Ц.Амарбаяр: Антибиотикийн хэрэглээг зогсоохыг уриална
ШӨХТГ-ын дэд дарга Ц.Амарбаяртай “Хэрэглэгчийн өдөр”-ийг угтаж ярилцлаа.
-Засгийн газраас энэ жилийг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан. Танайх энэ жилийг угтаж ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдөр бол Хэрэглэгчийн эрхээ хамгаалах өдөр юм. Дэлхийн Хэрэглэгчийн өдрийг тохиолдуулан энэ жилийг Олон улсын хэрэглэгчийн байгууллагаас дэлхийн томоохон сүлжээ ресторануудад хандан хүний эрүүл мэндэд хэрэглэх зориулалттай антибиотикоор тэжээсэн мал, амьтны гаралтай махыг хоолонд ашиглахыг зогсоох уриалгыг гаргаж байгаа. Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн салбарт нүүрлээд байгаа томоохон аюулын нэг нь антибиотикийн дасал юм. Дэлхий даяар үйлдвэрлэгдэж байгаа антибиотикийн тал орчим хувийг хөдөө аж ахуй, тэр дундаа фермерийн мал, амьтныг эмчлэх бус, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өсөлтийг хурдасгах зорилгоор ашиглаж байна. Иймд хүн амын антибиотикийн хэт их хэрэглээг зогсоох, түүнийг орлох шинэ төрлийн эм, эмийн бүтээгдхүүн үйлдвэрлэлийг дэмжих, фермерийн аж ахуйд өөрчлөлт, шинэчлэлт хийх асуудал дэлхий нийтэд зайлшгүй шийдвэрлэх тулгамдсан асуудал болсон. Энэ аюулыг шийдвэрлэхэд хууль, журам батлахаас илүүтэйгээр дэлхийг хамарсан түгээлт, нийлүүлэлтийн сүлжээтэй үндэстэн дамнасан томоохон ресторануудын оролцоотойгоор уг өөрчлөлтийг эхлүүлэх нь илүү үр дүнтэй гэж харсан учраас манайд ч мөн үүд хаалгаа нээчихсэн байгаа “KFC” гэх мэт сүлжээ ресторануудад ажлаа танилцуулна. Иргэдийнхээ эрүүл мэнд, эрх ашгийг ийм байдлаар хамгаална.
-Антибиотикийн хэрэглээг зогсоохоор манай улс ганцаараа тэмцээд үр дүн гарахгүй. Тиймээс олон улсын байгууллагууд ч мөн энэ үйл хэрэгт оролцох юм байна гэж ойлгож болох уу?
-Хойд Америкт антибиотикийн хэрэглээг зогсоох талаар арга хэмжээ явуулж эхэлсэн. Харамсалтай нь энэ нь дэлхий дахиныг хамарсан асуудал учраас хангалтгүй байна. Иймд олон улсыг хамарсан үйл ажиллагаа явуулах нь нэн тэргүүний асуудал болж байгаа юм. Иймээс Олон улсын хэрэглэгчийн байгууллагаас антибиотикийг дэлхий даяарх бүх сүлжээ ресторануудынхаа хоолны цэснээс хасахыг “McDonald’s”, “KFC”, “Subway”-д уриалж байгаа юм.
-ШӨХТГ иргэдийн дунд нэлээд өндөр рейтингтэй. Хэрэглэгчийн жилд ч мөн нэр хүндээ алдахгүй ажиллана байх. Иргэдээс танайд хандсан, хэрэглэгчийн өргөдөл гомдол буурч байна уу?
-Ер нь манайд ханддаг иргэдийн тоо, өргөдөл гомдлын хувь жилээс жилд ихэсч байна. Энэ жилийн тухайд манай хамт олон хэрэглэгч рүү хандсан нэлээд өөр арга, менежментээр ажиллахаар урт хугацааны төлөвлөгөө гаргаад судалгаа хийж байна. Хэрэглэгчийг хохирсон хойно нь биш, хохирохоос өмнө урьдчилан сэргийлдэг, хэрэглэгчдэд хэрэглээний боловсрол олгох тал дээр шинэ ажлууд эхлүүлээд байгаа. Иргэдээ соён гэгээрүүлэх, сургалт, сурталчилгааны чиглэлийн ажлууд санаачилж байна. Энэ ажлууд их чухал. Ер нь бол хэрэглэгчийг мэдлэгжүүлэх, боловсрол олгох нь нэн тэргүүний ажил болоод байна.
-Таны хувьд ажлаа аваад удаагүй байгаа. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нь таны хувьд шинэ ажил мөн үү?
-Миний хувьд энэ шинэ ажил биш. Яагаад гэвэл, миний аав Сүхбаатар аймгийн уугуул Ш.Цэндбаяр гэж хүн байсан. 1992 онд шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан АИХ-ын депутат, Улсын Бага хурлын гишүүн, үйлдвэрчний байгууллагад маш олон жил удирдах ажил хийсэн гээд улс орондоо төдийгүй хэрэглэгчийн төлөө нэлээд ажил хийсэн хүн байлаа. Хөдөлмөр хамгаалал хөдөлгөөн болон “Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний холбоо”-г үүсгэн байгуулсан. Ерөнхий сайдын ажлын албаны зөвлөх гэх мэт хийж үзээгүй ажил аавд байгаагүй учраас алтны дэргэдэх гууль шарладаг гэгчээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах нь миний ч бас үүрэг болж ирсэн. Тиймээс ажлаа аваад гурван сар болж байгаа ч нэлээд томоохон ажлууд хийхээр эхлүүлээд байна. Мэдээж энэ жилийг Засгийн газраас “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулж “Хэрэглэгчийн үндэсний хөтөлбөр”-ийг батлуулж хэрэгжүүлэх, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийх, хаврын чуулганаар батлуулах, Монгол Улсад хэрэглэгчийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 25 жилийн ойг тэмдэглэх, ойг угтсан ажлууд хийх гээд нэлээд завгүй ажиллаж байна. Мэдээж Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуультай болсноор иргэд бүх төрлийн үйлчилгээний газруудаар эрхээ хамгаалуулсан үйлчилгээ хүртэнэ. Ингэснээр иргэд хожино.
-ШӨХТГ-ын дарга, удирдах ажилтнууд нэлээд залуу боловсон хүчин. Тиймээс иргэдээс ам ажлын үр дүнг харах гэсэн хүлээлт байна?
-Манай удирдлагын хувьд харьцангуй залуу хүмүүс учраас мэдээж мэдлэг, туршлага хэрэгтэй байлгүй яахав. Энэ бол цаг хугацааны асуудал. Гэвч бид өөрсдийгөө туршлагагүй залуучууд гэж голохоосоо өмнө байгууллагынхаа менежмент, соёл, дотоод уур амьсгал, хүний нөөц, гадаад хамтын ажиллагааг сайжруулах хэрэгтэй юм байна гэж зорьж байгаа. Мөн хэрэглэгчээ дээдэлсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Миний хувьд энэ ажилд томилогдоод “Хэрэглэгчийн үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж тус хөтөлбөрийн төслийг Шадар сайдад гардуулж өгсөн. Мөн ШӨХТГ-ын дунд хугацааны хэтийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн ахлагч, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийж боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр томилогдсон байгаа.
Б.Заяа
URL: