“Б.Булганыг мөрдөх явцад эрүү шүүлтийн элемент ашигласан уу”
Ж.Бямбадорж: Б.Булганыг мөрдөх явцад эрүү шүүлтийн элемент ашигласан байхыг үгүйсгэхгүй
Эрүү шүүлтээс хэрхэн ангид байх, урьдчилан сэргийлэх механизмыг хэрхэн бий болгох талаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа.
-Манай улсад эрүү шүүлт байна гэдгийг хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагынхан онцолдог. Эрүү шүүлтээс ангид байхын тулд юунд анхаарч ажиллах ёстой вэ?
-Өнөөдөр эрүү шүүлтээс ангид байх эрхийн асуудалд нэмж олон улс, НҮБ-аас нэгэн баримт бичиг батласан нь Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протокол юм. Энэ протоколын гол агуулга нь урьдчилан сэргийлэх үндэсний байгууллагыг байгуулж ажиллуулах асуудал. Манай улс 2014 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр энэ гэрээг баталсан. Жилийн дотор гэрээний механизмыг байгуулах ёстой ч манайх одоохондоо байгуулж чадаагүй байна. Засгийн газраас Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оор энэ үүргийг гүйцэтгүүлэхээр УИХ-д хуулийн төсөл оруулсан. Хаврын чуулганаар батлах байх гэж бодож байна. Урьдчилан сэргийлэх үндэсний байгууллага нь хүний эрх эрх чөлөөг хязгаарласан орчинд урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах юм. Өөрөөр хэлбэл, хяналт шалгалт хийгээд ниргэсэн хойно нь хашгирах биш түүнээс өмнө байнгын хяналт шалгалт явуулдаг механизмыг бий болгоход чиглэж байгаа юм.
-Урьдчилан сэргийлэх байгууллага нь хаана төвлөрч үйл ажиллагаагаа явуулах вэ?
-ХЭҮК-ын дэргэд байрлаж бүх хорих анги, цагдаагийн саатуулах байр, сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн эмнэлэг, Гадаадын иргэн харьяатын газар зэрэг хүний эрх тодорхой хэмжээгээр зөрчигдөж байгаа газруудтай хамтарч ажиллах юм. Визийн зөрчилтэй холбогдуулаад ни-сэх онгоцны буудал, хил дээр гаднын гэлтгүй манай ир-гэдийг саатуулдаг. Түүнчлэн өнөөдөр насанд хүрээгүй, хараа хяналтгүй, эх эцэггүй хүүхдүүдийг асарч хүмүүжүүлдэг газруудад ч хүүхдийн эрхийн асуудлыг ярьж байна. Тэнд бүх зүйл сайн сайхан биш, хүүхэд янз бүрийн дарамт шахалтад өртдөг. Тэгэхээр дээрх байгууллагуудад тогтмол үзлэг шалгалт, сургалт явуулж байх ёстой. ХЭҮК-ын хуульчид иргэдийн эрхийг сэргээх асуудлыг ярьдаг. Гэтэл гомдол гаргасан эдгээр хүмүүст сэтгэл зүйн болон бусад олон талын мэргэжилтний тусламж хэрэг болдог. Тиймээс ХЭҮК энэ үүргийг биелүүлээд дотроо хараат бус урьдчилан сэргийлэх бүтэцтэй байя гэсэн чиглэлтэй явж байна. Комиссын дэргэд урьдчилан сэргийлэх төвийг байгуулаад хүний эрхийг зөрчөөд байгаа байгууллагуудтай хамтарч ажиллаж, үр дүнтэй зөв-лөмж гаргаж хэрэгжүүлэх хэрэгтэй. Зөвхөн хяналт шал галтаар явж зөрчил илрүүлэх үедээ танайх ийм зөрчил гаргаад байна гэх биш хамтарч ажиллах шаардлагатай байгаа юм.
-С.Зориг агсны эхнэр Б.Булганыг цагдан хориод дөрвөн сар болж байна. Түүнийг ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй, хүнд нөхцөлд мөрдөн байцаалт явуулж байгаа гэж ээж нь танайд гомдол гаргаснаар түүнтэй очиж уулзсан гэсэн. Нөхцөл байдал ямар байна вэ?
-Б.Булганы ээжийн гомдлын дагуу хоригдож байгаа газарт нь очиж танилцсан. Магадгүй мөрдөн байцаалтын явцад эрүү шүүлтийн элемент ашигласан байхыг үгүйсгэхгүй. Ар гэрийнхэнтэй нь ч уулзсан. Гадуур хэвлэл мэдээлэлд гарч байгаа шиг хүнд нөхцөлд байна гэж хэлэхгүй ч гомдолд дурдсанчлан бас бус зүйл бий. С.Зориг агсны хэргийг маш нууц зэрэглэл тогтоон шалгаж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Эрүүдэн шүүх ажиллагаа аль салбарт түлхүү байна вэ. Албаныхан хорих ангид эрүү шүүлт байхгүй болсон гэдэг шүү дээ?
-Эрүү шүүлт хорих ангид байхгүй. Үүнийг баталгаатай хэлэх байна. Харин сэжигтэн хорих ангид очихоосоо өмнө эрүү шүүлттэй тулгарч байна. Бидэнд ирж байгаа гомдолд эрүүгийн хэргийг эрэн сурвалжилж байх явцад эсвэл сэжигтнийг барьж аваад цагдан хорьж байцаалт явуулахдаа эрхийг нь зөрчих асуудал их байна. Жишээлбэл, байцаалт авахдаа саатуулах байранд 2-3 хонуулах, зодох, биед нь гэмтэл учруулсан, тулган шаарддаг, айлгаж сүрдүүлсэн, сэтгэл зүйн дарамтад оруулсан гомдол тасрахгүй ирж байна. Манайд өнгөрсөн жил 700 гаруй өргөдөл ирсний 70-аад хувь нь эрүү шүүлттэй холбоотой гомдол байсан. Ер нь эрүү шүүлттэй холбоотой гомдол нэмэгдсэн. Яг шалгаад тогтоохоор хамгийн их байр суурь эзэлж байгаа өргөдөл нь шударга шүүхээр шүүлгэх, удаан хугацаагаар хорих, хилс хэргээр шалгаж байна гэсэн гомдол маш их байна. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд хамгийн дээд тал нь 30 сар хорих заалттай. Гэтэл хуулийн нэг гажиг тогтолцоо байгаа нь хэрэг мөрдөн байцаалтын шатанд байх хугацаанд сэжигтний хоригдсон хугацааг нийт хорих ялын хугацаанд оруулж тооцохгүй байна. Үүнийг шүүгч нар “Хуульд шүүхийн шатанд цагдан хоригдож байгаа этгээдийн хоригдсон хугацааг нийт ялтай хугацаанд оруулж тоолохгүй” гэдэг. Энэ заалтад үндэслээд хүмүүс “Би маш удаан хугацаагаар хоригдож байна. Миний эрхийг зөрчөөд байна” гэдэг. Энэ нь нэг бодлын зөв. Тэгэхээр шүүх энэ асуудлыг хурдан шийдвэрлээд явчих хэрэгтэй. Олон улсын конвенцийг харахаар тухайн хэргийг илрүүлэхдээ сэжигтнийг хорихыг бүр мөсөн хориглосон байдаг. Хамгийн сүүлчийн арга хэмжээ болгож маш богино хугацаагаар хүний эрхийг хязгаарлаж болно гэсэн заалттай. Түүнээс биш манайх шиг 30 гаруй сар хорьчихоод үүнийгээ ялтай байх хугацаанд оруулж тооцохгүй байгаа тогтолцоог л халах хэрэгтэй. Энэ асуудлыг манайх маш олон жил ярьж байна. Нөгөөтэйгүүр олон улсын практикт Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн хүрээнд хүмүүсийг хорьж цагдах асуудалд тухайн хэргийн нотлох баримтыг цуглуулаад хорих шаардлагатай гэж үзвэл саатуулдаг.
-Манайд сүүлийн үед цагдан хоригдож байгаа хүмүүс сэтгэл санааны эрүү шүүлтэд өртөж байгаа талаар гомдол гаргаж, ил захидал хүртэл бичих болсон. Сэтгэл санааны эрүү шүүлт гэж юуг хэлээд байна вэ?
-Сэжигтнийг айлгаж, дарам-талж байна. Нөхрийг нь байцааж байхад эхнэрийг нь дарамталж, гэр бүлийн гишүүдийг нь хэл амаар доромжилдог энэ үйл ажил лагаа нь нэг талдаа гарт бариг даж, нүдэнд үзэгдэхгүй сэтгэл санааны эрүү шүүлт шүү дээ. Үүнтэй холбоотойгоор нөх-цөлийн эрүү шүүлтийг манайх үндсэндээ өөрчилж чадсан гэж хэлж болохоор байгаа. Тухайлбал, ШШГЕГ цагдаагийн хонгилд байсан бүх цагдан хорих төвийг тусад нь байр бариад оруулж байна. Иймээс нөхцөлийн эрүүл-жүүлэлтийг таслан зогсоох, хүмүүсийг ямар нэгэн эрсдэлээс урьдчилан сэргийлэх алхмуудыг хийж байна.
-Цаашид сэтгэл санааны эрүү шүүлттэй хэрхэн тэмцэх вэ?
-Эрх зүйн бодлогын хүрээнд тодорхой болгох хэрэгтэй. Сэтгэл санааны эрүү шүүлт явуулсныг тогтоолоо гэхэд түүнийг арилгах эрх зүйн тогтолцоо манайд байхгүй. Яагаад гэвэл “Хүний хохирлыг мөнгөөр илэрхийлж болохгүй” гэж Эрүүгийн хуульд заачихсан. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд “Та энэ хохирлоо төрөөс авч болно” гэж заасан байдаг. Хоёр үндсэн органик гол хуулийн заалт нь хоорондоо зөрчилдөөд байна. Тиймээс шүүх манай нэхэмжлэлүүдийг гаргаж байгаа шүүгч нарт баярлах хэрэгтэй. Яагаад гэхээр олон улсын гэрээ конвенцийн дагуу бага ч болов энэ хүн сэтгэл санаагаар хохирчихсон юм байна гэж үзээд энэ зүйл заалтыг нь хэрэгжүүлдэг шүүгч нар байгаа. Ерөнхийдөө шүүгч, шүүхийн систем өөрөө олон улсын гэрээ конвенцийг хууль шүүхийн практикт хэрэглэж нэвтрүүлэх талд хангалтгүй ажиллаж байгаа.
-Та дээр хэлэхдээ сэжигтэн хорих ангид очихоосоо өмнө эрүү шүүлтэд өртөөд байна гэсэн. Цагдаа нар сэжигтэнтэй зүй бусаар харьцаж байгаа асуудлыг хэн хянах ёстой вэ?
-Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба үйл ажиллагаа явуулж байхад цагдаа сэжигтэнтэй зүй бусаар харьцаж байгаа байдлыг хараат бусаар тогтоодог байсан. Одоо энэ албыг татан буулгаснаар цагдаад цагдааг нь шалгуулах гээд өгөхөөр “Ийм үйлдэл гаргасан нь тогтоогдохгүй байна” гэдэг. Ингээд л иргэд хохирч байна. Харин хорих ангид зөрчил гаргасан хоригдогч этгээдэд сахилгын арга хэмжээ авч гав хэрэглэх тохиолдол бий. Тэр нь тодорхой хууль дүрэм, протокол, бичлэгтэй хадгалагдаж байдаг. Бид цагдан хорих байгууллагад шалгалт хийхэд хамгийн түрүүнд эдгээр баримтыг үзэж, хууль ёсны байна уу гэдгийг хянадаг. Сүүлийн үед цагдан хорих хугацааг сунгах асуудалд нэлээд гомдол гаргаж байна. Шүүгчийн захирамжаар энэ асуудлыг шийдэж байгаа. Шүүгчийн захирамж хугацаандаа хорих ангид очоогүйгээс сэжигтэн нэг, хоёр хоног илүү хоригдох байдал биднийг хорих 461 дүгээр ангид шалгалт хийх явцад илэрсэн. Тиймээс бид урьдчилан хорих анги, ШШГЕГ-ын удирдлагуудтай ярилцаад яллагдагчаар татсан хугацаа нь дууссан бол шүүгчийн захирамж нь ирээгүй байсан ч үг дуугүй сэжигтнийг суллах системд шилжсэн.
Б.Дэлгэрцэцэг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн яллагдагчийн цагдан хоригдсон хоног хугацааг шүүхийн шийтгэх тогтоолд дурдаж тухайн шүүгдэгчийн хорих ялд нь оруулан тооцож байгаа. ХЭҮК юу шалгаад ийм үндэслэлгүй зүйл яриад байна аа?