дурлал үүсдэг” гэдгийг сэтгэлзүйчид анхааруулж байна.
Дэлхий дахинд амиа хорлох явдал нь өсвөр үеийнхний дунд нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгааг НҮБ-ын Хүн амын сангийн гүйцэтгэх захирлын илгээлтэд дурдсан байдаг. Манай улсад ч амиа хорлолт хэдийнэ аюулын харанга дэлдээд эхэлснийг дээрх жишээнүүд, тоо баримтууд харуулна. Монголд 2015 онд бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэрэг 144 бүртгэгдсэнийг ЦЕГ-ын статистикаас харж болно. Амиа хорлоно гэдэг гэмт хэрэг юм.
Амиа хорлох нь сэтгэл зүй, хүрээлэн буй орчны болон нийгмийн гэсэн гурван хүчин зүйлээс үүсдэг. Сэтгэл зүйн хямрал, гутрал нь хүүхдийг амиа хорлоход хүргэдэг гол шалтгааны нэг. Харин хүүхдүүдийг сэтгэл зүйн хямрал, гутралд оруулдаг зүйлс нь гэр бүлийн амьдралын тогтворгүй байдал, шинэ өөрчлөлт, болон ойр дотнынхны харилцаа байдаг гэдгийг судлаачид хэлж байна. Учир нь амиа хорлож нас барсан хүүхдүүдийн 90 хувь нь гэр бүлийнхэн нь тэднийг ойлгодоггүй гэж боддог байсантай холбоотой байжээ.
Өчигдөрхөн л өөдөсхөн жаахан байсан хүүхдүүд өнөөдөр өсч томорч, тэр хэрээрээ асуудал дагуулах болсныг өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд ярина. “Хүү маань 15 настай. Үргэлж уур уцаартай байдаг болсон. Нөхөр бид хоёр ойлголцож чадахгүй байна. Бидэнтэй ярихгүй, харилцахгүй юм. Нэг л их “том хүн” болчихлоо” гэж нэгэн ээж ярьж байв.
Харин энэ байдлыг сэтгэл засалч эмч Д.Эрдэнэбаатар тайлбарлахдаа “Энэ бол хувь хүний хөгжлийн жам гэдгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй. Хэдийгээр өөрсдийнх нь үеийн нийгэм, хүмүүжил өөр байсан ч бүгд шилжилтийн насыг дайрч гарсан байгаа. Одоо үед 11, 12 наснаас өсвөр нас эхэлж байна. Энэ насандаа хүүхэд өөрийн үзэл бодолтой, бие авч явах байдал нь төлөвшиж, өөрийн хүрээлэлтэй болсон байдаг. Гэвч энэ байдал нь эцэг эхийнх нь харилцаа хандлагатай зөрчилддөг. Эцэг эхчүүд хүүхдээ ойлгож сонсохын оронд аав ээж гэдэг утгаараа өөрийн үзэл бодлоо туйлын зөв гэж үзэн тулгах хандлага байдаг. Өсвөр насныхан нийгэмд бие даах чадварын суурь тавигдаж, өөрийгөө илэрхийлэх чадвар нь нэмэгдэж, дасан зохицох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг дааврын ялгарал явагдаж байдаг гэдгийг сайн ойлгоорой” гэж байв. Одоогийн хүүхдүүд чөлөөт сэтгэлгээтэй өөрийн үнэлэмж өндөр, тэмүүлэлтэй, амбицтай болсон гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Ийм мундаг хүүхдүүд өсч байна гэдгийг эцэг эхчүүд мэдэхгүй, сайн талаас нь илүү мууг нь харж, буруутгах байдал их байна. Тиймээс эцэг эхчүүдэд сэтгэлгээний хайрцгаа өөрчлөхгүйгээр хүүхдээ ойлгож харьцаж чадахгүй.
“Миний мэдэхээр л аав маань хүүхдүүдтэйгээ тоглож нааддаггүй хөндий хүйтэн зантай хүн байсан. Одоо ч хэвээрээ. Ээж минь хэдийгээр биднийг хайрлаж халамжилдаг ч би найз охидтойгоо ярьдаг шигээ дотно байж чаддаггүй. Хэцүү зүйл тохиолдох, шантрах, гутрах үедээ найзууддаа л ярьдаг. Хэн ч намайг тоохгүй байгаа юм шиг, би хэнд ч хэрэггүй юм шиг мэдрэмж төрсөн үед би нэг биш удаа амиа хорлох тухай бодож байсан” гэж ахлах ангийн сурагч Б.Анхилмаа ярьсан юм. Үнэхээр “Эцэг, эх болох амархан, харин эцэг, эх байх хэцүү” гэдэг. Харамсалтай нь өнөөгийн нийгэмд залуучууд эцэг эх байх урлагийг эзэмшихгүйгээр амьдралд хөл тавьж байна. Хүүхдээ зөв хүн болгож хүмүүжүүлэхийн эх үндэс нь гэдсэнд олдсон цагаас нь харилцаж эхлэх юм. Хүүхэдтэйгээ бага наснаас нь ярилцаагүй, үзэл бодлыг нь сонсдоггүй, ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй эцэг эхчүүдэд илүү асуудал тулгарч байна. Хүүхдийнхээ идэх хоол өмсөх хувцсыг бэлдэхээс илүү оюун санаа, сэтгэл зүрхний гүнд нэвтэрч, тэнд юу дутагдаж байгааг мэддэг болох нь өнөөгийн эцэг эхчүүдийн чухал үүрэг юм.
Хүүхдээ сэтгэлзүйн дархлаатай болгон хүмүүжүүлж чадсан цагт энэ нийгмийн олон асуудал, төрөл бүрийн донтолтоос аварч чадна гэдгийг мэргэжлийн сэтгэлзүйчид сануулж байна. Өсвөр насны хүүхдийн хамгийн ойр дотно хүн бол найз нь байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ найз болох хэрэгтэй. Өсвөр насны синдромыг тойрч гарсан хүн байхгүй байх. Тиймээс хүүхдээ ойлгож мэдэрч, ухаарлын нүдээр хүүхдээ харж ойлго мэдэр. Эцэст нь аз жаргалтай, элэг бүтэн гэр бүлд өссөн хүүхэд сэтгэлийн хаттай болж амьдралын нугачаанд нугардаггүй юм шүү гэдгийг Д.Эрдэнэбаатар эмч зөвлөж байна.
Х.Монголхатан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: