Монголчуудын аз жаргал дахиад дундарчээ
Дэлхийн хамгийн жаргалтай хүмүүс Данид, харин эсрэгээр зовсон нь Бурундид байдгийг илчилсэн “Дэлхийн аз жаргалын индекс”-ийн шинэчилсэн тайланд монголчууд 101 дүгээрт жагсчээ.
Уг жагсаалтын дэлхийн хамгийн нөлөө бүхий судалгааны төв “Gallup” гаргадаг бөгөөд орон орны иргэдэд “Таны өмнө шат байна гэж төсөөл дөө. Гишгүүр нь 0-10 байна. Шатны гишгүүр олон байх тусам танд тэр хэрээр жаргалтай амьдрах боломж бий. Эсрэгээрээ хэдий чинээ цөөхөн байна, таны боломж тэр хэрээр хавчигдана. Яг одоо таны өмнө хэдэн гишгүүртэй шат байна вэ?” гэсэн ижил асуулт тавьжээ. Үүн дээр нэмээд тухайн улсын нэг хүн ногдох ДНБ, дундаж наслалт, нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, төр засагтаа итгэх итгэлийн индекс, хувь хүний эрх чөлөө зэрэг үзүүлэлтийг хамтатган үзсэн байна.Монгол энэ үзүүлэлтээр өнгөрсөн жил 100 дугаарт байсан бол энэ жил нэг шат ухарсныг тайлангаар харж болно. Амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаад нь эдийн засгийн болоод засаглалын хямрал нөлөөлсөн болов уу хэмээн судлаачид үзжээ.
Уг жагсаалтыг Дани гурав дахь удаагаа тэргүүлж, Норвеги, Финланд, Канад, Голланд, Шинэ Зеланд, Австрали, Швед эхний аравт багтав. Эдгээр улсын нийгмийн халамжийн үйлчилгээ дээд зэргийн байдаг нь голлон нөлөөлсөн аж. Харин жагсаалтын сүүлийг Бурунди мушгиж, дайн дажин, ядуурал нүүрлэсэн Сири, Того, Афганистан, Бенин, Рванда, Танзани улсуудтай мөр зэргэцжээ.
Сонирхуулахад, манай урд хөрш БНХАУ 83, хойд хөрш ОХУ 56 дугаарт бичигдсэн байна.
URL: