“Чацга царайлж суухуй”-г утгачлахад…

Монголын улс төрийн нэр томьёоны үгэнд “Чацга царайлаад сууж бай” гэсэн хэлц гэж  болохоор үг орж ирлээ. Зарим хүмүүс утга гүнзгий аффоризм ч гэж үзэж байна.

Ямар ч байсан энэ үг нь /өгүүлбэр нь/ улс төрийн гүнзгий агуулгатай хошин чиг аястай гэдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрч шаардлагатай үед өргөнөөр ашиглаж байна. Энэ нь үг биш бүхэл бүтэн утга санаа илэрхийлсэн өгүүлбэр.

Уул өгүүлбэрийг өөрийн оюун ухаан, сэтгэлгээний өвөрмөц чадавхиараа анх дайчлан хэрэглэсэн хүн бол “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай гэдгийг хүмүүс мэднэ. Аль ч утгаар авч үзсэн дээрх өгүүлбэр буюу хэлц нь Л.Гүндалайн оюуны өмч мөн. Ийм оюуны “онцгой” шинэ “бүтээл”-ийг гадаад дотоодод хэд хэдэн дээд сургууль төгссөн хэл ярианы өндөр “соёлтой”, тархи нь задраагүй юмаа гэхэд ер нь сүрхий зантайж байгаа толгойнууд л гаргадаг байх. Бидний жирийн ухаанаар бодож үзэхэд чацга гэдэг нь махан болон өвсөн тэжээлтний гэдэс эвгүйрсэн үед гаргадаг эвгүй үнэртэй өтгөний нэг  хэлбэр л дээ. Тэгээд ийм үнэртэй хүн сууна гэхээр нэг эвгүй сэтгэгдэл төрөөд байгаа юм.

Энэ нь бидний сэтгэлгээний ядуурал байхаас зайлахгүй. Гэтэл Гүндалай даргын оюун ухаан, улс төрийн зорилго чиглэлийн үүднээс авч үзвэл олон давхар утга илэрхийлж байгаа нэлээд гүнзгий томьёолол аж. Ухаандаа Монголын нууц товчоонд “Жирэмсэн эмийн шээх газраас хол яваагүй, жижиг тугалын бэлчих бэлчээрээс гарч үзээгүй” гэж өгүүлсэнтэй эн зэрэгцэх далд өгүүлэмжтэй өгүүлбэр бололтой. Тухайлбал, Засгийн газар “чацга царайлаад сууж байна” гэвэл тэр засаг ямар ч чадамжгүй, олны шүүмжлэлийн бай болж орох гарах нүх хайн амь наана, там цаана гүйж явааг өгүүлж байх жишээтэй.

Харин УИХ “чацга царайлж байна” гэвэл намчирхлын “өвчин”-д нам даруулж, хуралдаанаа ч хийж чадахгүй болтлоо сульдаж, дэмий л семинар маягийн юм зохион байгуулан сууж байна шүү дээ гэсэн ухагдахуун илэрнэ. Улмаар монголчууд “чацга царайлж байна шүү дээ” гэвэл “Монгол Улс дэлхийн уул уурхайн луйварчдын нарийн урхинд орж “өрийн хүүдий өтний тулам боллоо” гэсэн өгүүлэмж илэрхийлэгдэх юм. Ингээд бодохоор “Ард түмнээ хайрлая” намын даргын өгүүлбэр ямар “гүн” утгатай, өгүүлэмж өргөнтэй болох нь мэдрэгдэж байна. Нөгөө талаар Л.Гүндалай эрхэм энэ үгээ Орхон аймагт газаргүй иргэдэд зөвшөөрөлгүй байрлалд газар олгохыг эрмэлзсэн “тэмцэл”-ийн “гал халуун” шугаман дээр хэлсэн. Ингэснээрээ тэр олигархиудын эсрэг хууль зөрчсөн “луйвар”-ын аргаар тэмцэх тэмцэлд уриалсан юм.

Энэ талаас нь авч үзвэл ихээхэн ардач гэж үзэхээр авч хэрвээ “луйвар”-ын маягаар хууль зөрчин газартай болохгүй бол “чацга царайлан сууж бай”-саар хорвоог гэтэлнэ” гэсэн санааг илэрхийлж одоогийн баян бизнесмэн, олигархиуд жинхэнэ “луйвар”-ын аргаар л хамгийн онцгой сайхан байршилтай газрыг хувьдаа авсныг эрхэм дарга маань мэдсэн байна. Иймд “Ард түмнээ хайрлая” гэсэн сонгуулийн сүлд үгээ бодож тэр нууцыг дэлгэхээр шийдэж тэр замаар ард олныг хөтөлжээ. Энэ бол Гүндалай даргын хувд том “ариусал” том ухаарал юм. Ёстой “амь наана там цаана” яваа хүнд үүнээс эрхэм шийдэл яаж байх вэ. Хөөрхий муу Гүндалайн өнгөрсөн он цагийн “гавьяа”-г үл тоож Ардчилсан нам эгнээнээсээ жийсэн. Тийм өндөр суудлаас унасан хүн яаж амар байх вэ дээ.

Харин ямар нэг арга ухаанаар сэрж дахин улс төрийн тавцан дээр гарч ирэхийг эрмэлзэж байгаа нь сайхан. Ёстой “чацга царайлж суугаа”-гүйд нь баяр хүргэмээр. Гэхдээ “баярласан хэрээ  бархирах болоогүй”. Одоо засаг төрөө, эдийн засгаа “чацга царайлуулж суугаа” том намууд гэнэн царайдаа хуурмаг ардчиллын “баг” өмссөн, “ард түмнээ дэндүү хайрладаг” Л.Гүндалайг амаар нь элс үмхүүлэхийг байг гэх газаргүй. Ер нь популист хэв маягийг эрхэмлэдэг болсон намууд ямар уран арга, цэцэн санаа гаргаж олон түмнийг ховсдон хөтлөөд нэг улстөрчийг бүү хэл нийгмээр нь “чацга царайлуулж” мэднэ гэдгийг хэлүүлэх юун билээ.

Л.Гүндалай уг нь олон удаа “чацга царайлан сууж” үзсэн хүн учир ямар ч бэрхшээлд бууж өгөхөөргүй шандас суусны дээр хэр баргийн “чацга царайлах”-аас ичихгүй болсон нь тодорхой. Гэхдээ араасаа дагуулсан “ард түмнээ хайрлагчид”-аа чулуу хөөлгөж, намаа “сувайруулан” “чацга царайлаад” зогсохгүй “чацгатайгаа холилдвол” аймаар бохир юм болно биз дээ. “Ичих булчирхайгүй” хүн байсан ч нүдний булай л даа. Л.Гүндалайг ингэж унавал МАН-ын Ц.Нямдорж ах, БНН-ын Б.Жаргалсайхан ах нар нь элгээ хөштөл инээж “чацган дээр нь чацга нэмэх” нь мэдээж.

Өөрийнхөө үгэнд ойчсон хүний нэр нь хэзээ ч цэвэршдэггүй гэдэг. Тэгэхээр Л.Гүндалай төдийгүй ард түмэнд ихийг амлаж, цэцэн яригчид бүхэн ингэж үгэндээ ойчиж бүү “чацга царайлаасай” гэж хүснэм. Нэг хүний, нэг намын “чацга царай” нийгмийг бүхэлд нь “чацга царайлуулах” улс төрийн тахал болж “өвчлүүлэх”-“ийг байг гэх газаргүй. Тиймээс бүгд л “чацга царайлах”-аас болгоомжлоосой билээ. Тийм ээ, Гүндалай минь “чацгай царайлаад сууж байх” муухай гэдгийг улс төрийнхөн мэдээсэй. Чи эрт ойлгосон, баяр хүргэе.

МУСГЗ Н.Даваадаш

Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих