Нефтийн ертөнцийг эргүүлэх Оросын салхи
Газрын тосны үнэ өнгөрсөн нэг сар гаруйн хугацаанд 30 “ногоон”-д арай чамай тогтож байсан бол өнөөдөр 40 ам.доллар шүргээд байна. Өмнө байснаасаа бараг хоёр дахин өссөн энэ үнэ сайн бас муу мэдээллийн аль алиныг хөтлөн авчирчээ.
АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн төвөөс өнгөрсөн лхагва гаригт хийсэн мэдэгдэлдээ газрын тосны үүсмэл бүтээгдэхүүний эрэлт өнгөрсөн долоо хоногт өдөрт 20 сая баррелиар нэмэгдсэн гэсэн ч үүнтэй давхцаад Хятадад хар алтны эрэлт ор мөргүй алга болж буйг ч санах хэрэгтэй. Үүнээс ч гашуун нь, нефтийн нийлүүлэлтийн илүүдэл дэлхий даяар өдөрт хоёр сая баррелиар хэмжигдэж байна.
“Хүн бүр л газрын тосны үнийн талаар өөдрөг төсөөлөлтэй байна. Гэсэн ч цаана чинь нөөцөнд асар их нефть байна шүү дээ. Эрэлт, нийлүүлэлт хоёр нэг шугаманд ирчихээд байна” гэж Auspice Capital Advisors-ийн ерөнхийлөгч Тим Пикерин “Уолл Стрийт” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Харин “Нью Йорк Пост” сонинд Жон Круделийн бичсэн нийтлэлд “Сүүлийн үед газрын тосны үнэ унаж буй нь эрэлтэд урт хугацааны бууралтын хандлага байгааг харууллаа. Гагцхүү уур амьсгалын өөрчлөлтийн талаарх санаачлагууд үүнийг өөрчилж чадна” гэж тэмдэглэжээ. Гэвч асуудлын цаад шалтгаан өөр зүгт нуугдаж байж мэдэх юм.
Энэ сарын 6-нд oilprice.com сайтад хэвлэгдсэн ОХУ дэлхийн хар алтны нийлүүлэлтийн чиг хандлагыг хэрхэн өөрчлөх гэж буй талаарх нийтлэл хэвлэгдсэн байлаа. Энэ нийтлэлд барууны болоод дорнын хэвлэлүүдийн анхаарал хангалттай төвлөрөөд байна.
Өнгөрсөн сарын 16-нд болсон Катар, Саудын Араб, Венесуэл, ОХУ-ын хооронд болсон уулзалтаар нэгэн шинэ төлөвлөгөөний эхний алхам тавигджээ. Энэ сарын дундуур болох дараагийн уулзалтаар ОХУ нэгдмэл санаатай байж чадвал тэргүүлэх байр суурьтай байх болно.
Өнөөдрийн газрын тосны хямрал хүртэл Сауди Араб үнийг тодорхойлж, улмаар АНУ-ын эрэлттэй уялдан үнэ суларсаар байсан юм.
ОПЕК-ийн гишүүн улс орнуудын үзэж буйгаар бүтээгдэхүүний гарцыг багасгаснаар үнэд дэмжлэг болох учиртай. Гэвч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон ОПЕК-ийн сүүлийн уулзалтаар ямар нэгэн хэлэлцээнд хүрээгүй юм.
Одоо бол ОХУ ОПЕК-ийн улс орнуудтай тохиролцоонд хүрэхээр оролдож байна. Ингэснээр шинэ дүр зураг бий болно. Цэргийн хүчээрээ ч тэр, ОХУ газрын тосны үнийг тогтворжуулдаг гэгддэг боловсруулагч улс орнуудыг удирдах байр сууриас ажиллаж чадна.
Саудын Араб урт хугацаанд АНУ-ын холбоотон байсан ч энэ удаад өөрчлөгджээ. Саудын Арабын томоохон хот, бас нийслэл Рияадх-д суугаа АНУ-ын Элчин сайд Чарлз В.Фриймэн “Саудын Араб-АНУ-ын харилцаан дахь доройтлыг бид харж байна. Энэ нь Обамагийн засаг захиргаанаас өмнө эхэлсэн юм” хэмээн тэмдэглэсэн нь бий.
АНУ-Саудын харилцаа цаашдаа ч муудахыг үгүйсгэх аргагүй. Өнгөрсөн нэгдүгээр сард Ираны цөмийн хэлэлцээ дуусч, АНУ хориг арга хэмжээгээ чангаруулсантай холбоотой байж мэдэх. Харин үүнийг саудиуд ихээхэн эсэргүүцэж байлаа. Өөрсдийн булангаа хамгаалж үлдэхэд туслах шинэ холбоотныг саудиуд хайж байна. Ингэснээр Исламын улс болоод Ираны заналхийлэлтэй зоригтойгоор нүүр тулж чадна.
Тэгвэл ОХУ, Саудын Араб нь Сири дэх нөхцөл байдлыг хоёулаа адилхан эсэргүүцдэг. Оросууд Сирийн удирдагч Башар аль-Ассадыг дэмждэг бол саудиуд сунийн босогчдыг дэмждэг. Энэ давхцал нь үнийн асар их уналтыг бий болгож Орос улс Саудын Арабын холбоотон болох цонхыг нээж өгсөн завшаан байлаа.
Энэ бол орос баавгай болоод Саудын Арабын ойр холбоо харилцааны эхний шат биш. Бүр 2013 онд The Telegraph сонинд нэгэн дуусаагүй нууц хэлэлцээний талаар нийтлэгдэж байжээ. Иран бол ОХУ-ын урт хугацааны итгэлт холбоотон, харин ОХУ нь Иран болоод Саудын Арабын хооронд хэлэлцээний гүүр болж чадвал ОПЕК-ийн нэгэн төрлийн нууц хэлэлцээнд түлхэх байв.
Нийлүүлэлт савнаасаа хальж, илүүдэл бүтээгдэхүүн зах зээлийг шахаж эхэлснээс үүдэн өнгөрсөн нэгдүгээр сард газрын тосны нийлүүлэлтийг “царцаасан” нь үнэндээ тийм ч үр нөлөөгөө өгсөнгүй. Яагаад гэвэл ОХУ, Саудын Араб болон бусад голлох улс орнууд олборлолтынхоо хамгийн дээд төвшинд бараг дөхөөд байсан юм. “Barclays”-ийн бараа бүтээгдэхүүний шинжээч Кевин Норриш “ОХУ, Катар, Венесуэл энэ жил яг хэдий хэмжээний бүтээгдэхүүн гаргах нь тодорхойгүй байгаа нь л хамгийн чухал асуудал болоод байна” гэжээ.
Анзаарагдах нэг чухал зүйл гэвэл, хар алтны “царцаах” хөтөлбөрт Иран нэгдээгүй юм. Энэ талаар ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак “Иран нефтийн хамгийн бага төвшний үйлдвэрлэлттэй улс учраас маш өвөрмөц нөхцөл байдалд байна. Тиймээс салангид шийдвэр гаргах учиртай” гэж тэмдэглэжээ.
Далайн булангийн голлох улсууд, одоог хүртэл итгэл хүлээсэн улс төрийн удирдагчгүй яваа Ирак ч хэрэв ОХУ ISIS-ийн эсрэг хүчтэй дэмжлэг болно гэвэл энэ замыг дагах боломжтой юм.
Энэ хувилбараар болбол ОХУ дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 73 хувийг бүрдүүлэгч гол тоглогч улс орнуудын магнайд залрах болно.
Амьдрал дээр энэ нь хэрэгжвэл ОХУ нефть олборлогч орнуудын орлогоос салангид байх их нүүдлийг тэргүүлж байгаа юм. Ингэснээр Москва дэлхийн өнцөг булан бүрийн улсуудтай газрын тосны худалдааг дотоодын валютаар хийх гэрээг бэлдэх учиртай.
Энэхүү РОПЕК (Орос ба ОПЕК-ийн улсууд) хэмээх шинэ эвсэл нь нефть олборлогч орнуудын орлогоос тасрах үйл явц хажууханд байж мэдэх юм.
Оросууд ухаантай. Харин В.Путин бол суу билигтэн. Түүхий нефтийн үнэ хөрсөнд булаатай байгаа энэ үед Москва геополитикийн төрх байдлыг өөрчлөх замаар хөрөнгөжихөд бэлэн болсон нь дэлхийн нүдний өмнө ил байна.
Энэ үүднээс нь харвал энэ сарын дундуур болох уулзалт дэлхийн хар алтны зах зээлд томоохон нөлөө үзүүлэх маш сонирхолтой өрнөлтэй байх нь. Бас газрын тосны бүтээгдэхүүн, түүний илүүдлийг хэрхэх талаар тун чухал саналууд гарах нь ч дамжиггүй.
2008 оны долдугаар сард анх удаа нэг баррель нь 145 ам.долларт хүрч байсан нефтийн үнэ цаашид хэрхэх нь энэ уулзалтаас ихээхэн хамаарах нь. Тиймээс ч хамгийн туршлагатай шинжээчид хүртэл Оросын өөрчлөлтийг харзналгүйгээр үнийн төсөөлөл хэлж мэдэхгүй сууна.
Ж.Цогзолмаа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: