Тэмээчдийн чадвар жуулчдыг гайхшруулав
“Тэмээн поло-2016” улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймгийн Даланзадгад хотод гуравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөсөн.
Энэ жилийн поло тэмцээн цаг уурын хувьд тааламжгүй, цасан шуургатайд болно хэмээн зарласан ч оролцогчдын хүрээ өмнөх жилүүдээс ч өргөн байгаа нь урьд өдрийн техникийн зөвлөгөөн дээрээс харагдсан юм. Одоогоос 15 жилийн өмнө тэмээн пологийн улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймагт зохион байгуулагдаж байжээ. Харин 15 жилийн дараа дахин болж байгаа нь энэ бөгөөд Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай, Баянхонгор, Өвөр Монголын өөртөө засах орноос нийт 19 баг оролцсон юм.
Ер нь тэмээн пологийн улсын уралдаанд Өмнөговь, Дундговь аймгийнхан өнгөтэй оролцдог байна. Харин сүүлийн жилүүдэд Дорноговь аймаг, тэр дундаа Сайхандулаан сумын тэмээчид амжилт үзүүлэх болжээ. Түүний нэг нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Дулаан-1 баг байлаа. Тоглолтын талбайд гарахаас эхлээд хашир туршлагатай тэмээчдийн хараанд өртөж, “Сайн тоглолт”, “Чадвартай тэмээчид” гэх магтаалыг ч сонсч байв.
Энэ жилийн хувьд Говь-Алтай аймгаас анх удаа тэмээн полод хүч сорихоор Чандмань сумынхан иржээ. Тэд 700 гаруй км-ийн цаанаас есөн тэмээтэйгээ 10-уулаа ирсэн байв. Говь-Алтайчуудын хувьд тэмээг олон жил маллаж, ачлага, уналгандаа хэрэглэж ирсэн ч поло тэмцээнд төдийлөн туршлагагүй гэдгээ учирласан. Мөн тэмээн пологийн хөгжил ахисаар байгааг энэ үеэр “Тэмээн Поло” спорт уралдаан, аяллын холбооны нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяр онцолж байлаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд тэмээн пологийн мастер зэрэгтэй 70 гаруй тамирчин бий. Энэ дунд ур чадвараараа шигшээд шалгарахуйц шилдгүүд ч бий гэдгийг дурдсан юм.
Тэмээн пологийн нэг баг 4-5 хүнтэй. Тэмээн дээрээс бөмбөг цохиж эсрэг багийнхаа хаалганд оруулна. Нэг ёсондоо хөлбөмбөгийн дүрмээр тоглоно. Тэмцээний хамгийн “халуухан”, “гал гарсан” тоглолт нь Өмнөговь аймгийн Манлай сумын хоёрдугаар баг, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нэгдүгээр багуудынх байв. Туршлага, чадварын хувьд эн тэнцүү хоёр багийн тоглолтын үеэр үзэгчдийн дуу ч чангарч, хашхирч, цовхорч, үглэж өөр өөрийнхөөр тамирчдадаа хүч өгөн дэмжиж байлаа.
Тэмээн поло тэмцээнд зөвхөн Өмнөговь аймгийн ард иргэдээс гадна Улаанбаатар, зэргэлдээх аймгуудаас зочид иржээ. Ялангуяа Өвөр Монголын үзэгчид, Европын жуулчид ихээр цугларсан харагдана. Ийнхүү хүч тэнцүү залуусын тоглолтыг Дорноговь аймгийн Сайхандулаан сумынхан 3:0-ээр хожсоноор хүрэл медалийн эзэн болсон юм. Үүний дараа алтын төлөөх тоглолт Өмнөговийн Манлай нэг, Өмнөговийн Булган сумынхны дунд өрнөлөө. Ийнхүү Өмнөговь аймгийн Манлай сумын нэгдүгээр багийнхан хоёр хос алтан медалиар энгэрээ мялааж, алтан цомын эзэн болсон юм. Энэ жилийн хувьд тамирчдад хоёр медаль олгож байгаа. Учир нь, 2014, 2015 онд шүлхий өвчний улмаас тэмээн поло тэмцээн зохион байгуулаагүй юм.
Өмнөх жилүүдэд хойшилсон болоод ч тэр үү энэ жил тэмцээний цар хүрээ өргөн, зохион байгуулалт сайтай байгааг нутгийн малчид хуучилж байв. Мөн тэмээгээ ачин 700 гаруй км аялж, уралдааныг зорин ирсэн Говь-Алтай аймгийнхныг ч нутгийнхан бахдан ярьж байлаа. Хэдийгээр тэд медаль хүртэж чадаагүй ч тусгай байрыг шагналыг Говь-Алтай аймгийн тэмээчдэд олгож, цаашид тэмээг өсгөж үржүүлэх, полог хөгжүүлэх үйлсэд нь амжилт хүссэн юм. Мөн Өвөр Монголын Өөртөө засах орноос Өмнөговь аймгийг зорин ирж оролцсон Өвөр Монголын багийнханд ч тусгай байрын шагналыг хүртээв. Энэ оны байдлаар Монгол Улс 360 гаруй мянган толгой тэмээг тоолуулжээ. Тэмээний тоо толгой өмнөх жилээс 20 мянгаар нэмэгдсэн гэх таатай мэдээ байгаа юм. Тэмээний тоо толгойг өсгөж, залуу тэмээчдийг дэмжих ажлын нэг нь тэмээн поло тэмцээн юм. Гэхдээ жил ирэх тусам тэмцээнд оролцох тэмээчдийн бэлтгэл сайжирчээ.
Зөвхөн тэмээн дээр суугаад бөмбөг тоглож ялагчаа тодруулахын зэрэгцээ тамирчдын хувьд хувцас жигдрэлт, зохион байгуулалт, тэмээний өмсгөл зүүсгэлдээ хүртэл анхаарах болсон байна. Говь-Алтай аймгийн Чандмань сумынхны хувьд л гэхэд тэмцээнээ хүндэтгэн монгол хийц бүхий цамц, шар нөмрөгөөр ижилссэн байв. Харин Дорноговь аймгийн Сайхандулаан сумынхны хувьд цэнхэр хувцас, хантаазаар ижилсжээ. Өмнөговь аймгийн Манлай сумынхны хувьд 15 жилийн туршлагатай гэдэг утгаараа ч тэр эхний болон шигшээ тоглолт бүрдээ хэд хэдэн төрлийн монгол, дээл хувцас өмсөж өндөр ач холбогдол өгсөн нь харагдаж байлаа. Энэ хэрээр тэмээн поло тэмцээний өнгө төрх, зохион байгуулалт ч тэр жуулчдыг татахуйц, сайн байна хэмээн тэмээчид онцолсон юм. Мөн энэ үеэр зөвхөн пологийн тэмцээнээс гадна тэмээчдийн уран мэх, ур чадварыг сорьсон шагай шүүрэх тэмцээнийг зохион байгуулав.
Тэмээчин залуусын хурд хүч, самбааг шалгасан энэ тэмцээнд Дорноговь аймгийн Сайхандулаан сум, Өмнөговь аймгийн Манлай сумын тэмээчид амжилттай оролцож тэмээн дээрээс 15 шагай шүүрснээр ялагчаар тодорлоо. Ийнхүү тэмээн поло-2016 улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдлаа. Тэмээний тоо толгойг нэмэгдүүлж, залуу тэмээчдийг дэмжиж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тустай тэмээн поло тэмцээнийг цаашид жил бүр бусад аймгуудад ээлжлэн зохион байгуулах юм байна.
Т.Болор
URL: