Б.Бямбадаш: Бөөр шилжүүлэн суулгах мэс засал, түүний дараахь хяналт олон улсын түвшинд хүрсэн
Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагийг “Бөөр хамгаалах өдөр” хэмээн онцлон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвийн дарга, Монголын Бөөрний эмч нарын холбооны тэргүүн, их эмч Д.Бямбадаштай ярилцлаа.
-Таныг Монголд “бөөр шилжүүлэн суулгах багийн гишүүн” гэдгээр тань олон хүн танина. Хэдэн онд их сургууль төгсөөд хэд дэх жилдээ эмч мэргэжлээр ажиллаж байгаа тухайгаа манай уншигчдад эхлээд танилцуулах уу?
-Би 1987 онд Анагаах ухааны дээд сургуулийг бөөрний эмчилгээний чиглэлээр төгссөн. Эрүүлийг хамгаалах яамны сайдын тушаалаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дотрын хоёрдугаар тасагт их эмчээр томилогдсноос хойш тасралтгүй 30 гаруй жил ажиллаж байна. Дотрын, бөөрний болон эрхтэн шилжүүлэх чиглэлээр мэргэжил дээшлүүлэх курсэд хамрагдсан. 1999 онд Удирдлагын академийг “Төрийн удирдлагын менежер, арга зүйч” мэргэжлээр төгссөн. Мөн Монголын “Бөөр шилжүүлэн суулгах баг”-ийн гишүүн. БНСУ, Англи, Япон,Тайвань, БНХАУ, ОХУ-д бөөрний эмчилгээний чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан.
-Монгол Улсын хэмжээнд бөөрний өвчлөл өнөөдөр ямар түвшинд байна вэ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад эх сурвалжаас үзэхэд бөөрний өвчлөл аюулын харангын хэмжээнд хүрсэн гэж ойлгогдохоор байна?
-Сүүлийн таван жилийн судалгаагаар бөөр, шээсний замын эмгэг өвчин нь тохиолдлын тоогоороо нийт өвчлөлийн эхний 3-5 байранд тогтмол ордог. Тухайлбал, амьсгалын замын, элэг цөсний, зүрх судасны өвчлөлийн дараа бөөрнийх ордог гэсэн үг. Жил бүр л бөөрний өвчлөлийн тоо нэмэгдэж, өвчтөний нас залуужиж байна. Ялангуяа, бага насны хүүхэд бөөрний өвчнөөр өвдөх нь ихэслээ. Хоёр жилийн өмнө нийслэлийн ерөнхий боловсролын хоёр сургуулийн хүүхдүүдэд бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн. Нийт үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн 70-80 хувь нь шүд хорхойтох болон хоолойны үрэвслийн эмгэгтэй байсан.
Мөн 30-40 хувь нь бөөр, шээсний замын ил болон далд үрэвсэлтэй. Хүүхдийн хоолой өвдөх, шүд хорхойтсоноор, биед нь идээт голомт, нян хадгалагдана. Ханиад томуу хүрэх, биеийн эсэргүүцэл сулрах, даарч хөрөхөөр нян цусанд нь орж бөөрийг гэмтээдэг.
-Монголчууд өвдөхөөрөө эмнэлэгт ханддаг. Өвдөхгүй л бол эмнэлэгт ханддаггүй муу зуршилтай. Аливаа өвчнөөр өвдөхгүйн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай. Тэгвэл бөөрний өвчнөөр өвчлөхгүйн тулд урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээг авбал зохилтой вэ?
-Монголын уламжлалт анагаах ухаанд “Идээ ундаа, явдал мөр” гэсэн ойлголт бий. Хамгийн түрүүнд хоол хүнсээ зөв сонгож хэрэглэх ёстой. Амьдралын боломж тааруу, тарчиг амьдралтай иргэд олдсоноо л идэж ууж байна. Юун амин дэм. Ингэснээр биеийн эсэргүүцэл сулрах, элдэв өвчинд нэрвэгдэх эрсдэл нэмэгдэнэ. Хүйтэн сэрүүний улиралд дулаан хувцаслах хэрэгтэй. Хүүхдийг багаас нь гар, шүдээ угаах дадалд сургах хэрэгтэй байна. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хуваарьт эрүүл аж төрөх ёсны тухай хичээл байдаггүй. Бидний зүгээс эрүүл мэндийн хичээл сургалтын хөтөлбөрт оруулах талаар олон жил ярьж байна. Хэрэгтэй, хэрэггүй баахан мэдлэг толгой руу хийж л байгаа юм чинь хэрхэн зөв сууж хооллох, гар, шүдээ угаах тухай цэцэрлэгээс нь заамаар байна. Ингэвэл бөөрний өвчлөлөөс 50 хувь урьдчилан сэргийлж болох юм. Монголчуудын нэг том алдаа бол өвдсөний дараа л эмнэлэгт ханддаг. Урьдчилан сэргийлэх үзлэгт байнга хамрагдах ёстой. Ялангуяа, 40 –өөс дээш насныхан жилд 1-2 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдвал зохино. 45 –аас дээш насанд бөөрний үйл ажиллагааны нэгж насжилт болон судасны хатууралтай холбоотойгоор жил тутам 7-12 хувиар буурдаг гэж үздэг. Энэ эрсдлийг тооцох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр бөөр өвдвөл заавал эмчид үзүүлж бүрэн гүйцэд эмчлүүлэх нь чухал. Өөрийн дураар эм хэрэглэх нь туйлын буруу. Ингэснээр бөөрний өвчлөл далд хэлбэрт шилжин архагшдаг. Орчин үед химийн, биологийн дайн явагдаж байна гэхэд хэтрүүлэг болохгүй. Хөгжилтэй орнууд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс татгалзаж байна. Эмийн зохисгүй хэрэглээг химийн дайн гэж томьёолж болно. Монгол Улсад борлуулагдаж байгаа эмийн 40-50 хувь нь хулхи гэхэд хилсдэхгүй. Мөн 60-70 хувь нь хянагдаж, шалгагдаагүй, баталгаагүй эм. Манайхан би өвдөнө, чи эмчлэх ёстой гэдэг. Аливаа өвчин үүсэхэд шалтаг, шалтгаан гэж бий. Шүд хорхойтох, хоолой болон чихний идээт үрэвслийн тухай түрүүнд дурдсан. Бөөрний өвчнийг халдварын, халдвар харшлын, удамшлын, гэмтлийн гаралтай гэж ангилдаг. Хүний нас, хүйснээс хамаарч өвчлөл нь өөр өөр. 5-8 насны охидод эрхтэн системийн онцлогоос хамаарч давсагны, шээсний сүвний үрэвсэл элбэг тохиолддог. Залуу насны бүсгүйчүүдэд жирэмслэлттэй холбоотойгоор бөөр, шээсний замын халдвар, үрэвсэлт өвчин элбэг байна. Сүүлийн гурван жилийн судалгаанаас үзэхэд, залуу бүсгүйчүүд жирэмслэлттэй холбоотойгоор бөөрний идээт үрэвсэл өвчнөөр их өвдөж байна. Бөөрний өвчлөл ихэсч байгаа нь амьдралын түвшин доройтож, биеийн эсэргүүцэл сулрах, шээс бэлгийн замын өвчлөл ихэссэнтэй холбоотой. 18-45 насны эрчүүдэд бөөрийг гэмтээдэг бөөрний түүдгэнцрийн хурц болон архаг үрэвсэл өвчин элбэг тохиолдож байна. 50-70 насны эрчүүдэд түрүү булчирхайн томролттой холбоотойгоор шээс хаагдах өвчин элбэг тохиолддог. Буруу хооллолт, хувцаслалт, ажлын байрны тааламжгүй орчноос бөөрний өвчлөл ч нэмэгдэж байна. Тухайлбал, барилгын ажилчид байна. Өдөр шөнө, өглөө оройгүй, ажилладаг. Ингэснээр даарч хөрснөөс бөөрний үйл ажиллагаа доголддог.
-Бөөрний эмчтэй уулзсаны хувьд бөөрний өвчлөлийн талаар асуухгүй байж чадахгүй нь. Ер нь, бөөр өвчлөхөд ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Ууц, нуруу хөших нь бөөрний өвчлөлийн гол шинж тэмдэг гэсэн ойлголттой хүн олон бий?
-Бөөрний өвчлөлийн илрэх таван үндсэн шинж бий. Ууц нуруу, бөөрний орчмоор өвдөж, халуурч, хавагнана. Шээсний үйл ажиллагаа алдагдана. Тухайлбал, ойр ойрхон шээс хүрнэ. Шээсний сүв хорсох, шээс дутуу болон үнэртэй гарна. Мөн цусны даралт ихэснэ. Нас бага залуу хүний дээд, доод даралтын зөрүү нь ойртоно. Даралт бууруулах эм уухад даралт нь буурахгүй байх жишээтэй. Бөөрний архаг дутагдалд оронгуут хордлогын хам шинж илэрдэг. Хоолонд дургүй болж, огиулж, бөөлжинө. Энэ шинж тэмдгээр “Хоолны хордлого болсон, ходоод нь өвдсөн” гэж буруу оношлох нь хөдөө орон нутагт түгээмэл байна. Мөн цус багадалтын шинж тэмдэг илэрнэ. Бөөр нь хүний бие эрхтнийг эрүүл байлгахын тулд 7-8 төрлийн чухал үйл ажиллагаа үзүүлдэг юм. Тодруулбал, бөөр нь цус төлжүүлдэг гармон ялгаруулдаг. Бөөрний дутагдалд оронгуут энэ гармон ялгарахгүй. Ингээд хүний биед цус багадалт үүсдэг.
-Бөөрний өвчлөл нэмэгдсэнээс Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөрний Гемодиализын тасгийн эмч, сувилагч нар гурван ээлжээр ажиллаж байгаа гэж дуулсан. Илүү цагаар ажилласан эмч, сувилагчийн цалин хөлсийг олгож байна уу?
-1975 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хоёр аппарат суурилуулж, гемодиализын эмчилгээ хийж эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөрний тасгийн гемодиализын төв нь 30 аппараттай. Энэ 30 аппаратаар тогтмол 170-180 хүнд 2-3 ээлжээр цус цэвэрлэх үйл ажиллагаа явуулж байна. “Бөөрний архаг дутагдал” гэсэн онош тогтоогдсон бол долоо хоногт гурван удаа, 4-6 цагаар гемодиализын аппаратын эмчилгээнд орох ёстой. Долоо хоногт гурваас цөөн орвол хордлого, хаван нэмэгдэж, даралт нь ихэснэ. Гэтэл гемодиализын аппаратын хүрэлцээ муутайгаас өвчтөнүүд долоо хоногт хоёр удаа цус цэвэрлэх эмчилгээнд орж байна. Энэ нь өвчтөний маань эрүүл мэндэд муу. 15 жилийн турш гемодиализын аппаратын эмчилгээ хийлгэж байгаа хүн ч бий. Гемодиализ аппаратын эмчилгээнд орсон өвчтөний дундаж наслалт 8-10 жил байдаг. Гемодиализ эмчилгээ өвчтөний амь насыг уртасгадаг юм шүү. Гэтэл Эрүүл мэндийн салбарт өгч байгаа төсөв хөрөнгийн хэмжээ үнэхээр бага. Гемодиализ эмчилгээ нь өртөг өндөртэй. Нэг удаагийн эмчилгээний үнэ 100-120 мянган төгрөг. Манай хяналтад байдаг өвчтөнүүд үнэгүй хамрагддаг. Нэг өвчтөн долоо хоногт гурван удаа гемодиализ эмчилгээнд орвол 360 мянган төлөх нь. Төсөв мөнгө байхгүйгээс эмч, сувилагчид илүү цагийн мөнгө олгодоггүй. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн тал хувьд нь гемодиализын 2-3 аппарат улсын төсөв болон олон улсын байгууллагын хандиваар суурилуулсан. Гэхдээ гемодиализын аппаратын эмчилгээнд орж чадахгүй, амь нас нь дээсэн дөрөөн дээр тулсан өвчтөн олон бий. Жишээ нь, бүсийн оношилгооны төв гэгдэх Өвөрхангай аймагт гемодиализын аппарат байхгүй. Мөн хүн ам олонтой Увс, Завхан,Булган, Архангай, Хэнтий аймагт гемодиализын аппарат байхгүй. Эдгээр аймгийн өвчтөнүүд манай эмнэлэгт л ханддаг. Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд 30 гаруй аппарат бий. Хувийн эмнэлэгт нэг удаа аппаратын эмчилгээнд ороход 200-гаад мянган төгрөг төлдөг.
-Нөгөөтэйгүүр, бөөрний дутагдалд орсон өвчтөнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийж байгаа. Ер нь Монголд бөөрний донорын олдоц хэр байдаг болон хууль эрх зүйн орчны талаар та ямар бодолтой байдаг вэ?
-2012 онд шинэчлэгдэн батлагдсан Донорын тухай хуульд зааснаар донорын асуудлыг хоёр эх үүсвэрээс авахаар хуульчилсан. Амьд донор буюу цусан төрлийн ахан дүүс, аав ээж, хань ижил, хамаатан садангаас эд эрхтэн авч болно. Мөн цогцосны донор буюу гэнэтийн ослоор өөд болсон болон тархинд нь цус харвасан хүнээс эд эрхтэнийг донорын зориулалтаар авахаар хуульчилсан юм. Монголын эмч нар 2006 оноос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг бие даан хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, 113 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн. Донор хүлээж эмнэлгийн хүлээх хуудсанд бичигдсэн 40-50 өвчтөн байна. Монгол хүмүүсийн нэг сайхан чанар байдаг. Оны өмнө хоёр хүн бөөрөө бусдад бэлэглэсэн. Хүн нас бараад байгаль дэлхийдээ шингэдэг. Хүнд буян хийж амь насыг нь авран эрхтэнээ бэлэглэхийг дээдийн дээд буян гэж үздэг. Иймээс хүндээр өвдсөн өвчтөнд эд эрхтэнээ бэлэглэх хүн олон гарна гэдэгт эргэлздэггүй. Цогцосноос донор авахад эмч нарын баг оролцох ёсгүй хэмээн хуульчилсан байдаг. Тусгай зохицуулагч эмч гэж бий. Эд эсийн болон эрхтэний тохиргоог шинжлэхгүйгээр өвчтөнд бөөр суулгах боломжгүй. Олон улсын түвшинд хийгддэг бүх шинжилгээг Монголд хийдэг юм. Эрхтэн шилжүүлэн суулгасны дараа дархлаа дарангуйлах 2-3 төрлийн эмийг насан турш ууна. Эдгээр эмийг улсаас үнэ төлбөргүй олгодог. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын бэлтгэл ажил, мэс засал, мэс заслын дараахь шатны хяналт олон улсын түвшинд хүрсэн гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
-Эмнэлгийнхэн өвчилсөн хүн л эмчилдэг. Үнэндээ өвчлөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ эрүүл мэндийн салбарынхан авдагүй гэх шүүмжлэл бий. Бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэр зохион байгуулж байна вэ?
-Хуучин нийгмийн үед Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөрний тасагт үзлэг хийх, оношлох, хэвтэж эмчлүүлэх үүрэгтэй хяналтын эмч ажилладаг байсан. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр, төсөв мөнгө байхгүй гэдгээр шалтаглан хяналтын эмчийн орон тоог хассан. Энэ асуудлаар олон жилийн турш хөөцөлдсөний эцэст өнгөрсөн жилээс хоёр эмчийн орон тоотойгоор урьдчилан сэргийлэх ажлыг явуулж байна. Нийслэлийн хүн ам өсөхийн хэрээр өвчлөл ч нэмэгдэж байна.
-Эрүүл мэнд, спортын яам сүүлийн жилүүдэд хавдарын өвчлөлд маш их анхаарал хандуулж ажиллаж байна. Үнэндээ бусад өвчинд төдийлэн анхаарал хандуулж чадахгүй байна. Улс төрийн томилгоогоор салбарын сайдыг томилдог нь эрүүл мэндийн салбарыг сөхрүүлж байна гэх үзэлтэй хүмүүс ч бий. Энэ талаар таны бодол?
-Эрүүл мэндийн салбар элгээрээ мөлхөж бодлого алдагдсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Шадар сайд маань юун эрүүл мэндийн салбарыг анхаарах байтугай байгалийн гамшигтай тэмцэж ядан байна. Төсөв хөрөнгийн хомсдолтой, бодлого барьдаг сайдгүй учраас эрүүл мэндийн салбарын ажил урагшлахгүй нь ойлгомжтой. Хэдэн эмч нарын хүчинд л энэ салбарын ажил явж байна. Хуучин нийгэм буюу социалист системээр л ажиллаж байна энэ салбарынхан. Дорвитой бодлогын өөрчлөлт хийхгүй бол салбарын ажил урагшлахгүй нь. Олон жил ажилласан ахмад эмч нар, доктор порфессорууд, судлаачдаар бүрдсэн баг байгуулан цаашдын хөгжлийн тухай 10-20 жилийн бодлого боловсруулах хэрэгтэй. Шорон барьдаг мөртлөө эмнэлэг барихгүй байна гэдэг ч ортой үг шүү.
Бөөрний залуу эмч нарыг сургаад орон нутагт томилон ажиллуулдаг. Залуу эмч нар “Бөөрний кабинет байгуулна. Дотрын тасгийн 5-10 оронд бөөрний өвчтэй хүмүүсээ хэвтүүлж эмчилнэ” гээд л өндөр сэтгэгдэлтэйгээр үнэмлэхээ өвөртлөөд хөдөө орон нутагт очдог. Очингуут нь “Төсөв хөрөнгө байхгүй, зүгээр л дотрын эмчээ хий” гээд амбулаторт ажиллуулчихдаг юм. Ингээд хөдөө орон нутагт бөөрний эмчилгээ, хяналт, оношилгоо байхгүй учраас өвчтөн хүндэрч ирдэг. Ялангуяа, бүсийн оношилгооны төв болох Ховд, Өвөрхангай, Дорнод аймагт 10 ортой бөөрний тасаг ажиллуулахад болохгүй юм байхгүй.
-Өнөөдөр олон улсын “Бөөр хамгаалах өдөр” тохиож байна. Энэ жилийн хувьд ямар уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна вэ. Жил бүрийн энэ өдрүүдээр ямар нэгэн байгууллага хамт олонд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг гэж сонссон юм байна?
-Монголд “Бөөр хамгаалах өдөр”-ийг 2009 оноос тэмдэглэж ирсэн уламжлалтай. Анх 2006 оноос дэлхийн бөөрний эмч нарын санаачилгаар бөөрний өвчлөлийн эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн юм. Өдгөө дэлхийн 200 гаруй улс “Бөөр хамгаалах өдөр”-ийг тэмдэглэдэг. Жил бүр өөр уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Бөөрний архаг өвчин ба хүүхэд” гэсэн уриан дор тэмдэглэх гэж байна. Хүн амын өвчлөлийг халдварт болон халдварт бус гэж ангилдаг. Халдварын бус гаралтай өвчлөлийн 60-70 хувийг бөөрний өвчлөл эзэлдэг гэсэн олон улсын статистик бий. Бөөрний өвчлөл хүндрэхээр бөөрний архаг дутагдалд орж хөдөлмөрийн чадвар алдагдан эрүүл мэндээр хохирдог. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гол зорилго нь, бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт оношлох, эмийн хангамжийг сайжруулах, төсөв хөрөнгийн хувиарлалтыг нэмэгдүүлэхэд төр засгийн удирдлага болон олон нийтийн анхаарлыг хандуулах юм.
Хүн ардын эрүүл мэндийн төлөө бөөрний өвчлөлийн чиглэлээр сургалт эмчилгээ хийдэг гол бааз нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төв юм. Бөөр хамгаалах дэлхийн өдрийг тохиолдуулан бөөрний өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэддээ хүргэж байна. Жил бүрийн энэ өдөр нэг байгууллага хамт олонд урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг уламжлалтай. Өнгөрсөн жил Төв аймгийн Батсүмбэр суман дахь Ахмадын асрамжийн газрын 100 гаруй ахмад настанд үзлэг хийсэн.
Энэ жил Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдэд чих хамар хоолой, эхо, шүд, эмэгтэйчүүд, элэг цөсний чиглэлээр урьдчилан сэргийлэх үзэг хийх юм. Эм тариаг үнэ төлбөргүй тараана. Онош нь тогтоогдсон хүнд өвчтэй хүмүүсийг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шилжүүлэн эмчлэнэ. Мөн ухуулга сурталчилгааны ажил хийнэ. Тус сумын цэцэрлэгийн хүүхдүүдэд шүдний сойз, оо зэргийг бэлэглэнэ. “Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэсэн хуучны үг бий. “Таны эрүүл мэнд таны гарт байгаа” эрүүл мэнддээ байнга анхаарал тавихыг иргэддээ уриалъя.
Л.Батбаатар
Эх сурвалж: www.assa.mn
URL: