Эх орондоо хэлэх үг

Сүүмийн сүүмийсээр жаргах зулын гэрэл бөхөх адил
Сүүтийн сүүтийсээр хөл дор гишгэгдэх алд хүрэхгүй миний сүүдэр шиг
Газрын хэвлийг сүвлэн, зулзаган мододын үндэс бэхжүүлэх
Ганцхан удаа сүүлчийн өглөг болгож биеэ тушаах эх орон минь ээ
Зуун зуунаар дуурсагдах гавьяатан эсвэл нүгэлтэн би лав биш ээ
Зуурдхан үзэгдээд тухлах завгүй, яаран сандран буцлаа ч
Буян нүгэл аль алинаас чинь эн тэнцүүхэн хүртчихэж
Буцааж болохгүй цаг хугацааны их урсгал минь ээ.
Бударсан цас хаялсан хаврын тэр өдөр бурхан дүртэй аавыгаа буяны мөр дөтлөхөд
Буурал тэргүүнийг нь түших хувь дутсан шаналан надад байдгийн
Сайхан нэртэй сайхан бүсгүйн шүлгээр гоёод
Салхины сэвшээнд чинь дуу аялан хөглөгдөж суусан жаргал надад бас байдгийн
Үйлийн үр үнэн гэдгийг нотолж үлдсэн тооцоогоо дуусгаж, данс дугуйлахын цагт
Үхэлтэй намайг булаацалдаж, нааш цааш чангаан, үсээ үгтээн чаргууцалдан үлдэх
Үрсийн минь эх, насны хань, өр нимгэн бүсгүй надад бас байдгийн эх орон минь
Нар сарны чинь гэгээнд тэмтчиж, салхиар баримжаалж гэлдрээгүй аз надад байдгийн
Навч цэцэгсийн чинь үнэрт мансуурч, найланхай бүсгүйн аалинд согтсон хийрхэл надад байдгийн
Мойлын амтат дарсанд чинь хөлчүүрч, монгол шүлгийн аагаар онгирч явсан аархал надад байдгийн
Үүрийн гэгээнээр шулганах болжморын дуунд баясч, өөвгөр жаахан хүүгээ хөтөлж алхсан миний гутлын мөр үлдсэн гэдэгт итгэдгийн
Өгөө аваа тэнцэж орчлонг орхихын цагт өвөрт чинь эрхлээд шингэх хувь надад байгаа эх орон минь ээ

С.Пүрэвсүрэн 2016,03,13 , 01,00


URL:

Сэтгэгдэл бичих