ЦАЦРАГИЙН ХОР МОНГОЛД ТАРЧИХСАН ЮМ БИШ ҮҮ

…Япон машинаас цацраг идэвхт бодис илэрлээ…Энэ мэдээлэл монголчуудын хувьд сенсаац төдийгүй айдас, түгшүүр дагуулсан баримт яах аргагүй мөн байлаа. Гэхдээ манайхан тэгтлээ сандарсангүй. Яагаад, яагаад ийм түгшүүртэй мэдээг “тайван” хүлээж авав аа? Бүр тодорхой хэлбэл, Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газар, Улаанбаатар хотын Гаалийн газартай хамтран гаалийн хяналтын бүсүүдэд Япон улсаас импортолж байгаа автомашин, сэлбэг хэрэгсэлд наймдугаар сараас эхлэн цацрагийн хяналт, хэмжилтүүдийг хийжээ. Хяналтад 1321 автомашин хамрагдсанаас наймд нь бага хэмжээний цацрагийн бохирдол илэрсэн байна. Иймд хор тээвэрлэсэн автомашинуудын бохирдлыг арилгах, цэвэрлэх арга хэмжээ авсан.

Төд удалгүй мөнөөх гайхлуудыг эздэд нь буцаан олгоод байна. Энэ талаар Цөмийн энергийн газраас товч тодорхой мэдээлсэн. Харин одоо эндээс асуулт гарч ирж байна. Тус газрын цацрагийн хяналт шалгалт ердөө сарын өмнөөс эхэлжээ. Тэгвэл Японд болсон гамшиг, Фүкүшимагийн Цөмийн цахилгаан станцын дэлбэрэлт яг хэзээ болсныг санаж буй биз ээ. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард болсон. Чухам тэр үеэс цацраг идэвхт бодисоор бохирдсон автомашин Монголын хилээр хэдэн зуугаараа орж ирж болзошгүй гэсэн хардалт байлаа. Энэ талаар мэргэжилтнүүд ярьж ч байсан. Гэхдээ аюул дагуулсан ямар нэг мэдээ сонсогдолгүй өдий хүрсэн билээ.

Харин энэ хардалт хий хоосон таамаг биш байсныг ганцхан сарын хяналтын дүн шинжилгээний хариу баталчихаж байгаа юм. Үнэндээ Японд болсон гамшгийн дараа хийгээд, өнөөдрийг хүртэл аюул тээсэн машин хэдэн зуугаараа Монголд суурьшчихсан байхыг үгүйсгэх аргагүй юм. Гэвч энэ таамаг гэж болохоор асуултад манай албаныхан, мэргэжилтнүүд ч хариулт өгч чадахгүй нь тодорхой. Тэгвэл ганцхан жишээ дурдъя. Манайх саяхан нэг машин авсан юм. Мэдээж бид Японоос орж ирсэн, “шинэ тэрэг” авахыг хүсэж байлаа. Сонголт хийх гэж хэд хэдэн төвлөр сөн цэг, захуудаар явсан. Энэ үеэр үзсэн нэг машин маш “но”-той санагдаж билээ. Угаасаа сэрдэхээс өөр аргагүй байв. Машины эзэн “Дөнгөж уржигдар орж ирсэн машин байгаа юм. Авна гэвэл сайн ярина шүү. Харин угаалгаж чадаагүй байна. Гэхдээ та нар гаднаас орж ирсэн машинууд бүгд энэ зах дээрх шиг цэвэрхэн байдаг гэж бодоогүй биз дээ.

Анх орж ирэхдээ иймэрхүү царайтай л юмнууд байдаг юм ш дээ. Хамгийн гол нь яаралтай мөнгө хэрэгтэй болчихоод байна” хэмээн ярьж байлаа. “Шинэ” машин ч үнэхээр авах юм алга аа. Халтайсан юм, бөөн шороо тоос. Доторх нь шавраар дүүрчээ. Суудал, шалавч нь нэлээд норсон нь илт. Ийм байдалтай удсан болоод ч тэр үү эвгүй үнэр орчихсон, зарим газраараа зэвэрсэн харагдлаа. -Энэ чинь нөгөө цацрагаар хордсон, Японы гамшиг болсон газар живсэн машин юм биш үү? гэтэл мөнөөх залуу: -Юу гэж дээ, хортой машин хилээр оруулахг үй ш дээ. Өөрсдөө л мэд дээ. Хэрвээ авмаар байвал “ченж угаалга”-д шууд оруулчихаж болж байна гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Ченж угаалга гэдэг нь импортоор орж ирсэн “халтар” автомашинуудыг танигдахын аргагүй болтол гялтайтал цэвэрлэдэг үйлчилгээ аж.

Чухам эндээс бид тодорхой нэг дүгнэлт хийчихэж болохоор байгаа биз. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хилээр цацраг идэвхт бодис агуулсан автомашин Японоос орж ирсэн гээд хэлчихэд хилсдэхгүй. Тэгээд ч Монголын хил гаалийн хяналт сул, Цөмийн энергийн газрынхны үйл ажиллагаа “тодорхойгүй” гээд буруутгах шалтгаан хангалттай бий. Өнөөдөр дэлхийн хэмжээнд жилд 60 мянган хүн нарны хэт ягаан туяанаас хордон амь насаа алддаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Хэт ягаан туяа нь хүний арьсанд нөлөөлж, арьсны хорт хавдар үүсгэдгээрээ тун аюултай. Түүнчлэн НYБын Орчны хөтөлбөр, цацрагаас хамгаалах олон улсын комисс дэлхийн гадарга дахь хэт ягаан туяаг индексээр хэмжих, хүн амыг хорт хавдрын аюулаас сэрэмжлүүлэх ажлыг хийж байна. Харин Монголд чимээгүй үхэл таригч цацраг идэвхт бодисоос хүн амаа хамгаалах асуудал “0” гэхэд болно.

Цацраг идэвхт бодис агуулсан автомашин орж ирснээр монголчууд гэнэт үйл олноороо хордож үхэх хэмжээний гамшиг тарихгүй нь ойлгомжтой. Энэ бодис маш бага хэмжээгээр байнга ялгарч, аажмаар хордуулдаг шидтэй эд. Түүнчлэн чимээгүй үхэл таригч цацраг идэвхт бодис нь хүнийг үе удмаар нь хордуулдаг. Энэ бодист хордсон эхчүүдээс төрөлхийн мэдрэлийн согогтой, саажилттай, нүд дальдирам гаж хөгжилтэй хүүхэд олон арваараа төрж байсан гашуун түүх дэлхийн цөөнгүй орны хар дансанд бий. Угтаа бол цацраг идэвхт бодисоос хүн төрөлхтнийг хамгаалах асуудал дэлхийн олон орны өмнө тулгамдаад буй бас нэг хүнд сэдэв юм.

Нүдэнд үл үзэгдэж, чихэнд үл сонсогдох цацраг идэвхт бодисын аюул ийнхүү Монголд маш чимээгүйгээр хүрээгээ тэлж байна. Цацраг ялгаруулдаг машинд Та суулаа гээд өнөөдөр, эсвэл маргааш нь хордоод үхчихгүй. Аажмаар, хэдэн арван жилийн туршид хордуулдгийг мартаж болохгүй. Уг нь автомашинаас цацраг илэрсэн тохиолдолд Монголын төр, засаг хатуу чанга байр сууриа илэрхийлэх ёстой мэт. Ядаж л Монгол Улс Японоос автомашин импортлох асуудлыг нэг хэсэгтээ, бүр хэдэн жилээр хориглочихож яагаад болохгүй гэж. Цаашлаад Японд болсон гамшгийн дараагаас орж ирсэн автомашины худалдаанд дахин хяналт тавьж, шалгалт хийх хэрэгтэй юм биш үү. Эс тэгвээс хожмын өдөр харамсаад барахгүй гашуун түүхтэй үлдэх вий, бид. Угтаа бол Монголд орж ирсэн Японы автомашинуудаас цацраг идэвхт бодис ялгарна гэдэг хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд түгшүүр биш гэж үү. Цаашлаад энэ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хамаатай асуудал юм.

Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН


URL:

Сэтгэгдэл бичих