Зэс “зэврэх” цаг
“Citi Bank” тэргүүтэй олон улсын санхүүгийн байгууллагын шинжээчид “Зэсийн төлөвийг өөдрөгөөр харах үндэс алга” хэмээн уулга алдсанаас үзэхэд зэс “гялалзах” шинж алга
Зэсийн ханш хоёр сарын хугацаанд 600 ам.доллараар өслөө
“Зэсийн үнэ ёроолдоо тулна” гэж “Goldman Sachs” мэдэгдэв. Хэдийгээр зэсийн ханш энэ долоо хоногт бага зэрэг өссөн ч сүүлийн саруудад ханшийн дундаж 4500 ам.долларын түвшинд эргэлдэж байна.
Олон улсын санхүүгийн байгууллагууд зэсийн ханшийг янз бүрээр таамагласан. Шинжээчдийн дүгнэлтийг тоймловол зэс “зэврэх” цаг ирж, ханш ёроолдоо тулах бололтой. Энэ нь ханш 5000 ам.доллараас доогуур байна гэсэн үг юм.
Тухайлбал, “Goldman Sachs” групп зэсийн үнэ энэ онд 20 хувиар унаж, 4000 ам.долларт хүрнэ гэж тайландаа дурджээ. Тэгвэл Олон улсын валютын сан үүнээс үл ялиг “өөдрөг” буюу 4362 ам.долларын төлөвийг онилов. “Citi Bank”-ны шинжээчид “Зэсийн төлөвийг өөдрөгөөр харах үндэс алга” хэмээн уулга алдсанаас үзэхэд зэс “гялалзах” шинж алга байна гэлтэй.
- Зэсийн үнэ мягмар гарагт Лондоны металлын биржид 4946 ам.доллартай тэнцэв.
- Төсөвт суулгасан үнэ 5137.7 ам.доллар.
- Төлөв: “Goldman Sachs” 4000, Дэлхийн банк 5000, ОУВС 4362 ам.доллар.
Цаашлаад ойрын хоёр жилд 5500 ам.доллараас хэтрэхгүй гэж түүхий эдийн шинжээчид дүгнэв. Мөн зарим нь ханш ойрын жилүүдэд өнөөгийн үнээсээ ч хямдарна гэх баргар мэдээг дуулгасан. Тодруулбал, “Goldman Sachs” тонн зэсийн үнийг урт хугацаандаа 4500, Олон улсын валютын сан 4351 ам.доллараар төсөөлжээ.
Харин хоёр жилийн дараагаас буюу 2018 оноос байдал арай сайжирч ханш дээшлэх таамгийг Дэлхийн банк тэргүүтэй байгууллагууд гаргаж байна.
Тус банкны тооцоогоор 2020 он гарч байж тонн зэсийн үнэ 6000 ам.долларт хүрэх аж.
Тэгвэл Монгол Улс оны эхний сарын байдлаар зэсийн 134.2 мянган тонн баяжмал үйлдвэрлэсэн гэж Уул уурхайн яамнаас мэдээлэв. Харин өнгөрсөн сарын байдлаар 273.8 мянган тонныг хилийн чанадад борлуулжээ.
Улмаар энэ онд зэсийн баяжмалаас 373 тэрбум төгрөг олохоор төсөвтөө суулгажээ. Энэ нь түүхий эдийн экспортоос олох хамгийн өндөр дүн. Манай улс 2016 онд 23-28 хувийн зэсийн агууламжтай 1.36 сая тонн баяжмал экспортолно. Ингэхдээ тонн зэсийн баяжмалыг 5137.7 ам.долларт тооцон, төсвийн орлогоо бүрдүүлэхээр зэхжээ.
Зэсийн баяжмалаас энэ онд 373 тэрбум төгрөг олохоор төсөвтөө суулгасан
Тэгэхээр зэсийн экспортын хэмжээ энэ онд тэлсэн ч ханшийн уналтын нөлөөгөөр төлөвлөсөн орлогоо олж чадахгүйд хүрэх нь. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарын орлогын бараг тал хувийг бүрдүүлэх зэсийн орлого дутах эрсдэлтэй нүүр тулж байна.
Тэр тусмаа уул уурхайн салбар өнгөрсөн онд манай экспортын нийт орлогын бараг 80 хувийг дангаараа бүрдүүлсэн байна. Тэдгээрээс зэс манай төсвийн орлогод жинтэй хувь нэмэр оруулдаг билээ.
Мэдээж, зэсийн ханшид нийт эрэлтийн 45 хувийг бүрдүүлдэг. Хятадын эдийн засаг голлон нөлөөлнө. Гэхдээ түүхий эдийн үнийг таамаглахад бэрх болж буйг шинжээчид хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, алт, зэс зэрэг түүхий эдийн үнийн муруй хааш чиглэхийг зураглахад түвэгтэй болж буй аж. Үүний тод жишээ ч төлөвөөс зөрсөн зэс, төмрийн хүдэр, алтны үнэ. Тэгэхээр байдал бүрзгэр байна.
Г.Байгал
Засгийн газрын мэдээ
URL: