Их Британи, Швед ОХУ дээгүүр ажиглалтын нислэг үйлдэнэ

Их Британи болон Шведийн мэргэжилтнүүд “Нээлттэй тэнгэр” гэрээний хүрээнд энэ сарын 14-18-нд ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг хийнэ гэж ОХУ-ын Цөмийн аюулыг бууруулах үндэсний төвийн тэргүүн Сергей Рязков мэдэгдэв.

Ажиглалтын нислэгийг Шведийн “SAAB-340B” нисэх  онгоцоор үйлдэх бөгөөд тус онгоц Кубинка нисэх онгоцны буудлаас хөөрнө гэж тэрбээр мэдэгджээ.

ОХУ-ын мэргэжилтнүүд нислэгийн бүхээгт байлцаж, гэрээнд заасан ажиглалтын төхөөрөмжийг ашиглах байдал болон нислэгийн параметрийг дагаж мөрдөж байгаа эсэхийг хянана гэж мэдэгдэлд дурджээ.

Хүйтэн дайны дараа Европ тивийн улс орнуудын дунд харилцан итгэлцлийг бий болгох зорилгоор авч хэрэгжүүлсэн гол арга хэмжээний нэг болсон “Нээлттэй тэнгэр” гэрээг 1992 онд байгуулсан бөгөөд үүнд нийт 34 улс нэгдсэний дунд НАТО-гийн гишүүн орнуудын дийлэнх, ОХУ болон төвийг сахисан байр суурьтай Швед, Финланд зэрэг орон орж байна. Цэргийн салбарт нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор гишүүн 34 орны нутаг дэвсгэр дээгүүр зэвсэггүй онгоцоор ажиглалтын нислэг үйлдэх заалтыг тус гэрээнд тусгасан байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих