Хотын төвд орших атлаа нийслэлийн нэр хүндийг гутаагч гудамжуудыг нэрлэцгээе

Бид хотдоо хайртай. Ажлаар цөөн хэдэн хоног хөдөө явчихаад ирэхдээ хотоо саначихсан л байдаг. Тиймээс хайртай хүндээ хир халдаадаггүй шиг, хайртай хотдоо бид хог таримааргүй санагдана. Хайртай хүнээ бусдаас өмөөрөн хамгаалдаг шиг, хайртай хотын маань гудамжинд  хог тарьж буй нэгэнд эрүүл шаардлага тавьж сурмаар санагдана.

Улаанбаатар бол сая гаруй хүнтэй бүхэл бүтэн улсын нийслэл шүү дээ. Гэр хорооллоо больё гэхэд ядахдаа хотын төвөө цэвэрхэн байлгах сан.

Ингээд хамтдаа аль дүүргийн, ямар гудамж Их хотыг маань матарлаж байгааг нэрлэцгээе.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ:

БЗД-ийн засаг дарга ноён Б.Батзориг танаа.

Танай дүүргийн хотын төвийн хэсэг болох зүүн дөрвөн замаас ХХААХҮЯ хүртэлх хойд, урд замыг эзэлсэн гудамжуудын хог арай дэндлээ. Та анзаарсан уу? Баянзүрх захын орчим бол бүр хэлэх ч үг олдохооргүй бохир заваан. Хотын төвд оршиж, Монгол Улсын нэр хүндийг гутааж буй энэ гудамжуудаа нэг цэвэрлэвэл ямар вэ?

СҮХБААТАР ДҮҮРЭГ:

СБД-ийн засаг дарга ноён Б.Баярмагнай танаа.

Багшийн дээд сургуулийн хавь орчимд оюунтнууд биш гахайн ферм байдаг юм шиг л хог хөглөрөх юм. Цөмсөн самрынхаа ясыг сууж байгаа газартаа хаа сайгүй шидлэх, цүнхнээсээ цаас гаргаад чулуудах оюутнууд энд хөлхөлдөнө. Энэ газрын хоёр талын автобусны буудлуудын тохижилтыг хийж байгаа юм уу, больчихсон юм уу. Хийсэн бол дуусгаад, тохижуулвал ямар вэ? Б.Баярмагнай Та дүүрэг бүрт тохижилтонд зарцуул хэмээн олгосон нэг тэрбум төгрөгнөөсөө багыг ч болов энэ хавьд зарцуулаач гэж хүсмээр байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ:

Чингэлтэй дүүргийн засаг дарга Д.Ганболд танаа.

Танай дүүргийн бөмбөгөр худалдааны төв, Жуулчдын гэх гоёмсог нэртэй гудамжууд хогондоо дарагдлаа. Жуулчдын гудамж чинь наймаачдын гудамж болчих шиг болох юм. Жуулчид энэ гудмаар явахаасаа сэжиглэж бас айж байгаа нь дамжиггүй. Энд байгаа наймааны асрууд улам бүр нэмэгдсээр өдгөө төв гудамжин дахь Нарантуул зах болчихжээ. Түүнийг дагаад замбараагүйтэл үүсч, гар дээрээс наймаа хийгчид энэ хавиар “найрлаж” байна. Танд мэдэж байгаа зүйл байна уу, Д.Ганболд дарга аа?

БАЯНГОЛ ДҮҮРЭГ:

Баянгол дүүргийн засаг дарга Л.Амгалан танаа.

Танай дүүргийн хороолол дундах бөөгнөрсөн хог хэрээс хэтрээд байгаа талаарх мэдээлэл иргэдээс бидэнд ирсээр байна. Мөн тээврийн товчооны орчмын зам талбай чинь яачихсан юм бэ? Энэ жил дүүргүүдэд тохижилт хийгээрэй гэж өгсөн нэг тэрбум төгрөгийг та юунд зарцуулсан бэ?

Бид цөөн хэдэн гудамжийг жишээ болгон орууллаа. Энэ мэт олон гудамж хотын төвд орших атлаа бохир байдлаараа Монгол Улсын маань нэр хүндийг гутааж байна. Хэдхэн жилийн дотор Эрээн хот гэхэд л яаж цэвэрхэн боллоо доо. Гэтэл бид улсынхаа нийслэлийг ийм бохир заваанаар нь цаашид ч байлгасаар байх гэж үү?

Эрхэм хотын дарга Г.Мөнхбаяр та юу бодож байна?

О.Ариунбилэг

gogo.mn


URL:

Сэтгэгдэл бичих