С.Молор-Эрдэнэ: Н.Энхбаярыг тэтгэврийн хөгшин болчихсон байхад нь би улс төрд дахин гаргаж ирсэн

Философич, улс төр судлаач С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа. 

-Тантай холбогдохын тулд Хамаг Монгол хөдөлмөрийн намын утас руу залгасан юм. Гэтэл “С.Молор-Эрдэнэ намын ажил хийхгүй байгаа, улс төрөөс холдох шийдвэр гаргасан. Хаана юу хийж байгааг нь мэдэхгүй байна” гээд утсаа салгасан. Та улс төрөөс бүр мөсөн гарчихаж байгаа юм уу. Эсвэл түр зуурын завсарлага байв уу. Ер нь өнгөрсөн сонгуулиас хойш юу хийж байв?

-Өнгөрсөн хугацаанд олон нийтийн боловсролд анхаарал хандуулж ажиллалаа. Барууны орнуудад ийм ажил хийдэг хүнийг олон нийтийн сэхээтэн гэж нэрлэдэг юм. Олон нийтийн сэхээтэн нь хүмүүсийн боловсролд чиглэсэн лекц, илтгэл тавьж, тэдэнтэй санал солилцож, соён гэгээрүүлэх ажил хийдэг. Үүнийг Монголд нэвтрүүлэх чиглэлд л түлхүү ажиллалаа даа. Улс төрийн хувьд харин яг ч бүрмөсөн хөндийрчихөөгүй. Улс төр гэдэг нь олон нийт, ард түмнийхээ төлөө ажиллана гэсэн гол зорилготой зүйл. Тэр утгаараа хэдийгээр саарал ордонд ороогүй ч гэсэн олон нийтэд чиглэсэн ажил хийж байгаа маань улс төрийн ертөнцөд тодорхой хэмжээгээр оролцож буйг илтгэж болох юм. Тэгэхээр шууд утгаараа биш ч С.Молор-Эрдэнэ гэдэг хүн улс төрд оролцоод л явж байна. Ер нь ажиглаад байхад ихэнх хүмүүсийн улс төрд орох гол зорилго нь мөнгө байх шиг байна. Харин надад өөрийн мэдлэг боловсролоо үнэлүүлээд явах чадвар байгаа учраас  аж амьдралаа залгуулахын тулд заавал улс төрд орох шаардлага алга.

-Олон нийтэд чиглэсэн ажил хийж байгаа хүн, тэр тусмаа илтгэл тавьж, үгээ түгээж байгаа хүн харин ч улс төрд орох ёстой юм биш үү. УИХ-д сууснаар эрх зүйн хүрээнд бодлого боловсруулж, Засгийн газарт хяналт тавьж, эсвэл бүр Засгийн газрын гишүүн болох боломжтой. Ингэснээр таны үг лекцийн нэг танхимд бус Монгол орны нийт хүнд хүрэх юм биш үү?

-Шууд утгаараа үнэн. УИХ-д орж, бодлогод нөлөөлж байж хийх гэж байгаа зүйлээ бүрэн дүүрэн гүйцэлдүүлнэ. Тэгж ч явах ёстой. Харин миний хувьд нэг зүйлд баригдаж, түүнийхээ бодлогод захирагдаж, хүлцэнгүй байж чаддаггүй онцлогтой учраас улс төр хувь хүнтэй маань их зөрчилддөг. Хараад байхад улстөрч хүн нэлээд дуулгавартай, суусан, тогтсон, өөрийнхөө бодож байгааг хамаагүй хэлдэггүй, хүлээлттэй, нуумтгай байдаг юм биш үү. Гэтэл би яг үүний эсрэг шүү дээ. Шууд л дуугардаг, хашгирдаг, хэлдэг, босоод л ирдэг. Тэгэхээр миний зан чанар харшилддаг юм шиг байгаа юм. МАХН-ын дарга Н.Энхбаяртай нэг хэсэг хамт ажиллаж байсан үе маань ч үүнийг нотолдог шүү дээ. Чимээгүй дуугүй нэг нь Н.Энхбаярыгаа дагаж явсаар байгаад сайд, дарга болчихож байна. Харин миний хувьд жагсаалын цэрэг байхыг цаанаасаа хүсдэггүй учраас шууд л Н.Энхбаярыг хаяад явсан.

-Хашгирдаг, шууд хэлдэг, босдог хүмүүст олон нийт дуртай байдаг юм биш үү. Ийм хүн улс төрд, ялангуяа парламентад хэрэгтэй ч гэж ярих хэсэг байдаг ш дээ?

-Уг нь хэрэгтэй. Өмнөх сонгуулиар Ц.Шинэбаяр, Б.Жаргалсайхан бид гурав эвсэж орсон. Ингэж ороход улс төрийн том намууд биднээс айж байсан ш дээ. Харамсалтай нь сонгуульд амжилттай оролцож чадаагүй.

-Хамаг Монгол хөдөлмөрийн намын даргаар тэгвэл хэн ажиллаж байгаа юм бэ. Сонгуульд оролцоно биз дээ?

-2012 оны сонгуулийн дараа намын ажлаа орхисон. Ингэхдээ өөрийн туслах, УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярт намын даргын үүргийг шилжүүлсэн юм. Одоо намын ажлыг Ц.Шинэбаяр хариуцан ажиллаж байгаа. Мэдээж сонгуульд Хамаг Монгол хөдөлмөрийн нам оролцоно. Миний хувьд ямар ч байсан олон нийтэд чиглэсэн ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна. Лекцээ уншаад, номоо бичээд юу ч гэсэн явж байя. Хугацаа байна шүү дээ. Юу болохыг харж л байя.

-Таны хувьд сонгуульд нэр дэвших үү. Намын дарга нь мэдээж намаа толгойлж сонгуульд орох хэрэгтэй байх?

-Түрүүн хэлсэн шүү дээ. Хамаг Монгол хөдөлмөрийн намын ажлыг Ц.Шинэбаяр хариуцаж байгаа. Нэр дэвшихийн хувьд хэлэхэд хэцүү байна. Улс төр өөрөө онцлогтой салбар. Цаг нь болохоор маш богино хугацаанд маш олон үйл явдал болох боломжтой шүү дээ. Миний хувьд нийт ард түмний хэмжээнд бодож ажиллахыг хичээдэг. Харин улс төрийн намууд өөрийн үзэл баримтлалд таарсан нэг шугамаар явдаг. Тэгэхээр намын хүн бол намын л хүн байдаг.

-Түрүүн та Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын талаар дурдсан. Хамт ажиллаж байгаад орхиод явсан гэж. Түүний цаана МАХН-аас гарах тодорхой өөр шалтгаан байсан байх?

-Мэдээж тодорхой шалтгаан байсан. Уг нь би Н.Энхбаярыг улс төрийг шинэчилж, алдаагаа засна гэж бодож байсан юм. Хэрэгтэй, хэрэггүй хүмүүсээс салж, шинэ үеийг дэмжиж, тэдэнтэйгээ урагшилна гэж хүлээж, дүгнэж, найдаж байлаа. Гэтэл тэр хүн шинэ Монголын төлөө, шинэ үеийн төлөө явахыг хүсээгүй. Эргээд л нөгөө хоол унд, наргиа, наадам, найраа, хуйвалдаан гэдэг зүйл рүүгээ орчихсон. Нэг харсан чинь буцаад л улс төрд улиг болсон нөхдүүдтэйгээ бөөрөө нийлүүлчихсэн байсан. Хажууд нь М.Энхсайхан гэж улс төрийн ямар ч бодлогогүй, буурь суурьгүй, юу хийх гээд байгаа нь мэдэгдэхгүй хүн байсан ш дээ. Нөгөө талд нь Ч.Улаан, Ц.Цолмон, Д.Тэрбишдагва мэтийн бас л бүтэхгүй нөхөд гараад ирчихсэн. Хааччихав, нөгөө ард түмний найдаж байсан Н.Энхбаяр. Маш их гайхсан. Уг нь анх МАХН гарч ирж байхад маш их зүйл биднээс хүлээж байсан шүү дээ. Гэтэл Н.Энхбаяр маань хүмүүсийн тэр их хүлээлтийг үгүй хийчихсэн. Тийм болохоор хуучиндаа үлдсэн тэр хүнтэй, хөгжил дэвшлийг хүсэхгүй байсан тэр хүнтэй юугаа бодож би цаашид хамтарч ажиллах юм бэ. Харин тэрний оронд өөрийн хүсч эрмэлзэж байсан зүйл рүүгээ явах нь зөв юм байна гэж үзээд МАХН-аас гарсан даа.

-МАХН-аас та явсан биш, таныг харин МАХН-аас бүр хөөсөн юм биш үү. Яагаад ингэж асууж байна гэхээр, сүүлд МАХН-ын гишүүн О.Баасанхүү нэгэн ярилцлагадаа “МАХН аль ажил ярьсан хүмүүсээ хөөдөг” гээд таны нэрийг дунд нь дурдсан байсан?

-Хөөгдөхөөсөө өмнө өөрөө явсан.  Удахгүй хөөгдөж мэдэх юм байна гэсэн мэдрэмж төрөөд ирсэн л дээ. Тэгээд нэр төрөө бодоод хөөгдөхөөсөө өмнө явсан дээр юм байна бодсон.

-МАХН-аас гарлаа гэдгээ Н.Энхбаяр даргад хэлээд явсан уу?

-Хэвлэлд ярилцлага өгсөн. Түүгээрээ дамжуулж МАХН-аас гарлаа гэдгээ хэлсэн. МАН мөн намайг МАХН-аас гаргахаар маш их ажилласан байдаг.

-Яаж ажилласан гэж?

-МАХН-ын далбааны өмнө би хэвлэлийн бага хурал хийсэн юм. Н.Энхбаярын талынхан чинь бүгд МАХН-ын гишүүд шүү дээ. Тэдний дунд суугаад ярилцлага өгчихсөн чинь намайг МАН-аас Сүхбаатар дүүргийн шүүхэд өгчихсөн юм. Тухайн үед МАН, МАХН хоёр албан ёсоор салаагүй байсан учраас туг, далбаа нь нэг байсан. Өөрөөр хэлбэл, С.Молор-Эрдэнэ МАХН-ын гишүүн биш атлаа бидний тугийг ашиглаж, бидний өмнөөс ярьсан гэдэг үндэслэлээр шүүхэд өгсөн.

-Шүүхээс ямар шийдвэр гарсан юм?

-“Цаашид амьдралдаа хэзээ ч МАХН-ын тугийг ашиглахгүй, нэр, тэмдэг зэрэг МАХН-тай холбоотой зүйлийг хэрэглэхгүй” гэсэн ам тангараг өгөөд дууссан.

-Давж заалдаагүй юм уу?

-Давж заалдахгүй гэсэн ам тангарагтай ш дээ, бас. Шүүхийн шийдвэртэй бичиг нь гэрт байгаа. Харж болно шүү.

-МАХН-ынхан гэхээсээ илүү МАН таныг гаргачихсан гэж үү?

-Яг тийм. Энэ нөхөр Н.Энхбаяртай нийлээд манай намыг баллаж мэдэх нь байна гэж МАН-ынхан бодсон байх. Тэр үед одоогийн УИХ-ын гишүүн Я.Содбаатар намайг шүүхэд өгсөн байхгүй юу. Тэгээд шүүхээс мултрахын тулд дээр хэлсэн амлалтыг өгсөн дөө.

-Та бараг МАХН-ын намын байр руу ойртож ч болохгүй юм биш үү?

-Бараг л тийм.

-МАХН-аас гарсан ч та улс төрийг орхиогүй байх аа. Хамаг Монгол хөдөлмөрийн намыг байгуулсан?

-Тийм. Тухайн үед УИХ-ын гишүүн байсан Ц.Шинэбаяртай нийлж Хамаг Монгол хөдөлмөрийн намыг үүсгэн байгуулсан юм. Ц.Шинэбаяр чинь тэр үед МАХН-ын орлогч дарга байсан. Гэхдээ надтай хамт МАХН-ыг хаяж гарсан. Бид хоёрын үзэл баримтлал ижил байсан гэж хэлж болно. Ингэж гараад 2012 оны сонгуульд орсон доо.

-Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, Ц.Шинэбаяр та гурав өнгөрсөн сонгуульд нийлж орсон. Тэгвэл 2016 оны сонгуульд дахин хамтрах уу?

-Одоохондоо энэ тухай бодоогүй байна. Ямар ч байсан миний зүгээс сонгуульд хамтарч оролцох асуудлаар санал тавихгүй. Харин санал ирвэл ярилцаж, зөвлөлдөж байгаад шийдэх байх. Үнэхээр С.Молор-Эрдэнэ гэдэг хүн хүмүүст хэрэгтэй гэвэл сонгуульд оролцоно. Түрүүлж улс төр хийх тухай асуудал алга даа. Санхүү, мөнгөнөөс эхлээд асар их зүйл шаарддагийг мэднэ шүү дээ. Ямар ч утгагүй самбар, зурагт хуудас гэсэн зүйлүүдээр өөрийгөө рекламдаад л. Энэ бол дэмий зүйл юм билээ. Хэрвээ дэвшихээр бол зурагт хуудсаар биш зүгээр л ард түмэнтэйгээ тулж уулзаад явах байх. Дэвшихгүй гэж шууд хэлэхгүй. Нийгэм, хүмүүсийн хандлагыг харъя. Сүүлийн үед нэр дэвшинэ гэж хэлэхээс айдаг болоод байна ш дээ. Дуучин, бүжигчин, бөө, бөх, сүмоч гээд янз бүрийн хүмүүс дэвшинэ гээд байх юм. Ингээд байхаар нэр дэвшинэ гэдэг үг чинь бүр онигоонд орох хэмжээнд хүрчихлээ шүү дээ.

-Ер нь танай намтай сонгуульд хамтарч оролцъё гэсэн санал бусад улс төрийн намаас ирж байгаа юу?

-Ил, далд тийм саналууд ирж байгаа. Намын асуудлыг Ц.Шинэбаяр хариуцаж байгаа учраас түүнд итгэж байна. Харин миний хувьд тодорхой хэмжээнд оролцоод явна. Гэхдээ намын дарга болж, нарийн асуудлуудад оролцохгүй. Намын дарга болчихвол дотоод ажил руугаа хэт орчихно. Тийм учраас намаа дэмжээд алсын зайнаас оролцож явна гэсэн бодолтой байгаа.

-МАХН-аас хамтрах санал ирвэл яах вэ?

-Санал ирнэ л дээ. Ирэх л ёстой. Ер нь МАХН-ын жинхэнэ гишүүд Ц.Шинэбаяр бид хоёрт их элэгтэй байдаг ш дээ. Та нар ирээд МАХН-аа аваад явбал сайн байна гэхчилэн маш олон санал, сэтгэгдэл, хүсэлт байнга ирдэг. Гэвч их нэр хүндтэй гарч ирж байсан намыг Н.Энхбаяр Ц.Цолмон, Д.Тэрбишдагва зэрэг хүмүүстэй нийлээд бусниулаад хаячихсан.

-Албан ёсны санал ирвэл хүлээж авна гэсэн үг үү?

-Намын дарга юм чинь Ц.Шинэбаяр л мэдэх байх.

-МАХН-тай эвслээ гэж бодъё. Эвссэний дараа дахиад МАХН-аас салах асуудал гарч ирвэл яах вэ?

-Эр хүн нэг л ааштай байх хэрэгтэй. Н.Энхбаяр харин их олон ааштай юм билээ. Зүв зүгээр байж байснаа л бүтэхгүй хэдэн нөхдөө дуудаад эхэлдэг. М.Энхсайхан гээд бялдууч нөхөр хамгийн түрүүнд ирдэг. Тэгэхээр гэнэт гардаг тийм аашийг гаргахгүй байдлаар л гэрээ хийх хэрэгтэй байх.

-Ярилцлага эхлэхийн өмнө та Н.Энхбаярыг би дахин гаргаж ирсэн шүү дээ гэж хэлсэн. Үүнийгээ тодруулж болох уу?

-Офицеруудын ордны наад талд нэг ногоон байшин байдаг юм. Хуучин Афганистаны Элчин сайдын яам байсан. Тэр барилгыг Н.Энхбаяр авчихсан байсан юм. Анх тэнд очиж уулзаж байлаа. Ингээд ороход бүх албан тушаалаа өгчихсөн, тэтгэврийн нэг хөгшин л компьютерийнхээ ард сууж байсан. Яг тэр үед У.Хүрэлсүх, С.Баяр хоёр нэг том алдаа гаргасан юм.

-Ямар алдаа?

-У.Хүрэлсүх, С.Баяр хоёр нийлж байгаад намынхаа нэрийг солиод МАН болгоно гэсэн юм. Ингэж нэрээ солихдоо алдаа гаргасан байхгүй юу. Юу гэхээр, намынхаа нэрийг солихдоо улс төрийн маш осолтой үгнүүд оруулчихсан. Уг нь тэр нам чинь хувьсгалч, социалист маягийн, социал демократ маягийн улс төрийн онолтой байх ёстой юм. Гэтэл консерватив, барууны чиглэлийн үзлийн маягийн зүйлүүд орчихсон явж байсан. Тэгэхээр нь л би Н.Энхбаярт хэлсэн юм. МАХН-аа аврах, хамгаалах хурал хийе гэж. Ингээд Н.Энхбаяр зөвшөөрөөд, Н.Удвал, Ц.Шинэбаяр нар бидэнтэй нэгдсэн юм.

-Анх та санааг нь гаргасан гэсэн үг үү?

-“МАХН урагшлах уу, ухрах уу” гэсэн уриатай байсан. Энэ бол миний хэлсэн үг шүү дээ. Ингээд Дуурийн театрт анхны уулзалтаа хийсэн юм. Гэтэл УИХ-ын гишүүдээс ганцхан Ц.Шинэбаяр ирсэн. Юун нөгөө Ц.Цолмон, М.Энхсайхан, Д.Тэрбишдагва. Тэд бүгд ирээгүй. Тэгээд эхний уулзалт сайн болж чадаагүй юм.

-Тэгээд…

-Тэгээд хоёр дахиа хийе гэж хэлсэн. Харин Н.Энхбаяр шантраад “За за одоо больё. Ер нь явахгүй юм байна” гэж хэлж байсан. Тэгэхээр нь Н.Удвал бид хоёр ятгасаар байгаад дахин уулзалт зохион байгуулахаар болсон юм.

-Та нар өөрсдөө хийчихэж болоогүй юм уу?

-Гол нь Н.Энхбаяр санхүүжүүлж байсан байхгүй юу. Бид нарт мөнгө байхгүй ш дээ.

-Хоёр дахь удаа хурлаа хийхэд хэдэн хүн ирэв?

-Пионерийн ордонд болсон тэр хуралд битүү хүн ирсэн. Маш их хүн, маш их санал гээд маш үр дүнтэй хурал болсон. Дараа нь гурав дахь хурлаа Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд хийснээр МАХН өндрөө авсан юм. Ингээд МАХН-аа байгуулъя гэж шийдсэн. Ингээд намын анхны хурлыг циркд зохион байгуулсан.

-Намын анхны хурлаар Н.Энхбаяр МАХН-ын дарга болсон байх аа. Та бас намын даргад өрсөлдсөн санагдаж байна?

-Намын дарга Ц.Шинэбаяр, Н.Энхбаяр бид гурав өрсөлдсөн. Гэтэл залуу хүмүүсээр шинэчлэгдэнэ гэж байсан хүмүүс чинь Н.Энхбаярыгаа шүтэж эхэлдэг юм байна. Нөхцөл байдал тэгж эргэхээр нь Ц.Шинэбаяр бид хоёр нэрээ татчихсан юм. Нэрээ татчихсан чинь Н.Энхбаяр бөөн баяр болсон доо.

-Намын даргаас нэрээ татсан юм чинь генсект өрсөлдөж болоогүй юм уу?

-Намын Ерөнхий нарийн бичгийн даргын сонгууль болох болсон чинь намын даргаар сонгогдсон Н.Энхбаяр шууд жендерийн харьцаагаа бодсон ч эмэгтэй хүнийг намын генсек болгоё гэж хэлсэн. Шууд тулгаад Н.Удвалыг Ерөнхий нарийн бичгийн дарга болгочихъё гэсэн санал тавьсан л даа.

-Дээр хэлсэнчлэн таныг намаас чинь хөөх нь гэсэн мэдрэмж энэ үед л төрсөн юм биш үү?

-Тэгж хэлж болно. Намыг нь байгуулсан, хурлыг нь хийсэн гээд би тэр хүний бүх зүйлийг хийгээд өгчихсөн учраас одоо өөрт нь хэрэггүй гэж бодсон. Ингээд С.Молор-Эрдэнийг намаас хурдан гаргахгүй бол яваандаа өөрийг нь авч хаяад, оронд нь дарга болж магадгүй гэж бодсон байх. Хамгийн том өрсөлдөгчөө өөрөөсөө холдуулах үйл ажиллагааг хийсэн.

-Танаас нэг ёсондоо айсан гэсэн үг үү?

-Н.Энхбаярын хувьд зүгээр л бантан сайн зуурдаг хүн байхгүй юу. Би харин эсрэгээрээ хурц, ширүүн хүн шүү дээ. Надаас айсан. Юу ч хийж мэдэх хүн учраас дарга болгохоос айна шүү дээ. Харин бантагнаад суугаад байдаг Н.Энхбаярыгаа дарга болгох дуртай байсан. Манж маягаар юмаа найруулаад л…

-Таны хамтарч босгож байсан МАХН, одоо байгаа МАХН-аас хэр ялгаатай байна вэ?

-МАХН ичмээр нам болсон байна. Н.Энхбаяр бол байдаг л нэг эр хүн ш дээ. Бурхан биш шүү дээ. Н.Энхбаяр хэзээ ч улс төрөөс холдохгүй гээд байгаа бол Монголыг сайн сайхан замд нь чиглүүлж, түүнд туслах хэрэгтэй байхгүй юу. Тэрнээс муу муухай гэсэн ойлголтыг ард түмэнд төрүүлж болохгүй шүү дээ. Н.Энхбаяр улс төрийг маш муухай харагдуулж байна. Өөрийнхөө хүүг хүртэл оруулж ирээд Монголбанкны дэд Ерөнхийлөгч болгочих жишээний. Жоохон “шалдан бацааныг” бүхэл бүтэн Монгол Улсын Төвбанкны удирлагын төвшний албан тушаалд тавьж болохгүй биз дээ. Уг нь ард түмэн улс эх орны төлөө зүтгээрэй гэж Н.Энхбаярыг сонгож ирсэн. Гэтэл тэр хүн энэ сонголтыг нь зөвхөн өөрийх эхнэр, хүүхэд, гэр бүлдээ зориулж байна ш дээ. Нэг салбарын дэд сайд дээр тавьсан бол одоо яая гэхсэн. Мэргэжлийн хүмүүс зөвлөөд явчихаар дэд сайд нэг их алдаа гаргахгүй байх. Тэгээд ямар муухай шуналтай юм бэ. Мөнгөтэй газар хүүгээ томилуулаад байхдаа яахав дээ.

-Тухайн үед МАН-аас салахдаа дахиж л буцаж нийлэхгүй юм шүү гээд, бараг л ам тангараг өргөөд явсан байдаг. Одоо гэтэл энэ хоёр нам маань сонгууль эвсэж орох гээд ярьж байна?

-Дүгнэлт хийх хэрэгтэй байх. Н.Энхбаярт нэгдэх, эвсэх, хамтдаа сонгуульд орох сонирхол байгаа. Харин нам шиг нам юм бол МАН эвсэж, нэгдэхгүй. Нэгэнт нам байж чадахаа болиод С.Баяр нь АН руу яваад, Н.Багабанди тэтгэвэрт гараад, У.Хүрэлсүх ерөнхийдөө ганцаараа үлдчихсэн. У.Хүрэлсүх ганцаардаж эхэлж байгаа учраас Н.Энхбаяртай эвсэх нь түүнд ашигтай байгаа байх. С.Баяр бол АН-ын хүн шүү дээ. АН-ын тагнуулч гэж хэлж болно. С.Баяр л МАН-ыг баллачихсан ш дээ.

-Юу гэсэн үг үү?

-АН-ын захиалгаар, үүрэг даалгавар хүлээж орж ирээд нэрнээс нь эхлээд сольж, холиод балласан. С.Баяр, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нар чинь нэг талын хүмүүс шүү дээ. С.Баяр бол улс төрд хамгийн их нүгэл хийсэн хүн. Оюутолгойг Сү.Батболдод зарчихаад одоо өөрөө амар, жимэр сууж байна.

-Ц.Нямдорж, Сү.Батболд тэргүүтэй МАН-ын лидерүүдийг мартаж болохгүй байх л даа?

- Ц.Нямдорж бол алсын зайны хүн байхгүй юу. Алсын зайнаас хараад л явж байна. Шууд дунд нь ордоггүй. Ажиглалт хийгээд, дүгнэж хэлээд л явдаг хүн. Хуульч хүний онцлог байх. Тэгээд ч Н.Энхбаяр ирнэ үү, байна уу түүнд нэг их хамаагүй. Сү.Батболдын хувьд наймаачин л “хүүхэд” ш дээ. Тэр бол улстөрч биш. Хувьцаа эзэмшигч нэрээрээ наймаа хийгээд л явж байдаг хүн. Хятад данжаад шиг мөнгө тоолох дуртай бас. Жижигхэн эрчүүд, жижигхэн юмаа л хийдэг байхгүй юу.

-Сүүлийн асуултыг асууя. Сонгууль ойртсонтой  холбоотой ч юм уу, улс төрийн намууд нэгдэх нь нэгдэж, эвсэх нь эвсэхээр ярьж байна. Улс төр судлаач хүний хувьд намуудын энэ эвсэж, нийлэх асуудлыг зөв гэж харж байна уу, эсвэл?

-Намууд нэгдэх нь зөв. Хүн амын тоогоо бодсон ч Монгол Улсад дээд тал нь хоёр нам л хэрэгтэй. Олон нам бол ашиг сонирхлын зүйлүүд. Мөн нэг хүний л амьдрал байхгүй юу. МАХН бол Н.Энхбаярын л амьдрал, МҮАН бол М.Энхсайханы л амьдрал. Энэ бол маш буруу зүйл. Үүнийг засахын тулд Улс төрийн намын тухай шинэ хууль гаргаж ирэх хэрэгтэй. Нэг хэсэгтээ дахиж улс төрийн нам байгуулахыг зогсоох хэрэгтэй. Мөн одоо байгаа намууд нь үзэл бодлоороо нэгдэж, улам чанаржих шаардлагатай. Манайх шиг ийм намын амьдралтай орон дэлхий дээр алга даа.

Г.Балжинням

Эх сурвалж: Ардын эрх


URL:

Нэр: Зочин Огноо: 14 March 2016

Энэ молорэрдэнэ гэдэг Буурал устэй овоо юу вэ? Том байхад далдак царай гаргаад дагаад явж байсанаа мартаа юу чи оороо тэтгэвэрийн овгон чамшиг юмийг хэнч тоохгуй зугээрэл байгаарай овгон минь

Нэр: Зочин Огноо: 14 March 2016

Тэнэг цунх барьсан далдагнуур урт устэй овгон битгий хуц

Нэр: Зочин Огноо: 14 March 2016

Балаа нэгэл ухаантан молорэрдэнэ гэдэг овгон нэгэл том пилсовч энэ бид хоерын пилсовч гэдэг юу бол том том ярьсан баагий

Нэр: Заяа Огноо: 14 March 2016

Балаа нэгэл ухаантан молорэрдэнэ гэдэг овгон нэгэл том пилсовч энэ бид хоерын пилсовч гэдэг юу бол том том ярьсан баагий

Нэр: мнгол Огноо: 16 March 2016

ЭНЭ МЭРГЭЖИЛ ЕР НЬ ТЭНЭГҮҮДИЙГ БОЛОВСРУУЛДАГ ЮМ БОЛОВ УУ.ЛАВ Л МОНГОЛЫН ТЭНЭГ,ШУНАЛТАН БҮР ӨМНӨӨ ФИЛОСОФИЧ ГЭСЭН БАЙХ ЮМ.

Сэтгэгдэл бичих