Үрэлгэн төсөв “мандтугай”
Манай улсын төсөв үрэлгэн байдлаараа дэлхийн 139 орноос 132 дугаарт эрэмблэгдсэн гэх судалгааг Дэлхийн эдийн засгийн форумаас гаргаад байгаа.
Өөрөөр хэлбэл, чамгүй үрэлгэн төсөвтэй орнуудын тоонд орж байгаа хэрэг. Үрэлгэн байхынхаа хирээр хөрөнгө оруулалт, дэд бүтцэд их мөнгө зарж, ард иргэдийнхээ сайн сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлдэг бол болж л байна. Гэтэл манай улсын төсвийн зардлын ихэнх хувь нь ердөө нийгмийн халамж, бэлэн мөнгө тараалтад зарцуулагдах аж.
Энэ оны төсөвт 805 тэрбум төгрөгийг хүнии хөгжил сангаас иргэдэд олгох хишиг хувьд зарцуулсан. Харин хөрөнгө оруулалт 627.7 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа юм.
Нийт зарлагын хэмжээ анх удаа дөрвөн их наяд төгрөгт хүрч ёстой “од” болж байв. Харин ирэх онд нийт зардлын хэмжээ таван их наяд 113.5 тэрбум төгрөг байхаар төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсан байгаа. Үүний 40 гаруй хувь нь цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж, иргэдэд бэлэн мөнгө тараахад зарцуулагдахаар байгаа гэсэн.
Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцсэн хэдий ч хараахан эцэслэж амжсангүй. Сураг дуулахад цалин тэтгэврийн нэмэгдэл дээр багагүй цаг алдсан бололтой.
Юутай ч төсвийн төсөөллөөр бол 2012 оны төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого дөрвөн их наяд 176.1 тэрбум төгрөг, зарлага таван их наяд 113.5 тэрбум төгрөг, тэнцэл 937.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байна. Төсвийн төсөөллөөр бол зарлагын хэмжээ өнгөрсөн оныхоос даруй 36.1 хувиар өсөх нь. Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдэж, УИХ-д өргөн барьсны дараа арай өөр дур зураг харагдахыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ жил жилийн төсөв Төсвийн хүрээний мэдэгдлээсээ төдийлөн өөрчлөгдөөд байдаггүй талтай. УИХ дээр хэлэлцүүлгийн үр дүнд зардал нэмэгдэнэ үү гэхээс буурч байсан түүх ховор.
Энэ оны төсөв Засгийн газраас анх өргөн баригдахдаа 6.6 хувийн алдагдалтай байсан ч хэлэлцүүлгийн шатанд 9.9 болтлоо өссөн билээ. Хэдий ийм алдагдалтай төсөв баталсан ч эхний долоон сарын байдлаар төсөв ашигтай гарангуут Засгийн газраас тодотгол хийхээр болж, төсвийн алдагдлыг буцаагаад 9.9 хувьд хүргэхээр болж байна. Төсвийн тодотголын төсөл өнгөрсөн лхагва гарагт Засгийн газраас УИХ-д өргөн баригдсан байгаа.
Өргөн баригдсан тодотголын төсөлд тэнцвэржүүлсэн орлогыг 615.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд 282.1 тэрбум төгрөгийг нэмж тусгажээ. Ингэснээр 2011 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 615.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, гурван их наяд 920 тэрбум, нийт зарлага 828.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, дөрвөн их наяд 912.4 тэрбум төгрөг, алдагдал 212.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 9.8 хувьтай тэнцэхээр болж байгаа юм.
Уг нь энэ жилээс эхлэн Төсвийн тогтвортой байддын тухай хууль хэрэгжиж, төсвийн илүүдэл орлогыг тогтворжуулалтын санд төвлөрүүлэхээр болсон. Гэвч энэ удаад илүүдэл орлогоо хамж, шимээд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр болж байна. Нэг ёсондоо Тогтвортой байдлын тухай хуулиар төсвөө тогтворжуулдаг хөг нь энэ жилдээ лав өнгөрөв бололтой. Нөгөө талд дэлхийн зах зээл дээр эдийн засгийн хямрал эргэн ирэх нь гэх болгоомжлол нэгэнт бий болчихлоо. Алтны үнэ нэгэн үе галзуурч байсан ч сүүлийн хэдэн долоо хоногийн турш унаж байна. Зэсийн үнийн тухайд бүр яриад ч хэрэггүй. Тонн нь 10470 ам.долларт хүрч, рекорд тогтоож байсан зэсийн ханш өчигдрийн байдлаар 7415 ам.долларын ханштай байна.
Харин энэ оны төсөвт зэсийн үнийг 5898 ам.доллар байхаар тусгасан байгаа. Хэрвээ зэсийн үнэ 5898 ам.доллараас буувал тогтворжуулалтын сангийн хөрөнгөөр тогтвортой байдлыг хангах учиртай. Гэтэл тэр санд төвлөрсөн байх учиртай илүүдэл орлогоо хөрөнгө оруулалтад зарцуулчихлаа. Өөрөөр хэлбэл, хямрал болоход төсөв хамгаалалттай байж чадаж байна уу гэдэг асуултыг тавьж болох нь. 2009 оных шиг гэнэтийн хямрал болж, зэсийн үнэ унавал яах вэ гэсэн асуултыг эдийн засагчид түрүүчээсээ тавьж эхэлжээ.
Монголчууд өвөг дээдсээсээ заяасан байгалийн асар их нөөц баялагтай, үүнийгээ ашиглаад хөгжье гэж сүүлийн хэдэн жилд ярилаа. Гэвч тэр их баялгаас орж ирж байгаа мөнгөөр төсвөө данхайлгаж, бэлэн мөнгө болгож иргэддээ тараагаад л байх юм. Энэ асуудлыг эдийн засагч болгон тавьдаг, анхааруулдаг. Олон улсын байгууллагуудаас ч бас байнгын сануулаастай. Үрэлгэн төсвийн гай хэрхэн гарч ирэх вэ.
Товчхон хэлэхэд инфляци. ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагуудаас инфляци чинь жолоодлогоо алдаж, 20 хувьд хүрнэ шүү гэж анхааруулсаар л байна. Уг нэг талаасаа төсвийн хөрөнгө оруулалтаар нөгөө талаасаа мөнгөний бодлогоор эдийн засгаа дэмжээд явбал улсын ирээдүй гэрэлтэй байх нь дамжиггүй.
Гэвч өнөөдөр төсвийн тэлэлт ямар нэгэн хөрөнгө оруулалтыг дэмжээд, дэд бүтцээ сайжруулахад зарцуулагдахгүй, бэлэн мөнгө болж, иргэдэд тараагдаад байгаа учраас инфляциас эдийн засгаа хамгаалахын тулд Монголбанк хатуу бодлого баримталж байна. Хатуу боддого хэтэрвэл бодит эдийн засгаа унагадаг жамтай. Энэ тохиолдолд “Үрэлгэн төсөв мандтугай” гэж хэлэхэд арай л нийцэхгүй байгаа биз.
Л.Энхдэлгэр
URL: