Монгол Улс гэхээсээ илүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг онцлоод байв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий ассамблейн 66 дугаар хуралдаанд өнгөрсөн долоо хоногт оролцсон билээ. Төрийн тэргүүнийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, ХХААХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь нар дагалдан явлаа. Ерөнхийлөгчийг албаны хүмүүсийн хамт Нью-Йорк хотод хүрэлцэн очиход НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, байнгын төлөөлөгч О.Энхцэцэг угтан авсан юм. Чуулганы ерөнхий шүүмжлэлд төлөөлөгчдийг дараалалд оруулан үг хэлүүлэв. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эхний өдрийн үдээс хойш буюу долдугаарт эрэмбэлэгдэж НҮБ-ын индэрээс үндэсний хувцастай үг хэллээ. Ерөнхий шүүмжлэлийн эхний өдөр үг хэлж байгаа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр хүнд олон улсын тавцанд ямар байгааг илтгэн харуулсан томоохон үйл явдал боллоо.
Ер нь тэнд болсон үйл явдал ардчилалд хөл тавьсан хөрөнгө мөнгөний дутагдалтай Монгол Улс гэхээсээ илүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг онцлоод байсан гэж хэлж болно. Төрийн тэргүүнийг үг хэлэхэд сурвалжлахаар очсон сэтгүүлчдийг их танхимд оруулж үгийг нь сонсголоо. Ерөнхийлөгч ерөнхий шүүмжлэлд үг хэлэхийн зэрэгцээ олон олон үйл ажиллагаанд биечлэн оролцож хоёр талын уулзалтуудыг удаа дараа хийж байв.
НҮБ-ын төв байран дээр болж байсан уулзалтууд зөвхөн гэрэл зурагчин, телевизийн зураглаачид орох төдийгөөр хязгаарлагдаж байлаа. Сонины сэтгүүлчдийн хувьд мэдээллийн төвөөс мэдээллээ авах хэмжээнд байсан юм. Олон орны төр, засгийн тэргүүнүүд хүрэлцэн ирсэн тул тэдний хамгаалалт хүчтэй нүсэр гэдэг нь ажиглагдав. Тэгж хамгаалахаас ч өөр арга байдаггүй бололтой. Чуулганд оролцож байгаа албаныхан болон, сэтгүүлчид өөр өөрийн явах үйл явдалд оролцох хүрээлэлтэй. Тэр тогтоосон хүрээнээс хэн маань ч халих эрхгүй. Харин чуулганыг шууд дамжуулж байгаа телевизүүд дотор нь ажиллаж үйл ажиллагаагаа зохион байгуулж байлаа. Харин гадна талд нь тэдгээр телевизүүдийн дамжуулах явуулын станцууд ярайтал байрласан харагдав. Энэ бол гадаад дүр төрх. Тэнд ажиллаж байгаа сэтгүүлчид мэдээллийн төвд байрлаж байгаа сэтгүүлчдээс өөр үнэмлэхтэй. Түүнийгээ үзүүлж үйл ажиллагаагаа явуулна. Бусад нь зөвхөн тогтоосон хүрээнд эргэлдэнэ. НҮБ-ын чуулганы танхимд бидний хэдэн сэтгүүлчийн хувьд ажиглагчийн статустай орно. Гэхдээ ямар нэг гэрэл зураг авах, телевизийн бичлэг хийх эрхгүй. Ийм үйлдэл хийх оролдлого хийвээс хамгаалагч нь албадан гаргадаг дүрэмтэй. Гаргахдаа чирч гулдраад байхгүй. Зөвхөн хажуугийн өрөөнд оруулаад хаалгыг нь хаагаад мартана. Хамгаалагчаас өөр хүн тэрхүү хаалгыг онгойлгох боломжгүй. Тэнд мартагдана гэдэг бол өөр үйл явдлыг сурвалжлах ямар ч боломжгүй болно гэсэн үг.
НҮБ-ын төв байр Нью-Йорк хотын зүүн эрэгт байрладаг. Ерөнхийдөө усаар хүрээлэгдсэн байдаг. Ердийн үед тэнд усан онгоцоор бараа тээвэрлэдэг, аялал зохион байгуулагддаг гэнэ. Гэвч дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалт болж байгаа энэ өдрүүдэд тэнд усан онгоцтой хамгаалалт гарсан байлаа. Хамгаалалтын усан онгоцууд өөр хоорондоо зөрөлдөж үүрэг гүйцэтгэдэг аж. Жил бүр энэ хотод дэлхийн дээд хэмжээний уулзалт болж ийм хамгаалалт гардаг тул иргэд нь тэр байдалд дассан байдаг тухай зарим иргэд хэлж байлаа. Энэхүү нүсэр хамгаалалтын нэг онцлог нь хотын иргэдэд хүндрэл үзүүлээд тээртэй, түвэгтэй байдал гаргаад байдаггүй бололтой. Зөвхөн хамгаалах зүйлээ хамгаална. Түүнээс биш бусдын хэрэгт хошуу дүрэхгүй.
Ерөнхийлөгч дэлхийн дээд хэмжээний чуулганд оролцох үеэрээ Нью-Йорк хотод байрладаг Азийн нийгэмлэг дээр очиж үг хэлж нийгэмлэгийн гишүүдтэй ярилцлаа.
Тус нийгэмлэг 1956 онд байгуулагдсан төрийн бус, ашгийн бус, нам бус, боловсролын байгууллага ажээ. Азийн нийгэмлэг “Төрийн гарамгай зүтгэлтэн” шагнал олгодог юм байна. Энэхүү шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид энэ оны зургадугаар сард олгожээ. Нийгэмлэгийн гишүүдийн өмнө хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хувьсгал хийх амархан. Харин иргэдийн сэтгэлгээг өөрчилж чөлөөт нийгэмд шилжүүлнэ гэдэг түүнээс хэцүү” хэмээн онцолж байлаа. Азийн нийгэмлэг нь Азийн орнуудын хөгжил, дэвшилд бусдын анхаарлыг хандуулах талаар үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тэднийг Монголд гадаадын хөрөнгө оруулах цонх нь болж ажиллахыг уриаллаа. Түүнээс гадна Монгол гэрт социализмын үед ганцхан радио нэмэгдсэн. Тэгвэл ардчиллын хорин жилд олон шинэ зүйл нэвтэрлээ. Тухайлбал, малчин хүн гар утсаараа өглөө болгон зах зээл дээрх ноолуурын болон махны үнэ асуугаад арилжаанд оролцож байгаа тухай дурдав. Нөгөө талаар монголчуудын гэрт олуулаа амьдарч байгаа хэлбэр нь байгаль орчинд ээлтэй. Хүүхдийн хүмүүжилд сайн нөлөөтэй байдаг талаар хэлж байв. Аав ээж хоёр нь хүүхдүүдийнхээ дэргэд ямар нэг эвгүй байдал гаргадаггүй. Хүүхдүүд ч мөн адил аав ээжийнхээ дэргэд элдэв янзаар авирладаггүй. Эдгээр нь эцэг эхээсээ үлгэр авах сайн талтай хэмээн хэлж байсан юм.
Ерөнхийлөгчтэй хоёр талын уулзалт хийсэн Ардчиллыг шинээр тогтоогоод удаагүй байгаа Тунис Улсын Ерөнхий сайд Моххамед Ганучи, Ливи Улсын Үндэсний шилжилтийн зөвлөлийн тэргүүн Мустафа Аль Жалил нарын ярианы сэдэв нь Монголын ардчиллаас суралцах тухай байсан гэж албаны эх сурвалж хэлж байв. Тэдний хувьд ардчиллын замаар хоёр зуун жил явсан өндөр хөгжилтэй орнуудын ярьж хэлж байгаа зүйл нь дэндүү өндөр түвшинд, ойлгоход бэрх байдаг гэнэ. Тэгвэл Монгол Улс хорин жилийн өмнө ардчиллыг тогтоосон болохоор та нараас бидэнд суралцах зүйл их байна гэж хэлдэг ажээ. Тэр бүхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бидэнд туршлага гэхээсээ илүү туулсан амьдрал байна. Түүнийгээ ярина” хэмээн хариулж байсан байна.
Ойрхи Дорнодод хувьсгал гарсан нь Монголын ардчилал дүүтэй болсныг харууллаа. Энэ өнцгөөс харвал манай төрийн тэргүүн, төр засгийн өндөр түвшнийхэн гадаад улс оронд айлчлахдаа бусдаас мөнгө гуйдаг туршлагыг нь судалдаг сул дорой хуучин байдлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын чуулганд оролцохдоо өөрчилж чадлаа.
Төрийн тэргүүн НҮБ-ын чуулганд оролцож байгаа байдлаас харахад бусдад ярих ардчиллын туршлагатай, өөрийн бий болгосон ардчиллын тулсан замтай, байгалийн баялаг, үүцээ задалж байгаа баяжих магадлал өндөр болсон орны Ерөнхийлөгчийн байр суурийг илэрхийлж байсан гэж хэлж болно. Г.ЭРДЭНЭБАТ
URL: