Хүндийн өргөлтийн УАШТ боллоо

Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо энэ сарын 11-13-нд боллоо. Тэмцээнд “Алдар”, “Аврагч”, “Хүч”, “Хилчин” спорт холбоо болон Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Өвөрхангай, Баян-Өлгий, Сүхбаатар аймаг зэрэг 18 багийн 180 орчим тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд, 47 багц медалийн төлөө өрсөлдөв.

Энэ удаагийн тэмцээн хүндийн өргөлтийн спортыг орон нутагт сурталчлан таниулах, тамирчдын хүрээг тэлж, тамирчдын чансааг сайжруулах, “Рио-2016” Олимпийн наадмын эрх олгох тэмцээнд оролцох баг тамирчдаа дэмжихэд оршлоо. Мөн Сүхбаатар аймагт хүндийн өргөлтийн насанд хүрэгчид болон Бүх ард түмний их наадмын хүрээнд зохион байгуулагдсан анхны тэмцээн юм.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын үе, үеийн шилдэг тамирчид оролцлоо. Тэр дундаа ахмадын дэлхийн аварга Ш.Оюунчимэг, 1991, 1992 оны Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, улсын 12 удаагийн аварга, ОУХМ Н.Батжаргал нарын ахмад тамирчин залуу шилдэг тамирчидтай өрсөлдсөн юм.

Тэмцээний үеэр эрэгтэй 62 кг-ын жинд ОУХМ Ө.Чагнаадорж огцом болон түлхэлттэй өргөлтөөр залуучуудын улсын рекордыг тус бүр таван кг-аар шинэчлэн тогтоолоо. Тэрбээр огцмоор 111 кг, түлхэлтээр 140 кг-ыг өргөж, хоёрдугаар сард болсон залуучуудын УАШТ-ий үеэр өөрийн тогтоосон амжилтаа ийнхүү ахиулсан юм.

Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д Ч.Нямзул, 53 кг-д Б.Золбоо, 58 кг-д Эрдэнэтуяа нар ОУХМ цолны болзлыг хангасан бол эрэгтэй 94 кг-ын жинд А.Амартөгс спортын мастер боллоо.

Нийт 18 баг өрсөлдсөнөөс эрэгтэй ангилалд “Аврагч” спорт хороо түрүүлж, “Хүч”, “Хилчин” холбоод удаалав. Мөн эмэгтэй багаас “Алдар” спорт хороо түрүүлж, “Хилчин”, “Аврагч” баг хоёр, гуравдугаар байрыг эзэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих