Хару башё: Какүрюү, Хакүхо нар үзэгчдийг өндөлзүүлж, Котошёогикү дэмжигчдийнхээ урмыг хугалав

Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн буюу Хару башёгийн тавдахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Өнөөдөр маэгаширагийн 11-т бичигдэж буй  Ичиножёо А.Ичинноров Митакеумитай хүч үзлээ. Эхний хэдэн өдөр өрсөлдөгчөө илүүрхэн даваад буй Ичиножёо өнөөдөр ч бас бяралхан өрсөлдөгчөө окуридаши мэхээр давлаа. Түүний тухай тайлбар хийж буй Китанофүжи аварга “Өөрийнхөө хэмжээний бөхчүүдтэй барилдахгүй байгаа болохоор таван даваа бол сонин биш” хэмээв. Маргааш манай бөх Дайешотой барилдана.

Өнөөдөр манай бөхчүүдээс Такайнова-Тамаваши нар хоорондоо барилдав. Хоёр бөхийн барилдаан өрсөлдөөнтэй болсон ч, Тамаваши халтирч тэнцвэр алдсанаар Такайнова гуравдахь даваагаа авлаа. Харин маэгаширагийн 5-д эрэмбэлэгдэж байгаа Кёкүшюүхо өрсөлдөгч Такеказег хатакикоми мэхээр яллаа.

Манай залуу озеки Тэрүнофүжи өнөөдөр маэгашира Такаясутай барилдан дэвжээний захад зайлж мушгив. Түүний маргаашийн учраа нь маэгашира 1 Котюүки. Эхний дөрвөн өдөр Японы озеки цолтой бөхчүүд тун өнгөтэй байгаагаа харуулж ганц ч унаагүй явж байсан ба өнөөдөр харин Котошёогикү Окиноумид унан хөгжөөн дэмжигчдээ гонсойлгов. Хоёрдахиа түрүүлэх бодол тээн байгаа түүний хувьд өрсөлдөгч бөхийнхөө дэвжээний захад хийсэн хариу мэхэнд орон түрүүлж гадагшаа гарсан юм. Японы тайлбарлагч нар түүнийг эхний 10 өдөр унаагүй байсан бол тун хэрэгтэй байсан юм хэмээн харамсангуй ярьж байсан. Мөн озеки Гойёдо маэгашира Котоюүкид өвдөг шороодов. Анх удаа аварга арслангуудтай барилдаж байгаа Котоюүки Котошёогикүгийн дэвжээний бөх аж. Ингэснээр дээд цолтнуудаас Кисеносато л унаагүй үлдэв.

Аваргуудын эхний барилдааныг Харумафүжи аварга хийж учраа таарсан Точиношинг дайралтыг нь зогсоож шилдэж зайлж мушгиад ээлжит даваагаа авлаа. Тэгвэл 71 дэх аварга Какүрюү М.Ананд комүсүби Такарафүжитэй барилдав. Хоёр бөхийн барилдаан сонирхолтой болж, Какүрюү сүүлийн мөчид өрсөлдөгчөө шилдэж татан даваа авлаа. Тэрбээр хоёр ч удаа дэвжээний зах руу түрэгдэн гарах дөхсөн ба туршлагаар илүүрхсэн. Хамгийн сүүлийн барилдааныг Хакүхо аварга хийсэн бөгөөд Айояаматай барилдсан барилдаан нь үзэгчдийг шуугиулав. Болгар сүмоч манай аваргад барьц авах боломж олголгүй, өөрөө давамгай барьц аван илүүрхсэн. Тэрбээр Хакүхо аваргыг хоёр гараараа дотуур нь тэврээд авсан ба түрэх мөчид нь хашир аварга бярдаж шилдэж мушгин өрсөлдөгчөө давав.

Маргааш Какүрюү Точиношинтой, Хакүхо сэкиваке Тоёоношиматай, Харумафүжи сэкиваке Ёшиказетай барилдахаар оноолт таарчээ.

Хару башёг Кисеносато озеки болон Икиой, Ичиножёо гэсэн хоёр маэгашира цолтонууд таван даваатай тэргүүлж байна.

Ч.Амар


URL:

Сэтгэгдэл бичих