“Эх дэлхийн цаг” Чингис хотноо болно

Дэлхийн байгаль хамгаалах сан, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын санаачилгаар, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар хамтран “Эх дэлхийн цаг” олон нийтийн арга хэмжээг Чингис хотноо 2 дахь удаагаа зохион байгуулах юм.

Дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдээллийг олон нийтэд таниулах, эх дэлхийгээ хайрлан хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх зорилготой энэхүү арга хэмжээнд Чингис хотын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд , иргэд оролцох юм. Тус олон нийтийн арга хэмжээ нь энэ сарын 19-ний өдрийн 19-20 цагийн хооронд Чингисийн талбайд зохион байгуулагдана.

Энэхүү  үйл ажиллагаанд оролцогч хүн бүр нэг ширхэг лаатай ирэх бөгөөд арга хэмжээний хүрээнд олон нийтийн жагсаал, лаагаар үг бүтээх, арга хэмжээний дууг бүх нийтээр дуулах зэрэг сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм. Цуглаанд оролцогч байгууллагуудыг ирц, хувцас жигдрэлт, цаг барилт, уриа, багийн зохион байгуулалт зэргээс хамааран 1-3 дугаар байр эзлүүлэн шалгаруулах ажээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Эх сурвалж: Монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих