Цаг барихгүй юм бол Телевизүүд хөтөлбөр гаргаад юу хийнэ, цаасны гарз

14599b6bc34fac5dbigКабелийн телевизүүд 100 орчим суваг, үүн дотор дотоодын лавтай 50 орчим сувгийн нэвтрүүлэг дамжуулж байна. Телевизээс гадна интернет, хэвлэл сонин гээд хүний цаг заваа зарцуулах зүйл мундахгүй олон.
Ийм ч болохоор манай контент үйлдвэрлэгч телевизүүд өөрийнхөө нэвтрүүлгийг аль болох олон хүнд үзүүлэх гэж өдөр өдрийн, долоо хоногийн хөтөлбөрөө хэвлэл сонин, сайтуудад гаргадаг.
Хэрэглэгч буюу үзэгч өөрийнхөө үзэх, сонирхож байгаа нэвтрүүлгээ энэ л хөтөлбөрөөс уншиж, сонгон шилж, ажил цагаа зохицуулдаг.
Манай нэг танил  гэхэд л бямба, ням гарагт телевизийн хөтөлбөр худалдаж аваад үзэх нэвтрүүлгүүдийнхээ өмнө улаан, сонирхохынхоо өмнө хөх тэмдэг тавьж тэмдэглэдэг. Мэдээж энэ бүхэнд цагаа зохицуулан телевизийнхээ өмнө удирдлагаа бариад суудаг хэрэг.

Харамсалтай нь…..

Харамсалтай нь өнөөгийн манай телевизүүд хөтөлбөрөөр зарласан цагаа даанч  барихгүй.  Телевизүүдийн удирдлага нь ч юм уу, программын алба, найруулагч нь ч юм уу ёстой л дээр үеийн монголчуудын “үдээс өмнө Хөх овооны дэргэд уулзъя” гэдэг уламжлалт маягаар цаг барьсаар, энэ хэрээрээ үзэгчдээ чирэгдүүлсээр байгааг анзаарч байгаа болов уу.
“Оллоо” телевиз гуравдугаар сарын 13-ны  ням гарагт “Загасчлалд яваад ирлээ” гэсэн нэвтрүүлэг зоож. Уг нь “Загасчилж яваад ирлээ” гэж монголоор хэлчихэж болох байсныг шүүмжлэхээ орхиод цагийг нь хүлээхэд даруй найман минутын дараа сая нэг юм эхэлж байх юм. .
“Эх орон HD” гэж бас нэг телевиз байдаг юм байна. 21,25 цагаас “Ил тод нээлттэй Улаанбаатар” гэсэн нэвтрүүлэг зарлаж. Энэ л хотын иргэн юм болохоор амьдарч буй газрынхаа сонин сайхныг сонирхон суваг сольтол  21,30 болж байхад зар мэдээ л явж байлаа. Тэр заруудынх нь үг найруулга ч гэж “олгогдоно, зохион байгуулагдах” гэсэн тэг яг гэсэн хэцүү хэллэгтэй, ёстой “янзтай”. Дээр нь энэ телевиз мөн л цагаа барьдаггүй, үзэгчдээ хуурдаг нэгэн аж. Энэ телевизийн цагаасаа хоцорсон нэвтрүүлэг ганц энэ ч биш. 21,55 цагаас “Төрөлх араншин” гэдэг уран сайхны кино зарлаж. Гэтэл 21,59 цаг гэхэд эхлээгүйгээр үл барам 22,17 цаг гэхэд Пиццаны тухай нэвтрүүлэг ч юм уу, зар реклам ч юм уу нэг юм гарч байлаа.
VTV HD  телевиз 22,00 цагаас “Намрын синдром” гээд нэг уран сайхны кино гарна гээд хөтөлбөртөө бичсэнийг хараад  эхлэлийг нь нэг харчих санаатай суваг соливол  мөн л цагтаа эхэлсэнгүй, үндэсний дээл өмссөн зургаан залуу хоолойгоо шахаад л дуулж байх юм. Есөн минут хүлээлгэж байж арай гэж нэг юм нөгөө кино нь  эхэлж байна.
ТВ-8 телевиз гуравдугаар сарын 14-нд 21,30 цагаас “Алтан өргөө” киног зарлаж. Монголын анхны өнгөт уран сайхны, Ц.Цэгмид, Лувсанжамц / улаан малгайт/ нарын тоглосон энэ киног настайчууд үзэхсэн гэж хүлээж байсан нь лавтай. Харамсалтай нь энэ кино цагаасаа 10 минут хоцорч байж эхэллээ.

Энэчлэн цагаасаа хоцорч үзэгчдийг чилээн хүлээлгэдэг нэвтрүүлгийг дурдаад байвал бүх телевизийн бүхий л нэвтрүүлгийг тоочих болно. Ичсэн нэрэндээ гэгчээр мэдээллийн хөтөлбөрүүд арай гэж цагтаа эхэлдэг байсан ч энэ ч өнөөдөр худал болж. ШуудHD  телевизийн “Гэрэлт мэдээ” 20,30-д эхлэх ёстой ч 20,32 гэж хоёр минутын дараа л нэг юм эхэлж байх жишээтэй.
Хугацаа хожимдох ч яахав дүүрч, үзэгч үнэхээр үзэх дуртай л юм бол хүлээнэ л биз гэхсэн. Гэтэл  зарласан нэвтрүүлэг нь огт гарахгүй өөр зүйлээр нөхчихсөн байх нь нэг биш юм байна.

“Нөхөөстэй” цагууд

Өлзий телевиз гэхэд л 21,00 цагаас “Эргэх улирал, цаг агаарын мэдээ” гэж зарлаж. Маргааш нь ажлын долоо хоног эхлэх байсан болохоор хэн хүн ямар хувцасаа өмсөх вэ, цэцэрлэгийнхээ жаалыг яаж хувцаслах вэ гээд сонирхох нь мэдээж. Ялангуяа хүйтэн сэрүүн, дулаан ээлжилж байдаг хаврын улиралд маргаашдаа, долоо хоногтоо цаг агаар ямар байх бол гэдэг хэн хүний хэрэгцээ. Гэтэл энэ мэдээ цагтаа эхлээгүйгээр үл барам, “Баянхонгорын магтаал” дуу явж байгаад араас нь реклам явах нь тэр. Ингээд цаг агаар үзэж чадсангүй, Өлзий телевизэд хууртагдаад цагаа барах нь тэр.
Манайдаа нэлээд эртний, өнөөдөр төлөвшчихсөн  телевизийн нэг Ийгл 22,30-аас “Цаг агаар” гээд зарлачихсан байна. Хараадах гэтэл Ө.Ганзориг гэгч л санхүүгийн зах зээл энэ тэр гээд ярьж байх жишээтэй.
TV1  телевиз 20,00-20,40 цагт “TV1  мэдээ, мэдээ” гаргана гээд хөтөлбөртөө биччихэж. Гэтэл 20,15 цаг гэхэд “Төрийн төлөө” нэвтрүүлэг гээд нислэгийн тухай нэг нэвтрүүлэг гарч, сурвалжлагч хүүхэн нь онгоц жолоодож яваа нисгэгчийн аманд микрофоноо тулгаад л нэг юм асуугаад байгаа бололтой. Өнөөх мэдээ, мэдээлийн хөтөлбөр нь хэзээ гарсан юм бүү мэд.
ТВ-8 телевиз 19,40 цагаас гаргах ёстой гэр бүлийн “Хань” нэвтрүүлгийнхээ оронд Л.Гүндалайгийн “Монголоороо байгаасай” гэдэг дууг л явуулж байх таарах юм.
Ntv  телевизийн 20,25-д зарласан “Зөн билгийн тулаан” ч цагтаа байлдаж эхэлсэнгүй 20,28 гэхэд таван хувийн зээлийн тухай реклам сурталчилгаа л явж байлаа.
За тэгээд нэвтрүүлэг нь цагтаа эхэлдэггүйтэй адил цагтаа дуусахгүй, зарим нь цагаасаа бүр өмнө дуусчих  явдал ч мундахгүй.
ТВ9 телевиз, бурхны телевиз маань 19,30-21,00 цагт “Анализ” мэдээ мэдээлийн хөтөлбөр явуулаад дараа нь “Будда продакшн” гэдэг нэвтрүүлгээ зарлаж. Гэтэл өнөөх “Будда” нь 20,50 гэхэд эхэлчихдэг юм байна. Монголчууд бүгд, Насанбаяр мэтийн МҮҮН-ийнхнээс бусад нь баргаараа бурхны шашинтай. Ялангуяа хөгшчүүл бол энэ нэвтрүүлгийг үзэхсэн гэж хүлээж байсан нь лавтай. Гэтэл зарласан 21,00 цагт нь сувгаа нээхэд өнөөх нэвтрүүлэг нь дундаа орчихсон байсан байх л даа.
Манай телевизүүдийн эцэг гэж болох үндэсний телевиз MNB “Тусгаар тогтнолын төлөө” баримтат киногоо 20,05 цагаас 21,30 хүртэл гарна гэж хөтөлбөртөө зарлаж. Гэтэл энэ нэвтрүүлэг нь 21,17 цаг гэхэд дуучихдаг юм байна. Үлдсэн 13 минутыг нь өөр зүйлээр нөхдөг юм уу, дараагийн нэвтрүүлгийг нь мөн л ТВ9 шиг урагшлуулаад эхлүүлчихдэг юм уу бүү мэд.
Үндэсний телевиз уг нь хамгийн бүтэц сайтай, хяналтын албатай, аль нэвтрүүлэг хэзээ эхэлж, хэзээ дуусч байгаа, чанар нь ямар байгааг  хянадаг, алдаа дутагдал, илүүдэх дутах тохиолдолд редактор, найруулагчид нь хариуцлага тооцдог байсан, одоо “Дүүрсэн хэрэг дүнхийсэн толгой” гэдэг шиг жижгүүдтэйгээ алдаа дутагдлаараа ижилсэж эхэлж байгааг эндээс харж болно.

Телевизүүдээс эфирийн сахилга бат нэхье 

Үзэгчдээ хүндэтгэдэггүй, цагаа барьдаггүй, зарласан нэвтрүүлгээ гаргадаггүй энэ бүдүүлэг явдал юунаас болж байна вэ.
Ердөө л манай арилжааны голдуу телевизүүд маань  орон тоо цалингаа хэмнээд найруулагч, ахлах редакторгүй ажиллаж, хэдэн сурвалжлагч редактор нь бурантгийг нь эвхээд тавьчихсан тэмээ шиг энд тэндээс цуглуулсан хэдэн синхрон яриагаа тэр чигээр нь нэвтрүүлэг хэмээн түлхдэгээс болоод зарим нь урт, зарим нь богинодсон дээл шиг юм хийдгээс болж байгаа нь энэ. Эфирийн сахилга гэж огт байхгүй болсны баримт.
Зарласан цагаас урт хийлээ, богино хийлээ гэж хэн ч хариуцлага тооцдоггүй, эфир нь тасрахгүй л нэг юм үргэлжлээд явж байвал болж байна гээд сэтгэл амар явдгийнх.
Уг нь монголчууд үдээс өмнө, хойно, нар ханын элгэнд очиход, нар шингэхийн үест хэмээн цаг браимжаалдаг байснаа  боливол болих цаг болсон баймаар. Шинжлэх ухаан техник цаг минутаар өөрчлөгдөн хөгжиж, мэдээллийн технологи улам нарийсч байгаа энэ үед үзэгч нэг суваг нээчихээд л диван дээрээ хэвтээд байдаг цаг аль хэдийнээ ард хоцорч, хүн хүссэн нэвтрүүлгээ зарласан цагт нь үздэг байх хэрэгцээ шаардлага бий болсоор байгаа юмсан.
Энэ хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн телевизүүдийн долоо хоногийн хөтөлбөрийг хэвлэдэг сонин сэтгүүл ч бий болж, сайтуудад ч тавьдаг. Хүмүүс ч цаг заваа зохицуулан хүссэн, дуртай нэвтрүүлгээ үзэх гэж түүнийг нь худалдан авдаг.
Телевизүүдийн зөвхөн зарласан хөтөлбөрөө цагтаа гаргаж байгаа эсэхийг нэг л үдэш ажиглахад ийм. Түүнээс биш нэвтрүүлгийг чанар, хөтлөгч, редакторуудынх нь үг хэл найруулга, өнгө дүрс, монтаж эвлүүлгийн тухай яривал цаг багадаж цаас хомсдоно.
Ердөө өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр Монголын Телевизүүдийн чуулган “Контентын үнэлэмж-Монголд” сэдвийн дор болсныг санаж байна.
Зарласан хөтөлбөрийнхөө дагуу нэвтрүүлгүүдээ цагт нь түлхчихэж чадахгүй байгаа энэ телевизүүд,  нэвтрүүлгээ цагт нь тааруулаад эвлүүлээд хийчихэж чадахгүй байгаа энэ хэдэн редактор дэлхийд цуурайтах “контент” үйлдвэрлэх нь хэзээ юм бол доо.
Том зорилт тавьж байгаа нь сайхан боловч, бага алдаагаа  үл хайхраад байвал яаж тэр амжилтдаа хүрэх юм бол. Эфир,  үзэгч гэдэг тоглоом биш. Эфирийн сахилга батгүй хүмүүс чинь том контент яриад яах юм, яршиг зүгээр.
Телевизүүд минь одоо хөтөлбөр энэ тэр гаргахаа боливол яасан юм, гаргадаг юм гэхэд ядахнаа “21,00 цагийн үед ийм хөтөлбөр гарна”  гэж зарлаж байвал дээр юм биш үү. Худал хэлж хүнийг, үзэгчдээ чирэгдүүлэхээ больсон нь дээр дээ.
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Нэр: ЭРЧҮҮДИЙН БАЯР Огноо: 16 March 2016

ЗӨВ ШҮҮ

Сэтгэгдэл бичих