Улстөрчдийн тоглоом эдийн засгийг шоглож эхэллээ

Улстөржихөд учир бий.

УИХ-ын 20 гишүүн Оюутолгойд эзэмших хувиа нэмэх хэлэлцээр хийхийг Монголын Засгийн газраас шаардсан. Хариуд нь Засгийн газарт гэрээнд гарын үсэг зурсан гурван сайдад хэлцэл хийхийг даалгасан. Бойкот, шахалтаас давсан энэ үйлдлээс хойш өнөөдрийг хүртэл Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дээр “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны ханш 29 хувиар буурсан.

Тэгэхээр улстөрчдийн тоглоом улс орны эдийн засгийн хувьд шоглоом болж хувирлаа. Энэ бол том эрсдэл. Эрсдлийг Оюутолгой төслийнхөн дангаараа үүрэхгүй. Материаллаг эрсдлээс гадна нэр хүндийн эрсдэл гэж бий. Ийм эрсдэл нөхөгддөг түигээрээ гамшигтай.

Парламент уржигдархан ДНБ-ий 9.8 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай төсөв баталчихаад хөрөнгө оруулалт ирээдүйд нэмэгдэх үүд хаалгыг тэгнэн зогсохын шалтгааныг зөвхөн улстөржилтөөр тайлбарлаж болно. Олон нийтэд таалагдах нэг хэрэг.

Нийт ард түмнээс хэд нь ч таалах билээ, бас эргэлзээтэй. Гэтэл Монгол Улсын Засгийн газар одоогоос ердөө хоёрхон жилийн өмнө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталж буйгаа дэлхий нийтэд зарласан. Энэ нь одоогоор дэлхий дахинд “Ховор содон үзэгдэл” хэмээн шагшигдаад байгаа эдийн засгийн өндөр өсөлтийг авчирсан билээ.

Гэтэл сонгууль ойртож буйтай холбогдуулан Оюутолгойн гэрээний урьдчилгаа төлбөрөөр намаасаа амласан иргэн бүрт тараах мөнгийг өгч амыг нь тагласнаа мартан цочир мэдэгдлүүд хийж, Засгийн газарт ергөн барих бичиг гардуулан шоудах болов. Тэд УИХ-ын 57 дугаар тогтоол ямар зарчмаар батлагдсаныг мартсан бололтой. Юу болоод өнгөрснийг тодхон санаж, эрүүл саруул улстөрчийн ухаанаар асуудалд хандаж байгаа цөөн гишүүний нэг нь С.Оюун юм.

Тэрбээр “Оюутолгойн гэрээ бол дэлхий дээрх хамгийн сайн гэрээ биш ч хамгийн муу нь бас биш. Уг гэрээг өөрчлөх ямар нэг шалтгаан олж харахгүй байна. Монголчууд “Иргэн баян бол улс баян” гэдэг. Засгийн газар хамаг бүхнийг гартаа аваад дараа нь түүнийгээ ард иргэддээ тараах нь зөв шийдэл гэж үзэхгүй байна. Түүний оронд ажлын байр олноор бий болгож, хангалттай цалин хөлс өгснөөр иргэд хангалуун амьдрах болно. Үүнийг зөвхөн Засгийн газрын эзэмших хувь хэмжээг нэмснээр шийдчихнэ гэж бодохгүй байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудлаар гишүүд нэгдсэн саналд хүрээгүй. Оюутолгойн гэрээг нэгэнт баталсан болохоор энэ асуудлыг дахин сөхөх шаардлагагүй” хэмээн ярьжээ.

Ажлын байр гэснээс Оюутолгойн бүтээн байгуулалтын ажил ид дундаа орсныг ёслон тэмдэглэх үеэр УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Ажилгүйдлийн түвшин 9.7 хувьд хүрчихлээ. Энэ бол Оюутолгойн ач” хэмээн дуу алдан ярихыг телевизээр хараад “Яараа, энэ нөхөр яаж Оюутолгойн гэрээг өөрчилж, Монголын талын эзэмших хувийг нэмье гэж хэлэх бол” хэмээн бодогдов. Монголчууд “Эр хүн хэлсэндээ” гэдэг.

Тэгвэл Засгийн газрын гишүүн, гурвын гурван төрийн хар хүн Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурчихсан. Тэднийг барьцаалж УИХ-ын 20 гишүүн шаардах бичиг барьчихаад байгаа. Дээрх гурван сайдын сандал, суудлын асуудал ч яамай. Хамгийн гол нь УИХ-ын нэр бүхий гишүүдийн Засгийн газарт өргөн барьсан бичиг, үүний дараа Засгийн газрын хуралдаанаар нэр бүхий гурван сайдыг Оюутолгойн эзэмшлийн хувь хэмжээний асуудлаар дахин хэлцэл хийхийг даалгасан шийдвэртэй зэрэгцэн “Айвенхоу Майнз”-ын хувьцааны ханш уналаа.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлагдсан цагаас л олон улсын шинжээчид, эдийн засагчид, ажиглагчид “Уг гэрээний тогтвортой байдал дэлхийн хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэлцлийн дэнс болно” гэдгийг анхааруулж байсан. Үнэхээр ч энэ гэрээний талаарх асуудал хурцдаж, өөрчлөлт оруулах тухай яриа гарах бүрт “Айвенхоу Майнз”-ын хувьцааны ханш буурч байдаг. Энэ удаад ч мөн адил.

Одоо яах вэ. Мэдээж Оюутолгойн гэрээний хэлцлийг хийхээр больсноор, эсвэл УИХ-ын гишүүд Засгийн газарт өргөн барьсан бичгээ татаж авснаар хувьцааны ханш өсчихгүй. Бодлогогүй, тооцоололгүй, улстөржсөн үйлдэл эдийн засагт, ирээдүйн хөрөнгө оруулалтад хэрхэн сөргөөр нөлөөлдгийн нэгэн жишээ л энэ болов.

Гэхдээ “Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Камерон МакРэй өнгөрсөн ням гаригт “Монголын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах талаар “Рио Тинто” группт одоогоор албан ёсны мэдэгдэл ирүүлээгүй байна. Бид Монголын Засгийн газраас албан ёсны мэдэгдэл ирсэн үед энэ асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн” хэмээсэн. Хэлэлцэх нэг хэрэг. Харин ийм хэлэлцээ хийсний дараа хэн хохирох вэ, аль улсын нэр хүнд унах вэ гэдэг нь өөр асуудал.

Дэлхий дахинд өнөөдөр хөрөнгийн зах зээл хямарч, АНУ тэргүүтэй орнууд үүнийг сөрж, эдийн засгаа аврах гэж “тархиа мэрж” байна. Харин Монгол шиг хөрөнгө оруулагчдыг түлхсэн мэдээлэл дэлхийн даяар цацаж, зах зээлийн жамаар өсөн нэмэгдэж буй эдийн засгаа хорлож байгаа орон ховор болов уу.

Ийм үед Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчид нэг центийн ч хөрөнгө оруулаагүй Монголын Засгийн газрын эзэмшлийн хувь хэмжээг 50 хувьд хүргэнэ гэдэгт итгэх ямар шалтгаан байгаа нь тодорхойгүй. Мэдээж “Монголын газар нутгийн баялаг шүү дээ” гэдэг тайлбараа л өгөх байх. Гэвч олон улсын жишигт нийцсэн гэрээний орчинд энэ тайлбар үнэд хүрэхгүй л болов уу гэдгээс эмээх юм.

Ямартай ч энэ тэмцэл хүчээ авахын цагт дэлхийн гигантууд Монголыг анхаарахгүй л болов уу. Хэрэв “Айвенхоу Майнз”-ын хувьцааны ханш цаашид унасаар байвал хариуцлагыг хэн хүлээх вэ. Үүний хариу хөрөнгө оруулагчдын “аманд” бэлэн байгаа. Гэрээний хариуцлагыг Засгийн газар хүлээнэ. Эрсдэл хүлээдэггүй, хөрөнгө оруулдаггүй Засгийн газар ийм хариуцлага хүлээвэл хөрөнгө оруулагчид үргэхээс аргагүй.

Үүний хариуцлагыг ч УИХ-ын дээрх гишүүн ирээдүйнхээ өмнө хүлээх болно. Эсвэл тэд өөрчлөх боломжгүйг мэдсээр байж “шоудсан” болж таарч байгаа юм. Улстөрчид тоглож болно. Гэхдээ ирээдүйгээрээ дэнчин тавьж тоглож болохгүй. Бэлэн мөнгө тарааж, төсвийн алдагдлыг тэлж, эдийн засгийг халааж, ард түмний нуруун дээрх ачааг нэмж хангалттай “дайсагналаа” шүү дээ.

Харин одоо улс орноо жаахан ч гэсэн бодох хэрэгтэй. Эх орон ч уриа дэвшүүлсээр сонгуульд ялалт байгуулан төрийн эрхэнд гарсан та бүхний өмнөөс Оюутолгой төслийнхөн бүтээн байгуулалтыг хийж, ажилгүйдлийг бууруулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүүгүй шахам зээл олгосон. Үүнийг “Бид хийсэн” л гэж битгий хэлээрэй дээ.

Ч.Дашдэлэг


URL:

Сэтгэгдэл бичих