НӨАТ-ын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг хүсэв
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Бөмбөгөр, Барс, Нарантуул гэх мэт худалдааны төвд худалдаа эрхлэгчид, түрээслэгчид, гэр хорооллын дэлгүүр хоршооны эзэд, түрээслэгчид, худалдаа эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ нар “НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд” уулзалтад оролцож бизнес эрхлэгчидтэй хуулиудын хэрэгжилт, иргэдийн худалдан авах чадвар зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Бизнес эрхлэгчдийн зүгээс НӨАТ-ын хуульд тодорхой өөрчлөлтийг оруулах шаардлагатай байгааг дараах байдлаар тайлбарлаж байлаа.
Тухайлбал, захын гэр хороололд интернэт сүлжээ байхгүй, санхүүгийн боломжгүйгээс 1.5 сая төгрөгийн үнэтэй машин худалдан авах боломжгүй, авсан ч ашиглах аргагүй гэж учирлаж байлаа. Нөхцөл байдал ийм байтал татварын байцаагчид орлогоо бүрдүүлэхийн тулд 500 мянган төгрөгөөр торгож, дампууруулахад хүргэж байна гэсэн юм.
Мөн ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо АСЕМ-ын уулзалт болохтой холбоотойгоор ирэх тавдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 1-ныг хүртэл нийслэлд түүхий ноос, ноолуур оруулахгүй байх шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа нь багагүй хүндрэл учруулж байна. Ноос ноолуурыг бэлтгэж эдийн засгийн эргэлтэд оруулах хугацаанд ажилгүй тэг зогсолт хийх нь энэ төрлийн бизнес эрхлэгчдийг ажилгүй орлогогүй болгох шийдвэр гэж онцолсон юм.
Д.ЖАРГАЛ
URL: