“АТГ-ынхан ямар хууль уншиж, судалж байдгийг асууя”

1f2ds1f

Э.Эрдэнэжамъян: АТГ-ынхан ямар хууль уншиж, судалж байдгийг асууя

Ярилцах цаг”-ийн энэ удаагийн зочноор Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъяныг урилаа.

-Энэ долоо хоногийн дундуур “Үндэсний мэдээллийн төв”-д  нэлээд олон талыг хамруулсан нээлттэй уулзалт хийхээр цахим хуудсаараа дамжуулан  зарласан байсан. Ямар  сэдвээр ярилцах гэж байна?

-Хэвлэлийн хурал юм уу, мэтгэлцээн гэхээс  илүү нээлттэй мэдээлэл солилцъё, ойлголтоо нэгтгэе гэж  энэ лхагва гаригт  “Үндэсний мэдээллийн төв”-д олон талын уулзалт  зарласан юм. Монгол Улсын Эрүүгийн хуульд  одоо хүчин төгөлдөр байгаа тэгэхдээ  шинэ хуулиар алга болсон ял эдлээд дууссан хүний ялтай байх хугацааны тухай зохи­цуулалтын асуудал  байдаг.

Энэ талаар  хуульд юу гэж заасан байдаг вэ. Тэр тухай тодорхой жишээнүүд дээр яръя, Монгол Улсын бүх хууль тогтоомжууд дээр юу гэж заасныг зэрэгцүүлж  харуулж байгаад, хэвлэл, мэдээллийнхэн, энэ чиглэлээр ажилладаг хуульчдыг оролцуулан  бодитой  мэдээлэл өгье гэж байгаа юм. Жишээ нь, олон нийтийн зүгээс Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга  Н.Энхбаярын асуудал дээр нэлээд анхаарал тавьж харж байгаа байх. Түүнтэй холбоотой АТГ-аас хоёрдугаар  сарын 16-нд Засгийн газрын ХЭГ-т явуулсан албан  бичиг байгаа. Тэр бичигт  Н.Энхбаяр гэдэг хүний ялтай байх  хугацаа  одоо хүртэл үргэлжилж байгаа мэтээр илт хууль зөрчсөн, эсвэл хуулиа бүрэн  ойлгоогүй  маягийн хариу өгсөн байсан.  АТГ  өөрсдийнхөө гаргасан бичгийн үндэслэлийг  ёс зүйд нийцсэн гэж үзэж байгаа бол лхагва гаригт болох уулзалтад ирээд тайлбарлаасай гэж хүсч байна. Танай сониноор дамжуулаад урьчихъя. Бид дундаа нэг л хуультай, мөн Дээд шүүхийн тайлбар ч нэг л гардаг.  Тэрийгээ дундаа тавьж сууж байгаад харилцан ярья гэж урьж байгаа юм. Хүрэлцэн ирвэл сайн байна. Ирээ­гүй тохиолдолд ямар нэ­гэн байдлаар хойш сууж байгаа гэдэг нь харагдах байх. Миний хувьд бол товлосон цагтаа  мэдээллээ өгнө.

-Аливаа ажил, албан тушаалд томилохдоо АТГ-аас асуух ёстой. Өгсөн  хариуг нь нягтлах боломжгүй  гэсэн дүрэм үйлчилж байна гэсэн шүүмжлэл багагүй  өрнөсөн. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хуулиар бол  АТГ-ыг хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянаад өг гэдэг ганцхан харилцааг л зохицуулж өгсөн. Хуульд  тодорхой бичсэн. АТГ зарим хүний талаар албан бичгийг нэг сарын дараа, заримыг нь  хоёр сарын дараа, зарим хүний бичгийг огт гаргадаггүй. АТГ-т нөлөөлсөн, тэр хавиар танил талтай хүнийх бол өдөртөө гарчихдаг. Ийм л харилцаа төрийн албанд үүссэн. Үүнийг ганц би биш, зөвхөн манай нам ч биш, бүх хүн мэдэж, мэдэрч байгаа. АТГ  үүндээ зохих ёсоор дүгнэлт хийнэ биз. Хамгийн гол нь  хуулиар АТГ-ыг  хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг л  хяна гэж байгаа. Түүнээс  ялтай, ялгүй байдлыг хянаадах, олон нийт тэр хүнд сайн байна уу, муу байна уу гэдгийг судлаад судалгааны байгууллага шиг  дүгнэлт гаргаадах  гэсэн үүрэг даалгавар өгөгдөөгүй байх. Гэтэл АТГ өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлсэн байдлаар ханддаг. Түүнийг нь бид цаанаа улс төрийн санаа зорилготой, төрийн тусгай байгууллага байж улстөрд  гар хөл болж оролцож байгаагийн нэг хэлбэр гэж ойлгож байгаа.

-2016 оны ээлжит сонгууль дөхөж байна. Тэгэхээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар томилж болохгүй гэж АТГ дүгнэлт гаргасан юм чинь нэр дэвших эрхгүй гэсэн үг үү?

-Н.Энхбаяр дарга УИХ-д нэр дэвшихэд ямар ч хаалт, хориг, хязгаарлалт  байхгүй. Өмнөх сонгуульд ч гэсэн ямар ч хаалт, хориг, саад байхгүй байхад хууль зөрчиж тэр хүний  эрхийг  хаасан. Энэ жил тэр аргаа хэрэглэх, өмнөхөө давтах гэсэн санаархал цухалзаад байх шиг. Тиймээс бид тодорхой үндэслэл, тайлбаруудыг  хийе, ард түмэндээ ойлгуулъя. Олон нийт мэдэж байг, хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн ялтай ялгүйн тухай, хүний эрхийн ойлголтуудыг нэг мөр аваасай гэж үзэж байна. Түүнээс биш АТГ хэвээрээ байгаа. Удирддаг, чиглүүлдэг, захиалга өгдөг  хүмүүс нь ч бас хэвээрээ байгаа учраас бид ч бас болгоомжилж байгаа. Өнөөдөр хууль мэддэг ямар ч хүн уншсан, судалсан Н.Энхбаяр дарга дээр хууль зүйн талаас ямар ч хориг, саад, хязгаарлалт байхгүй.  Гэтэл  өнөөдөр Н.Энхбаяр даргыг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл, ангиар ял авсан учраас ялтайд  тооцох хугацаа таван жил үргэлжилнэ гээд байгаа нь, тэгээд дуусах хугацаа нь 2017 гэж  байгааг бид үнэхээр гайхаж байгаа.  2016 оны УИХ-ын сонгууль, цаашлаад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг өнгөртөл ялтай хугацаа үргэлжилж байна гээд байлгаад  байх сонирхолтой бололтой.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр  “Надад зохиомол хэрэг тулгаж байна” гэж тухайн үед  олонтаа мэдэгдсэн. Гэсэн ч шүүх хурал болсон. Бас  Ерөнхийлөгч  уучлал үзүүлсэн. Үүний дараа Н.Энхбаярт тооцсон бүх асуудал дуусгавар болжээ гэж хэвлэлүүд бичиж байсан. Гэтэл одоо  Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл үйлчилж байгаа гэх. Хүмүүсийн толгойг эргүүлээд байгаа энэ олон  асуудлыг та эхнээс нь дэс  дараатай тайлбарлаж өгөхгүй юу?

-Юуны  өмнө нэг зүйлийг тодруулж хэлэ­хэд, 2012 оны сонгуульд Н.Энхбаяр даргыг оролцуулахгүй гэдэгт  асар их юм явсан. Янз бүрээр дарамталж байсан. Зохиомол гэмт хэрэгт холбогдуулахыг хүссэн. Дөрвөн зүйлийн гэмт хэрэгт яллах гэж оролдож, таван хавтаст хэрэг үүсгэсэн. Нэг нь анхан шатны шүүх дээр хэрэгсэхгүй болж  гүтгэлэг байсан нь тогтоогдсон. Ингээд дөрвөн хэрэг дээр ял ногдуулах гэж оролдсон.  Тэр нь Улсын Дээд шүүх дээр очоод хоёр нь хэрэгсэхгүй болсон. Үлдсэн хоёр  нь бол  ямар нэгэн аргаар яаж ийж байгаад ял өгье гэдэг байдлаар  тулгасан зохиомол хэрэг. Түүний нэг жишээ гэвэл, саяхан Төрийн ордны зүүн талд байдаг газрыг дуудлага худалдаагаар зарж, 25 тэрбум төгрөг босголоо гээд Төрийн тэргүүнээсээ эхлээд баярлаж, нэг гадаад хүн авч  баахан шоудсан явдал. Тэр газар төдийгөөс өдий хүртэл Улаанбаатар хотын мэдэлд байгаа. Гэтэл 2012 онд тэр газрыг Н.Энхбаярын газар, тэр нөхөр авчихсан гээд ял ногдуулсан хэрэг шүү дээ. Бид тэр үед шүүх хуралд нь очсон, харсан, сонссон. Н.Энхбаяр дарга болон өмгөөлөгч нь гэрч нараас асуусан “Та нарын намайг авсан гэж буруутгаад байгаа энэ газрын гэрчилгээ нь хэн дээр байгаа юм бэ” гэж. Тэгэхэд гэрч “Улаанбаатар хотын захиргааны мэдэлд, гэрчилгээ нь ч хотын нэр дээр байгаа” гэж хариулж байсан. “Улаанбаатар хотын нэр дээр гэрчилгээ нь байгаа газрыг Н.Энхбаяр яаж авсан байх вэ, та нар үүнийгээ тайлбарлаж өгөөч” гэхэд шүүгчид юу гэсэн бэ гэхээр “Та нар битгий хамааралгүй юм асуугаад бай, асуултаа зогсоо” гэж загнаж байсан. Энэ шүүх хурлын протоколд нь ч байгаа. Тэгэхээр 2012 онд Н.Энхбаяр даргад ял өгөхдөө Улаанбаатар хотын мэдэлд байсан газрыг авсан гэж гүтгэж, шүүх, прокурор, АТГ нь нийлж байгаад гэмт хэрэгт хүчээр холбогдуулсан ийм  л зохиомол хэрэг. Энэ хэзээ нэгэн цагт заавал цагаатгагдана. Үүн дээр тэр хүнийг ялтай, гэмт хэрэг хийсэн гэж тооцох нь утгагүй. Тэр дуудлага худалдааны үйл явц л гэхэд Н.Энхбаярт холбогдуулсан хэрэг гээч зүйл нь зохиомол байжээ гэдгийг  тодорхой харуулсан  үйл явц болсон. Шүүхийн тогтоолд нь ч энэ асуудалд үндэслэн  263 дугаар зүйл ангиар ялласан гээд байж байгаа бол тэр нь бүхэлдээ хэрэгсэхгүй болох ёстой гэдэг нь хэнд  ч ойлгогдоно.

-Тухайлбал?

 -Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл гэдэг нь бол Эрүүгийн хуульд зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт тооцогддог. Энэ хэргийг хийсэн байлаа гэж бодоход  2009 оны Өршөөлийн хуулиар бүхэлд нь өршөөсөн байдаг. Өөрөөр хэлбэл, 2009 оны Өршөөлийн хуулиар авч үзвэл хэн нэгэн хүн 2009 оноос өмнө хүндэвтэр гэмт хэ­рэг үйлдсэн байж бол­зошгүй байвал мөрдөн байцаалтынх нь шатанд хэрэгсэхгүй болгоно. Мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгоогүй бол шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгоно гэж заасан байдаг. Тэр утгаараа  Н.Энхбаяр гэдэг хүнийг   хэрэв хэрэг хийсэн  гээд байгаа бол Өршөөлийн хуульд хамруулаад 2012 онд шүүхдээ хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх учиртай. Нэгэнт өршөөлд хамруулсан бол ял шийтгэлтэй холбоотой үр дагавар  үүсэхгүй гэсэн үг. Бүр цааш нь хөөгөөд үзвэл,  Монголд ардчилал үүсч хөгжсөний 25 жилийн ойд зориулж  2015 онд гаргасан Өршөөлийн хуулиар  бүх хүний ялтайд тооцох хугацааг өршөөсөн байгаа. Өмнө нь ямар нэгэн байдлаар алдаж эндсэн, ял шийтгэл авсан байвал ямар гэмт хэрэг үйлдсэнээс үл хамаарч  бүх хүнд үйлчлэхээр ялтайд тооцох хугацааг байхгүй болгосон.  Нэгэнт гэмт хэргийг  ямар нэгэн ялгаваргүй өршөөж байгаа л юм бол энэ ч гэсэн Н.Энхбаяр даргад хамааруулаад  байгаа зохиолмол хэрэгт нь ч гэсэн адилхан үйлчлэх л учиртай биз дээ.  Үүнийг  АТГ-ынхан олж уншаагүй, мэддэггүй юм гэхэд өнгөрсөн арванхоёрдугаар сард батлагдсан Эрүүгийн хуулиар Монгол Улсад ялтайд тооцох хугацаа гээч юмыг байхгүй болго­чихсон. Одоо хэрэгжих гэж байгаа Эрүүгийн хуулиар хүнийг ялтай, ялгүйд тооцоод суудаг ийм харилцаа байхгүй болсон, ийм л байгаа.

- Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс МАХН-ын дарга  Н.Энхбаярт уучлал үзүүлсэн.   Уучлал  ямар байдлаар, яаж хэрэгждэг юм бэ? 

-Ерөнхийлөгчийн зарлигт  Н.Энхбаярын  эдлээгүй үлдсэн бүх ял шийтгэлээс нь өршөөн уучилсугай  гэсэн байгаа. Тэгэхээр түүгээр  мөн л ялтай байх хугацаа, ял шийтгэл бүхэлдээ байхгүй, ямар ч үр дагавар үүсэхээргүй болж байгаа юм. Жишээ нь, Ж.Капла гэдэг хүнийг өршөөж уучилсан бол түүнтэй холбоотой ямар ч үр дагавар үүсэхгүй гэсэн үг. Тиймээс Ж.Каплатай холбоотой асуудлыг босгож ирээд, ял шийтгэл тооцъё, чи дахиад хэрэг хийвэл үүнийг чинь хүндрүүлж тооцно гэх үндэслэл үүсгэдэггүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс Н.Энхбаяр даргыг бүхэлд нь уучилсан, өршөө­сөн шүү дээ. Тэгвэл нэг хүний хэрэг  дээр тал талаас нь ярьж болох , ийм олон талын үндэслэл байхад АТГ-аас хандаж буй хандлага, Засгийн газрын ХЭГ-ын шийдвэр нь үндсэндээ Ерөнхийлөгчийнхөө зар­лигийг, УИХ-ынхаа  гаргасан хууль тогтоомжийг, шүүхийн тогтоолыг бүгдийг нь үгүйсгэсэн шинжтэй байдалд аваачаад байна.

-Одоо ярианы сэдэв болоод байгаа ялтайд тооцох хугацаа гэгч  юу юм бэ. Энэ талаар  дэлгэрүүлж тайлбарлахгүй  юу?

-Ялтай байх хугацаа гэдэг нь тухайн хүн ямар гэмт хэрэг хийсэн бэ гэдгээс хамаарч хувийн хэрэг дээр нь бичдэг байсан тогтолцоог коммунист засаглалын үед хүний эрхзүйн байд­лыг дордуулах, төр хүнийг байнга дарамтандаа байлгах гэдэг юм уу ял шийтгэлийг хатууруулж онооход ашиглаж байс­ныг хэлдэг.  Энэ дэлхий нийтийн жишигт байхгүй болж байгаа тогтолцоо. Жишээ нь, хүндэвтэр хэрэг хийсэн гэдэг үндэс­лэ­лээр  тухайн хүний ажил албан тушаал хаших эрхийг гурван жилээр хаслаа гэж бодъё. Тэр хүн гурван жилийн дараа ажил, албан тушаал эрхлэхэд ял нь дуусгавар болж байгаа биз. Гэтэл ялтай байх хугацаа гээд дахиад ажил, албан тушаал хаших эрхийг нь таван жилээр хориглоно гэдэг ойлголт гарч ирээд байгаа нь хуулийн  завхрал.  Дэлхий нийтийн жишигт хүн нэг гэмт хэрэгт нэг л ял авна гэсэн зарчимтай. Манай Эрүүгийн хуульд байсан алдаа энэ. Үүнээс болж 100  мянган төгрөг хулгайлаад  давтан учраас гэдэг үндэслэлээр үржүүлж  10  жилийн ял өгсөн тохиодол гарч байсан. 10 мянган төрөг хулгайлсан хүнд 10 жилийн ял өглөө гэдэг шударга бус тогтолцоо үүнээс үүдэлтэй. Энэ нь хүний эрхийг зөрчиж байна гэж үзээд  хуулиа өөрчлөөд байгаа шүү дээ. Гэтэл одоо АТГ ямар агуулгаар ийм зүйл хийж байгаа нь ойлгомжгүй байна. Тиймээс танай сониноор дамжуулаад хэлэхэд, АТГ-ынхан өөрсдийнхөө уншсан хууль дүрмийг, мөн өөрс­дийнхөө гаргасан гаргалгаатай хамт аваад ир. Магадгүй та нар маань андуурч  буруу хууль уншаад байж болзошгүй. Тиймээс хамт сууж байгаад нээлттэй ярилцъя. Нэг хууль барьж суугаад хуулийн заалтуудаар нэг ойлголтод хүрье.

Ч.Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих