Угандагийн “Аюултай” хамтрагч Улаанбаатарыг “Аюулгүй хот” болгох уу
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс өргөн барьсан “Аюулгүй хот” тогтоолын төслийг дэмжихгүй гэсэн саналыг НИТХ дахь МАН-ын бүлэг гаргаж төсөл санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс Хотын дарга уг тогтоолын төслөө эргүүлэн татсан байна.
Уг нь энэ төсөл Нийслэлийн АН-ын сонгуульд атгаж орсон “5А”-ын нэг нь юм. Гэвч тус намын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн тулд зөвхөн “Аюулгүй хот” төсөлд л гэхэд нийслэлийн төсөвт 5.5 сая доллар буюу 11.1 гаруй тэрбум төгрөгийн ачаалал үүсч, түүнийг иргэдээс торгуулийн хэлбэрээр нөхөн төлүүлэхээр төлөвлөсөнийг НИТХ дахь МАН-ын бүлэг эсэргүүцсэн юм. “Аюулгүй хот” төслийг БНХАУ-ын “Хуавей техноложис” ХХК нь төслийн санхүүжилт болох 5.5 сая доллар буюу 11.1 тэрбум төгрөгийн зардлыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн нутагшуулж эргэн төлөлтийг нийслэлийн төсвийн хүү, торгуулийн орлогын хэмжээг нэмэгдүүлж үе шаттайгаар нөхөн төлөхөөр тусгасан нь Өрийн удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан “…санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулж, Засгийн газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр зээллэг хийх бөгөөд…” гэдгийг ноцтой зөрчсөн хэрэг гэж сөрөг хүчнийхэн тайлбарлаж байна.
Нэмж хэлэхэд төслийг санхүүжүүлэгч Huawei компанийн нэр хүнд зөвхөн Улаанбаатарт ч унаад байгаа юм биш. Эхлээд улсынхаа хэмжээнд авч үзье. Нэг жишээ дурьдахад УИХ-аар төмөр замын царигийн асуудлыг хэлэлцэхийн өмнөх шөнө “Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2.Хятад банкаар барьцаалуулж, 3. гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд та саналаа өгнө үү…”гэх мессэж УИХ-ын гишүүдийн дугаараас иргэдийн утсанд ирсэн талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байв. Тухайн үед “УИХ-ын гишүүдийн эрх ямбанд халдлаа” хэмээн улстөрчид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө хашгирч байна. Үнэндээ тэд энэ асуудлын цаана Үндэсний аюулгүй байдал, хувь хүний нууц, мэдээллийн аюулгүй байдал гээд олон асуудалд заналхийлж байгааг сөхөж яриагүй, “илээд” л өнгөрсөн. Учир нь Хятадын “Huawei” компанитай манай эрхэм хүндэт “Юнител” компани хамтардаг, “Юнитель”- д хувь эзэмшдэг, ашиг сонирхлын нөлөө бүхий цөөнгүй гишүүн “нэг ангид” сууж байсан учир хэтэрхий чанга хашгирч болохгүй байсан бололтой.
Тэр үед УИХ-ын дарга З.Энхболд энэ хэргийн учрыг олохыг ТЕГ-т үүрэг болгосон, Засгийн газар ч анхааруулга гарган баасан гаригийн орой шуурхай хэвлэлийн хурал хийсэн. Үүний хариу бүтэн жил гаруйн хугацаанд ирээгүй ч “эрхээ хамгаалуулахаар” хашгирсан эрх баригчид амаа үдсэн юм.
Бас нэг жишээ хэлчихье. УИХ-ын гишүүн Х.Баттулга 2014 оны долдугаар сарын 1-нд тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягт ил захидал бичсэн. Энэ захидалдаа “Монголын харилцаа холбооны салбарт БНХАУ-ын Huawei компаниудын тоног төхөөрөмж, програм хангамжийг голчлон ашиглах нь МУ-ын үндэсний аюулгүй байдалд ямар хохирол учруулах вэ? Дэлхийн олон оронд дээрх компаниуд харилцаа холбооны төхөөрөмжөөрөө дамжуулан мэдээллийн хяналт тогтоохыг оролдсон асуудалд хутгалдаж байжээ. Филиппин, Уганда, Замби, Кени, Шри-Ланка, Иран, Энэтхэг, Норвеги зэрэг орнууд Huawei-ийн төхөөрөмжийг энэ шалтгаанаар хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргаж байв. АНУ-ын Конгрессын тагнуулын албыг хариуцсан байнгын хороо “Huawei хэмээх компаниуд АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулж байна” гэж албан ёсоор мэдэгдэл гаргажээ. Герман, Австрали улсуудад ч бас ийм шийдвэр гаргасан байх юм. Гэтэл Монгол Улсын холбоо мэдээллийн салбар технологийн хувьд БНХАУ-ын Huawei компаниудаас бүрэн хараат байна. Монголын цахилгаан холбоо ХК, Мобиком, Скайтел, Жи мобайл, Railcom, Skynet, Mobinet, Magicnet, Citinet, Сансарнет, Micom, Univision зэрэг компаниуд бүгд дээрх хоёр компанийн техник хэрэгсэл, програм хангамжийг ашиглаж байгаагаас манай улсын мэдээллийн аюулгүй байдал эрсдэлд оржээ гэж дүгнэж болохоор байна. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.6.1.8-д “Мэдээллийн аюулгүй байдлын орчин үеийн дэвшилтэт, өртөг багатай шийдлийг зөвхөн эрсдэлийн үнэлгээний үндсэн дээр сонгон ашиглана. Төрийн байгууллага, онц чухал дэд бүтцийн объектын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг өндөр түвшинд бэлтгэгдэж, итгэмжлэгдсэн үндэсний мэргэжилтнээр гүйцэтгүүлнэ.” гэж заасантай нийцэхгүй байна” хэмээсэн байдаг.
“Нэг парламентад” болоод тэр үү, нэг намынхан болохоор ч тэр үү захидлын хариу ердөө маргааш нь “олдсон”. Үүнд тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг ““Харилцаа холбооны салбарт Huawei компаниудын тоног төхөөрөмж, программ хангамжийг ашиглах” тухай шийдвэр 2009 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ асуудлаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагууажил нь хийгдэж дууссан болно” гэж товч бөгөөд тодорхой хариулсан юм даа.
Хятадын энэхүү компани нь харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Харамсалтай нь “Huawei” компани операторын тоног төхөөрөмжөөрөө дамжуулан тагнуулын үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээлэл өргөн тархаад байгаа. Хятадын “Huawei” компанийнхан Энэтхэгт ч мөн тоног төхөөрөмж нийлүүлдэг байсан бөгөөд 2010 онд Энэтхэгийн Төв мөрдөх товчооноос үүрэн холбооны компаниудаа “Huawei”-тай хийсэн гэрээнүүдээ цуцлахыг шаардаж байжээ. Учир нь Энэтхэгийн үүрэн холбооны компаниудад нийлүүлдэг тоног төхөөрөмжүүдээс нь чагнах, тагнах зүйл илэрч байсан аж. Мөн л 2010 онд Уганда Улсын Засгийн газар шилэн кабель тавих ажлыг гүйцэтгэх төсөд аваад асуудал үүсгэсэн тул тус улсын шүүхээс хохирлыг арилгах шаардлагыг Huawei Technologies-аас шаардаж байв. Хэвлэлүүдэд мэдээлснээр БНХАУ-ын банкны Exim нар нь банк нь хөнгөлөлттэй зээл, 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөр санхүүжүүлэх уг төслийн эхний шатанд 30 орчим сая ам.доллар төсөвлөгдөөд байж. Тухайн үед Угандагийн Мэдээллийн технологийн хорооны дарга Igeme Nabeta “Маш их цаг хугацаа, мөнгө, бизнесийн боломжоо алдлаа. Яаралтайгаар бүх хохирлыг барагдуулахыг Huawei компаниас хүлээж байна” гэж хэлсэн байна. Huawei-ийн тавих шилэн кабель нь 2,100 км тавих, ихэвчлэн төрийн байгууллагуудад тоног төхөөрөмж үзүүлэх гүйцэтгэгчээр ажилласан ч анх хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шаардлага хангаагүй гэж үзэж шүүхэд хандаж Huawei буруудсан юм билээ..
Үүнээс гадна 2012 оны гуравдугаар сард Австралийн Засгийн газар “Huawei”-ийн бүтээгдэхүүнээс чагнах төхөөрөмж илэрсэн шалтгаанаар хориг тавьсан бол, 2012 оны аравдугаар сард АНУ “Huawei” компанийг Нэгдсэн улсын аюулгүй байдалд томоохон хохирол учруулж байгаа гэж үзэн бүтэн хориг тавьж байжээ. Тодруулбал Харилцаа холбооны төхөөрөмж болон гар утас үйлдвэрлэдэг Хятадын Huawei компанийг “АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж байна” хэмээн Конгрессийн тагнуулын хорооноос хүртэл мэдэгдэл гаргажээ. Тус тагнуулын хорооныхон “Huawei компани Хятадын эрх баригчдад хилийн чанадаас төрөл бүрийн мэдээлэл цуглуулж өгөн албан бусаар тусалдаг” гэсэн дүгнэлт гаргасан гэнэ. Тэр ч бүү хэл тус хороо АНУ-ын газар нутаг дээр үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад “Huawei”-тэй холбоо тогтоохгүй байхыг зөвлөж байгаа ажээ. Huawei компанийг үүсгэн байгуулагч нь Хятадын ардын армийн инженер хүн байсан бөгөөд Герман улсын бүх их дээд сургууль болон шинжлэх ухааны байгууллагуудыг хооронд нь холбодог Deutsches Forschungsnetz хэмээх сүлжээнд Huawei-ийн төхөөрөмж ашиглаж болохгүй гэдэг хориг тавьжээ.
Ийнхүү Шинэ, Найрсаг Улаанбаатар маань Угандад гологдсон хамтрагчтайгаар Аюулгүй хотын төсөл хэрэгжүүлэх гэж байгаад МАН-ын бүлгийнхний эсэргүүцэлтэй тулгарч Хотын даргын тогтоол буцаагдаад байна. Цаашид “Аюулгүй хот” энэхүү “Аюултай хамтрагчтайгаа” төслөө хэрэгжүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Г.Норов
URL: