13 сая 315 мянган төгрөгийн нөхөн олговор олгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/199 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын цэвэр бохир усны шугамын ажлын трасст өмчлөлийн газар нь орсон иргэдийн эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг 1 дүгээр хавсралтаар, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн 39 дүгээр сургуулийн зүүн уулзвараас Хүчит  Шонхор захын эцсийн буудал хүртэлх авто замын ажлын трасст өмчлөлийн газар нь орсон иргэдийн газар болон эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг 2 дугаар хавсралтаар, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн Цайз-Цагаан давааны 1.2 км авто замын ажлын трасст өмчлөлийн газар нь орсон иргэний газар болон эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг 3 дугаар хавсралтаар тус тус батлав.
Хавсралтаар баталсан иргэдийн өмчлөлийн газар болон эд хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах 13 сая 315 мянган төгрөгийг 2016 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.
Иргэдийн өмчлөлийн газар болон эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих