Талийгаач Т.Лхагвасүмбэрэл Мөрөнгийн Петровисоос шатахуун авч буй бичлэг олдсон тул иргэдээс мэдээлэл авч байна
Талийгаач Т.Лхагвасүмбэрэл учир битүүлгээр амь насаа алдаад дөрвөн сар илүүтэй хугацаа өнгөрлөө. Түүний цогцосыг Хөвсгөл далайн уснаас олж, гаргаснаас хойш Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас түүнийг амиа хорлосон гэх үндэслэлээр шалгаж байсныг гэр бүлийнхэн нь эсэргүүцэж зүйл ангийг өөрчлүүлсэн байгаа.
Тодруулбал түүнийг “амиа хорлосон гэх хэргээр шалгах нь буруу өмнө нь гурван ч удаа халдлагад өртөж байсан” тул түүнийг бусдын гарт амиа алдсан хэмээн гэр бүлийнхэн нь цагдаагийн газарт гомдол мэдүүлж байсан юм.
Тиймээс өнгөрсөн 1-р сараас эхлэн уг хэргийг ЦЕГ-аас гаргасан ажлын хэсэг шалгаж, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хавтаст хэрэгтэй биечлэн танилцаж, хэргийн явцыг шуурхай илрүүлж шалгах үүрэг чиглэл өгсөн байгаа. Мөн үүний дараа тус газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай мэдээлэл хийсэн.
Тэрбээр “Байгаль хамгаалагч залуу талийгаач болсонтой холбогдуулаад шалгалтын ажиллагаа хийж байгаа. Өмнөговьд тэр хүнийг амьд сэрүүн байхад нь эрүү үүсгэн шалгаж байсан асуудал ч бий. Тиймээс Өмнөговьд шалгаж байгаа хэрэг, Хөвсгөлд шалгаж байгаа хэрэг хоёрыг УЕПГ хянаж үзээд хоёр хэргийг нэгтгээд УМБГ-т өгсөн. Хяналт нь Нийслэлийн прокурорын газарт байгаа. УМБГ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг гараад Өмнөговь болоод Хөвсгөл аймагт шалгалтуудыг нь хийж байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ хэрэгт прокурорын байгууллагаас ач холбогдол өгч Улсын ерөнхий прокурор өөрийн биеэр хэргийн ажиллагаатай танилцсан” гэсэн.
Ингээд монголын ард түмэн болон талийгаачийн ар гэрийнхэн хэрэг илрэхийг хүлээсээр дөрвөн сарын нүүрийг үзлээ. Харин дөрвөн сарын дараа буюу өчигдрөөс эхлэн түүний үхэлтэй холбоотой мэдээллийг албан ёсоор иргэдээс авч эхэлжээ. Тодруулбал, хэрэг гарахаас өмнө биологич Т.Лхагвасүмбэрэл агсан Улаанбаатар хотоос Хөвсгөлийн чиглэлд “УБМ-1339” улсын дугаартай саарал өнгийн Prado автомашинтай явах үеийн болон Мөрөн сумын долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ник-Петровис” шатахуун түгээх станцаас шатахуун авч буй бичлэг камерт үлдсэн нь олджээ. Тиймээс Хөвсгөл аймгийн цагдаагийн 7038102 дугаарын утсаар мэдээлэл авч байгаа юм байна.
Тиймээс тухайн цаг хугацаанд талийгаач Т.Лхагвасүмбэрэлтэй тааралдсан, түүнийг харсан, уулзсан иргэд болон цайны газраар үйлчлүүлж байсан хүмүүсээс мэдээлэл хүлээн авахаар болжээ. Иргэдээс ирсэн мэдээллийг чанд нууцлах ба ач холбогдолтой, үнэн зөв мэдээллийг урамшуулах аж. Тиймээс иргэдийг 7038102 гэх утас руу залгаж, үнэн зөв мэдээлэл өгөхийг уриалж байна.
Н.Ганаа
URL: