Мөрийтэй тоглогчдыг өөгшүүлсэн тогтоолыг өөрчлөх асуудлаар Хууль зүйн сайдад ханджээ
Сүүлийн жилүүдэд цахим тоглоомын газар нэртэй мөрийтэй тоглоомын газрууд ихээр нээгдэж иргэд их хэмжээний мөнгө алдаж байна гэсэн гомдлууд тасрахаа больжээ. Цагдаагийн байгууллагаас эдгээр тоглоомын газруудыг шалгаж байна, үйл ажиллагааг нь зогсоолоо гэсэн мэдээллүүдийг сэтгүүлчдэд өгсөөр ирэв. Гэвч төд удалгүй тоглоомын газрууд нь дахин үйл ажиллагаа явуулаад эхэлдэг. Энэ нь олон нийтийн зүгээс хуульд дийлдэхээ больсон эдгээр газруудын ард хэн нэгэн эхтэн дархтан байна гэсэн хардлага бий болдсог нь нууц биш. Тиймээс бид энэ удаа уг тоглоомын газрууд нь яагаад хуулийг уландаа гишгээд байдаг талаар олон нийтэд мэдээлэхийг зорилоо.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Мөн энэхүү эрүүгийн хуулийн зүйл заалтыг Улын дээд шүүхийн 2010 оны тавдугаар сарын 19-ний 15 дугаар тайлбартаа “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом (казино) гэдэгт “ашиг хонжоо олох зорилгоор мөнгө буюу түүнийг орлогч металл (токенс) хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл, слот машин, мөн тоглоомын үйл ажиллагаандаа мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоос (чип) буюу шоо, хөзөр, тэдгээрт зориулсан тоглоомын тусгай ширээ зэрэг казиногийн зориулалтаар өрөө, тасалгаа, тоног, төхөөрөмжийг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна” гэжжээ.
Хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаатай тэмцэх чиглэлээр Эрүүгийн цагдаагийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газраас өнгөрсөн онд арга хэмжээ зохион байгуулж 19 газрын үйл ажиллагааг шалгаснаас зургаан газрын үйл ажиллагаа бүрэн зогсоож, 12 газарт албан мэдэгдэл өгчээ. Харин энэ он гарсаар нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж есөн газрын үйл ажиллагааг зогсоож, Эрүүгийн хуулийн 243 зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр холбогдох газарт шилжүүлсэн байна. Гэвч зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах шийдвэр гаргажээ.
Учир нь 2015 онд нийслэлийн Соёл урлагийн газраас НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 155 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт Соёл, урлагийн төлбөрт үйлчилгээний журмын 1.2.5 “Биллъярд, цагираг шидэх, хийн буудлага, лото тоглоом…” гэсэн заалтыг үндэслэн дээрх төрлийн үйл ажиллагаа явуулдаг 21 газарт зөвшөөрөл өгчээ. Цагдаагийн байгууллагаас Нийслэлийн Соёл урлагийн газрын даргад хууль зөрчин мөрийтэй тоглоомын газруудад зөвшөөрөл өгч байгаа талаар нь мэдэгдэл хүртэл хүргүүлж байсан, мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус журмын Эрүүгийн хуультай зөрчилдөж байгаа заалтыг өөрчлөх талаар санал хүргүүлж байжээ.
Гэвч цагдаагийн байгууллагаас тавьсан асуудлыг хотын захиргаанаас үл тоож, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас 2007 оны есдүгээр сарын 06-ны өдрийн 155 дугаар тогтоолыг хүчингүй болгож, өнгөрсөн сарын 8-ны өдрийн 09 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний журмыг шинэчлэн 3.1.3 “Цэнгээнт үйлчилгээний /автомат тоглоом, видео тоглоом, мөсөн болон дугуйт тэшүүрийн талбай, билльярд, боулинг, дэлгэцийн болон миний гольф/ газар гэсэн заалтыг нэмж оруулан баталжээ.
Энэ нь цагдаагийн байгууллагаас хууль бус үйлдэлтэй тэмцэхэд улам хүндрэл учруулж байгааг цагдаа нар онцолж байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас хуулийн хийдлийг арилгах талаар Хууль зүйн сайдад танилцуулга хүргүүлээд байгаа ажээ.
Одоогоор Улаанбаатар хотод нийт автомат тоглоомын 21 газар үйл ажиллагааг явуулж байгаагаас Баянгол дүүрэгт найм, Сонгинохайрхан дүүрэгт нэг, Баянзүрх дүүрэгт дөрөв, Хан-Уул дүүрэгт дөрөв, Сүхбаатар дүүрэгт нэг, Чингэлтэй дүүрэгт гурван газар үйл ажиллагаа явуулж байна.
Б.Энх
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: